| 2012 оны 1 сарын 28
“Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-н өдөр буюу 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, “15 минут” студийн продюсер Ёндонсамбуугийн Батбаяр “Алтан гадас” одон хүртлээ. МУ, АНУ-ын хооронд димломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буй баярын үеэр эх орондоо очоод байсан түүнд, 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дашжамцын Баттулга төрийн дээд шагналыг гардууллаа.
Студийнхаа продюсер, компьютер графикч Соёлын Тэргүүний ажилтан Ё.Батбаяр нь “Хөгжлийн гарц”, “Америкийн өнгө” танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийн зохиогч, хөтлөгч юм.
2005 онд “Хөгжлийн гарц” нэвтрүүлгээр хүргэсэн мэдээ мэдээлэл, ярилцлагыг “Зууны мэдээ” сонинд үзэглэн буулгах ажлыг санаачилснаас гадна “Америкийн өнгө” нэвтрүүлгийг “орлоо”, “мэдээлэл” зэрэг онлайн сувгууд дээр тогтмол байршуулсан. Дэлгэцийн урлагт хуримтлуулсан туршлага, ур чадвар дээрээ тулгуурлан “15 минут” студи нь 2007 онд Вашингтон хотыг зорин ирж, АНУ-ын Төрийн Департментын харьяа Гадаадын Хэвлэл Мэдээллийн Төвд хамгийн анх удаа МУ-ыг төлөөлсөн суурин гишүүн болжээ. Ийнхүү албан ёсоор ажилласнаас хойш Америк дахь Монголчууд болон АНУ-МУ-ын харилцааны онцлох үйл явдлуудыг сурвалжлан, мэдээ мэдээлэл бэлтгэж, UBS, ТВ5 телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулсан байна.
Монголын UBS телевизээр Мягмар гариг бүр шинэчлэгддэг “Америкийн өнгө” нэвтрүүлгийн анхны дугаарыг 2008 оны 10 сарын 21-ны өдөр цацсныг
үзэгчид тодхон санаж байгаа байх. Гол зорилго нь, АНУ дахь эх сурвалжаас бэлтгэсэн, хүртээмжтэй нийтлэг мэдээллүүдийн тусламжтай хүмүүс хоорондоо хүсэл сонирхлоороо нэгдэх, хамтран ажиллахад гүүр болох эрмэлзэлтэй юм. Одоогоор их гүрний өнцөг булан бүрээс 120 гаруй цуврал шинэ дугаарыг хүргээд байна.
Дуу дүрсний чанар, эфирийн давтамжаараа ялгарах тус бүтээл “мэргэжлийн түвшинд”, “АНУ-аас хамгийн анх удаа”, “эх орондоо болон дэлхийгээр тархан суугаа нийт Монголчууддаа зориулан хүргэдэг” гэсэн тодотголтойгоороо онцлог юм. “15 минут студи” нь байгуулагдсан цагаасаа эхлэн төслийн санаа, түүний хэрэгжилт, хүний нөөц, техник технологийн асуудал, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрээ бие даан шийдвэрлэж ирлээ.
Уран бүтээлчдийн зүгээс, “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг шиг үргэлж эерэг цэнэг өгч дэмжиж байдаг нийт үзэгчид, нэвтрүүлгийн оролцогчид, ивээн тэтгэгчид, хамтран ажилладаг бүх хүмүүст талархаж явдгаа чин сэтгэлээсээ илэрхийлж байна.


Энэ дашрамд, 2011 оны хавар “ Соронз” сэтгүүлээс Ё.Батбаяртай хийсэн ярилцлагыг хэсэгчлэн дамжуулж байна. Түүнээс юун түрүүнд, “Та Холын Америкт ажиллаж амьдардаг Монголчуудынхаа талаар нэвтрүүлэг хийж хүргэдэг. Энэ хугацаанд хэр олон хүнтэй уулзаж, ажил амжилтыг нь үзэгчидтэй хуваалцав? Анх нэвтрүүлэг хийх болсон шалтгаан?” гэж асуухад ийнхүү хариулжээ.
