| 2008 оны 10 сарын 26
АНУ-ын хэд хэдэн телевизийн сувгаар "Монголчууд" хэмээх мотоциклчдын хууль бус гэмт бүлэглэлийн гишүүдийг баривчилсан тухай хэд хоногийн өмнө мэдээллээ. Америкийн Калифорни мужид төвтэй тус бүлэглэлийн 60 гаруй гишүүнийг хүн амь, танхай, сүрдүүлэг, дээрэм, галт зэвсэг болон хар тамхины ноцтой хэргүүдэд буруутган Калифорниос гадна Вашингтон, Колорадо, Невада, Охайо, Орегон зэрэг мужид нэгэн зэрэг саатуулсан байна.
Холбооны мөрдөх товчоо гурван жилийн өмнөөс дөрвөн нууц ажилтнаа тус бүлэглэлийн эгнээнд нэвтрүүлж чадсанаар "Хар бороо" тусгай ажиллагаагаа эхлүүлсэн аж. АНУ-ын Хууль зүйн сайд Т. О'Брайены хэлснээс үзвэл энэ ажиллагаа мотоциклчдын гэмт бүлэглэлийн эсрэг явуулсан тус улсын түүхэн
дэх хамгийн далайцтай нь болжээ.
Мексикээр дамжуулан АНУ төдийгүй Канадад хар тамхи борлуулах сүлжээтэй болсон "Монголчууд" бүлэглэл анх 1972 үүссэн бөгөөд өдгөө Мексик, АНУ, Канад төдийгүй Италид хүртэл салбартай болж амжсан аж. "Тамын сахиусан тэнгэрүүд" гэгч мотоциклчдын бүлэглэл Латин Америкаас гаралтай хүмүүсийг эгнээндээ элсүүлдэггүй байсан учир тэд нэгдэн нийлж өөрсдийгөө морин дэл дээр дэлхийн талыг байлдан дагуулсан "Монголчууд" хэмээн сүржин нэрлэх болжээ. Эхэндээ энгийн мотоцикл сонирхогч гишүүд цөөнгүй байсан тус бүлэглэл аажмаар мафийнхны нөлөөнд автан зохион байгуулалттай гэмт хэргийн нэгэн уурхай болсон байна.
"Монголчууд" өөрийн гол өрсөлдөгч "Тамын сахиусан тэнгэрүүд"-тэй байнга сөргөлдсөөр ирсэн бөгөөд 2002 онд Невада мужийн нэгэн казинод буудалцсаны улмаас гурван хүн амь үрэгджээ. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын эхээр "Тамын сахиусан тэнгэрүүд"-ийн Сан Францискогийн удирдагч М. Гвардадо баарны үүдэнд буудуулж амиа алдахад цагдаагийнхан "Монголчууд" бүлэглэлийн К. Аблетт гэгчийг эрэн сурвалжилж эхэлсэн юм байна.
Баривчлагсдын дунд тус бүлэглэлийн тэргүүн асан Р. Кавазос хүртэл байгаа аж. АНУ-ын Хууль зүйн яам түүнчлэн нөлөө бүхий гишүүдээ алдсан "Монголчууд" гэмт бүлэглэлийн таних тэмдэг бүхий хувцас эд зүйл хэрэглэхийг орон даяараа хориглох төлөвтэй.
Миний Булан-д нэмэх
Танилдаа илгээх
Уншсан: 4604
Нийт сэтгэгдэл (5)
RSS1. eh huurhii
Bidnii neriig neg iimerhuu l gemt hereg, buzar bulai yumnuud urdaa barih yum daa. Saih saihan zuils alaga uu tsaana chin?