Юуны өмнө, Монголын олон мянган уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Монголд хамгийн их эрэлттэй “Соронз” сэтгүүлд АНУ-аас зочлох боломж олдсонд талархаад, Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Вашингтон хотноо байрлах манай “15 минут” студи АНУ-д мэндэлсэн уран бүтээлүүдээ туурвиад 4 жил гаруй болж байна. Харин “Америкийн өнгө” нэвтрүүлэг хэдийнээ 3 нас хүрсэн. Бид Монголд байхдаа UBS ТВ-тэй хамтран ажиллаж, “Хөгжлийн гарц” нэвтрүүлгийг мөн Мягмар гариг бүр шинэчлэн, яг одоо “Америкийн өнгө “нэвтрүүлэг гардаг цаг дээр үзэгч түмэндээ хүргэдэг байсан. Энэ тухай дурссан нь “Америкийн өнгө” нэвтрүүлгийг хийх болсон шалтгаан “Хөгжлийн гарц” нэвтрүүлэгтэй салшгүй холбоотой.
“Хөгжлийн гарц” нэвтрүүлгийн гол агуулга нь гадаад улс орнуудын хөгжлийн гаргалгаа, улс төр эдийн засгийн тогтолцоо, хүн ардынх нь боловсролын түвшин гээд олон асуудлыг тайлбарлан харуулдаг байсан. Бас нэвтрүүлгээр хүргэсэн мэдээллээ “Зууны мэдээ” сонинд нийтэлдэг байлаа. Энэ утгаараа, гадаадын Элчин Сайдын Яамд, Суурин Төлөөлөгчийн газрууд, гадны хөрөнгө оруулалттай компаниудтай холбоотой ажилладаг байсан. Иймээс АНУ-ын ЭСЯ-тай ажил хэргийн шугамаар холбоо тогтоож, сайн харилцаатай болсон юм.
Тухайн үеийн АНУ-ын Элчин Сайд Марк Минтон, тус яамны хэвлэл мэдээллийн алба, түүний комиссар Алексей Клартай сэтгүүлзүйн салбарын талаар санал бодлоо солилцдог, цаашид мэдээ мэдээллийг чанаржуулж, үзэгчдэд илүү их, бодитой мэдээлэл, сурвалжлага хүргэх талаар ярилцдаг байлаа. Ингээд 2007 оны 2 сард хамгийн анхны удаа Америкт, дараа нь 7-р сард дахин Вашингтон хотноо ирсэн. Тус үеэр АНУ, түүний нийслэлийн талаар цуврал нэвтрүүлэг бэлтгэн, нутаг руугаа буцаж ирэхдээ “Voice of America”, ОХУ-ын ЭСЯ-ны харьяа Соёлын төв зэрэг байгууллагад ажилладаг мэргэжлийн олон найз нөхөдтэй болж, бас Америкт амьдардаг Монголчуудынхаа заримтай нь уулзан танилцсандаа олзуурхаж билээ. Ингээд АНУ-ын ЭСЯ-ныхантай дахин уулзаж санал солилцох үеэр, бие даан нэвтрүүлэг хийх төсөл боловсруулснаа дуулгаж, түүнийг амжилттай болгох боломж байгааг тайлбарласнаар “Америкийн өнгө” нэвтрүүлэг төрөн гарсан даа.
Бид Америкт Монголчууд хамгийн их төвлөрсөн Вашингтон хотод байрших нь хамгийн тохиромжтой гэдэг дээр санал нэгдсэн, мөн АНУ-ын төрийн байгууллагууд, МУ-ын ЭСЯ энд байрладаг тул тус төслийн хажуугаар бодит мэдээлэл, сурвалжлагаа хүргэхэд дэмжлэг үзүүлэн АНУ-ын Төрийн Департмент буюу Гадаад Хэргийн Яамны Хэвлэл Мэдээллийн Төвтэй холбож өгсөн. Ингэснээр АНУ-д хамгийн анх удаа Төрийн Департментын Хэвлэл Мэдээллийн Төвд бүртгүүлж, Монгол улсын хэвлэлийн албан ёсны суурин гишүүн болсон юм. Энэ дашрамд, биднийг анхнаас нь дэмжсээр ирсэн UBS телевизийн хамт олон болон АНУ-ын ЭСЯ-нд талархаж явдгаа илэрхийлье. Ингээд гэр бүлээрээ 2007 оны 9 сард АНУ-д хүрэлцэн ирж байлаа.
Эхний нэг жил гадаад оронд тулгардаг олон асуудлууд болох орон гэртэй болох, үр хүүхдээ сургуульд бүртгүүлэх, шинэ газарт танилын хүрээгээ тэлэх, студиа байгуулах гэсэн олон ажил ундран гарч ирж байлаа. Хэдийгээр нэвтрүүлгээ шууд эхэлж чадаагүй ч UBS, ТВ5 зэрэг телевизүүдэд хоёр орны харилцааны онцлог үйл явдал, Америк дахь Монголчуудын дунд өрнөсөн арга хэмжээнээс мэдээ мэдээлэл бэлтгэн явуулж байсан. Ингээд төлөвлөж төсөөлж байсан нэвтрүүлгийн анхны дугаар 2008 онд бэлэн болж, цэнхэр дэлгэцээр болон онлайнаар дамжуулан хүргэсэн. Энэ нь Америкт ажиллаж байгаа болон энд зорин ирсэн хэдэн зуун иргэдийг эх нутаг, дэлхийд тархан суугаа гэр бүлийнхэн, найз нөхөдтэй нь уулзуулж, баяр баясал авчирснаас гадна Монголын нийт үзэгчдэд Америк дахь Монголчуудаараа дамжуулан их гүрний өнгө төрхийг харуулж билээ.
-Таныг Америкийн “газрын зураг” гэж нэрлэж болох байх. Монголын олны танил хүмүүс хаана яаж шуу амьдарч байна?
Нэг найз маань “Америкийг нүхэлж байгаа гэр бүл” гэж хэлээд “нүхлэх гэдэг нь айлд орох гэсэн утгатай” хэмээн тайлбарласны адил Америкийн зүүн эрэг дээр нийслэл Вашингтон хот орчимд байрлангаа нөгөө эргийн Санфранциско, Лос-Анжелос, Лас Вэгас хотууд руу Америкийн нутаг дэвсгэрээр хөндлөн гулд нисэж, хамгийн урт аяллуудаа зохион байгуулсан бол, Атлантын далайн дагуух Дисней Ландын өлгий Орландо хот, 1996 оны Зуны Олимпийг зохион байгуулсан Атланта хот, Казиногийн гол төв Атлантик сити, Америкийн хамгийн том хот Нью Иорк, Харвардын Их сургуулийн төрсөн нутаг Шинэ Английн төв Бостон гээд зүүн эргээ дуусгасан гэж болно. Мөн Америкийн бусад гол хотууд болох Чикаго, Хьюстэн, Филадельфиа, Росчестер, Колумбус гээд олон хотууд руу автомашин, автобус, трак, онгоцоор аялан хүрч байлаа.
Тэр дундаас Монголын урлагт зүтгэж явсан олон хүмүүс Америкт Монголынхоо нэрийг өргөж яваад бахархдаг. Лас Вэгас дахь Нарны цирк, бусад шоуны уран нугараачид, үүнд Эрдэнэчимэг, Отгонцэцэг, мөн Америкийн нутаг дэвсгэрээр 2 жил тойрон аялдаг “Ringling Bros.and Barnum&Bailey” циркийн “Blue tour”-т уран бүтээлээ толилуулсан үе үеийн жүжигчид, “Хангал агсны нэрэмжит сан” байгуулаад залуу уран бүтээлчдийг дэмжиж байгаа МУСГЗ Ягаанцэцэг гээд урлагийнхныг нэрлэвэл тоолшгүй их. Тэднээр дамжин Монгол хүний гайхамшигт авьяасыг бахдан биширч, үндэсний хувцас, гэр хэрэглэлийг таньдаг. Соёл урлагаар дамжин хүн хоорондын харьцаа, цаашлаад улс орны харилцааны гол хаалга нээгддэг гэвэл санал нийлэх байх.
Эдгээр хүмүүсийн зарим нь сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажлаа хийж яваа бол, зарим нь өөр ажил хийхийн хажуугаар уран бүтээлээ үргэлжлүүлж, сайн дураараа эх орноо сурталчлан явдаг.
-Америк руу хошуурч байгаа, ер нь л гадны орныг зорьж байгаа Монголчуудынхаа талаар та ямар бодолтой байдаг вэ?
Зөв, бид гадагшаа гарч гадны техник технологи, хөгжлийн нууцыг мэдрэх, мэдэх хэрэгтэй. Ингэснээр бид улс орноо хөгжүүлэх гарцыг тодорхойлж чадна. Залуучууд мөнгө олох сонирхлоор гадагшаа гарч байгаа боловч мөнгөнөөс чухал оюун санаа, үзэл бодол, соёлын нээлт хийж, туршлага хуримтлуулдаг.
Дийлэнх Монголчуудыг гадаад орондоо үлддэггүй гэж боддог. Өнөөдөр Монгол улсын хөгжлийн шинэ тэсрэлт ирж байгаатай холбоотойгоор эх нутаг руугаа буцах урсгал илүү байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Хүмүүстэй уулзаад нэвтрүүлэг хийгээд явж байхад сонин содон тохиолдлуудтай таардаг байх? Тэр тохиолдлуудаасаа яриач?
Зарим буйдхан газарт Монгол хүн бусад Монголчуудыгаа танихгүй амьдарч байхад, зарим хотод байгаа цөөн Монголчууд хоорондоо эвтэй, бүгдээрээ цуглаад нэвтрүүлгээр хамтдаа оролцдог. Тэгээд 2009 онд Бостон хотноо нэвтрүүлэг бэлтгэх үеэр, тэнд 3 жил Америк айлд амьдран, өндөр настай эмээг асрах ажил хийж буй нэгэн бүсгүйтэй уулзсан.
Тэрээр хотоос зайдуу амьдарч, утсаар гэр бүл, найз нөхөдтэйгээ харьцдаг байсан тул бидэнтэй нүүр тулан уулзсандаа баяртай байсан. Нэвтрүүлгийн төгсгөлд бидэнтэй, үзэгчтэй салах ёс хийнгээ уйлахад, Харвардын Их сургуульд багшилдаг эмээгийн ганц охин нь бас нулимсаа залгиад “та нар харж байна уу, бид нэг гэр бүлийнхэн” хэмээн түүнийг тэвэрч тайвшруулсан. Гэр, төрсөн нутаг, үр хүүхдээсээ хол Монгол бүсгүй эцэст нь тайвширч, сэтгэл өөдрөгөөр биднийг даллан үдсэн билээ. Тэр дүр зураг гадаадад байгаа олон Монгол хүний тэсвэр хатуужлыг харуулдаг.
-Тэмдэглэлт баярүудыг их өргөн тэмдэглэдэг гэсэн?
Монголчууд ихээр төвлөрсөн Америкийн баруун эргийн Сан Францискогийн булан орчим, нийслэл Вашингтон хот, түүний залгаа мужууд болох Виржиниа, Мэрилэндад амьдрах Монголчууд, мөн Чикаго хотын Монголчууд гээд тус тусдаа тэмдэглэлт баяруудыг ихэвчлэн хийдэг. Үнэхээр ч газар нутаг уудам тул нэгдэх боломж бага ч урлагийн тоглолтууд ээлжлэн айлчилдаг.
Хамгийн өргөн болдог баярын үдэшлэг нь Шинэ оноо угтах, өнгөрсөн оны шилдгүүдээ тодруулах Төв Ёлка гэж болно. Хэрвээ АНУ дахь эдгээр хотуудад байршдаг вэбсайтуудын фотозургийн цомгийг сонирхвол хэр өргөн, сайхан болдгийг харах боломж бий.
Өнгөрсөн удаад, манай студи 2010 оны Хэвлэл мэдээллийн шилдэг хамт олноор шалгарсан. Харамсалтай нь бид оролцоогүй. Зарим арга хэмжээний дүрс бичлэгийг хийдэг ч, зарим тохиолдолд аялалтай давхцдаг. “Март-8”-нд Ээжүүдийн баяраар, манай гэр бүлийн хүн гэрээ, нутгаа санаад хямарсан ажиглагддаг. Бид бусдыг сурвалжлах тал дээр санаа тавьдгаас баяр амралтаа зохицуулах тал дээр маруухан юм байна.
-Та ер нь мэргэжлийн сэтгүүлч үү? Монголоор бол “Танайд хоноё” шиг л явдаг. Зардал мөнгийг яаж зохицуулдаг вэ?
Сэтгүүлчийн мэргэжлийн димлом өвөртлөөгүй ч “Хүн ажлыг голдоггүй, Ажил хүнийг голдог” гэсэн үгийг дотроо бодож явдаг. Уран бүтээлээ өлгийдөж, зүрх сэтгэлээ зориулах болоод удаж байна. Үүнийг төр засаг, ард иргэдээс үнэлж, өнгөрсөн онд Соёлын Тэргүүний ажилтан цол олгосон тул улам их хичээх үүрэг хариуцлага хүлээсэн гэж ойлгож байгаа.
Продюсерын хувьд уран бүтээлээ хэрхэн санхүүжүүлэх талаар үргэлж санаа тавьж, өөрсдийн нөөц бололцоог ашиглаж ирсэн. Нэвтрүүлэг үзэгчдийн таашаалд нийцэж, олон дэмжигчтэй болсноор сүүлийн үед Монголоос хамтран ажиллах саналууд ирж, одоогоор “НВЦ”, Юнител, Спирт Бал Бурам, мөн Америкт байгаа “БидМонгол Экспресс”, “ТопМастер”, “Пирамид Гранит” зэрэг компаниуд ивээн тэтгэлэг олгож байна.
-Танай гэр бүлийн хувьд хүссэн хэмжээндээ амьдарч чадаж байна уу?
Хүн мөрөөдөлтэй, түүнийгээ биелүүлж амьдрах сайхан. Монголд бүр хүүхэд үеэсээ Оросын телевизийн нэвтрүүлэг, мэдээнүүдийг үзээд гадаад оронд байнгын суурин төлөөлөгчөөр Хэвлэл мэдээллийн албанд ажиллах юмсан гэж боддог байлаа. Миний энэ мөрөөдлийн эзэн болсон “Россия1” сувгийн мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлагч Михайл Солодовниковтай би өөрөө Америкт ирээд танилцаад, хамтран уран бүтээл хийх боломж олдсонд баяртай байдаг. Бид ОХУ-ын ЭСЯ-ны харьяа Соёл Урлагийн төвийн мэдээ мэдээллийг бэлтгэн ОХУ руу явуулдаг. Мөн Казахстан улсын ЭСЯ-тай хамтран ажиллаж байна. Энэ бүхнээс бас багагүй хэмжээний ашиг хүртдэг тул бид өөрсдийнхөө хэмжээнд дажгүй амьдарч байна гэж боддог.
-Монголдоо ирж суурьших хүсэл байгаа юу? Хэзээ ирэх вэ?
Уран бүтээл, зүрх сэтгэл, оюун бодлоороо үргэлж Монголдоо, Монголчуудтайгаа байдаг. Иймээс жил бүр 1-2 удаа гэртээ ирдэг. Энэ зун бас Монголд очно. Гэр бүлээрээ нутагтаа суурьших талаар бас төлөвлөсөн зүйлүүд бий.
-Америкт байгаа Монголчууд нэгдэж олон арга хэмжээ, ажил зохиодог байх. Хамгийн том, бахархмаар ажлуудаас нь та яриач?
Чикаго хотноо 2010 оны 11 сард Хойд Америк дахь хүнд даацын машины Монгол жолооч нарын анхдугаар уулзалтыг хийж, Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн төвд сурч амьдардаг өнчин хүүхдүүдэд компьютер хандивлаж, интернэт сүлжээг суурилуулах ажлыг зохион байгуулсан. Тус арга хэмжээг хэвлэл мэдээллээр сурталчлах, Улаанбаатар хотноо хүлээлгэн өгөх үүргийг надад өгсний дагуу “Америк дахь бизнесийн боломжууд” семинартай давхцуулан өөрийн биеэр хүүхдийн төлөө буянтай үйлсэд оролцсон.
Дуучин Ж.Болормаа, Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, жүжигчин Б.Болдбаатар гээд Америк дахь уран бүтээлчид нэгдэн, 2008 онд “Учиртай гурван толгой” дуурийг найруулан тайзнаа амилуулсан.
Санфранциско, Денвер, Чикаго, Вашингтон Ди Си хот орчмын тамирчид оролцсон Америк дахь Монголчуудын Хөлбөмбөгийн тэмцээнийг хотууд жил бүр ээлжлэн зохион байгуулж, аваргуудаа тодруулдаг.
Монгол Соёлын Төв,бусад газруудтай хамтран Монгол хэл дээрх “Монгол судлалын бага хурал” хийдэг. Вашингтон хот орчмын Монгол сургууль үйл ажиллагаагаа явуулаад 4 жил болж байна. Тус сургуульд Монгол хэл түүх, ёс заншлын хичээл зааж, Үндэсний бүжгийн дугуйлан хичээллүүлдэг. Суралцагчид эх орноо сурталчлах арга хэмжээнүүдэд оролцож тоглолтоо толилуулж ирсэн.
-Ярилцлагынхаа төгсгөлд Монголчууддаа хандаж юу хэлмээр байна?
“Соронз” сэтгүүлийн хамт олон, уншигчдад аз жаргал хүсье.
Гадаадад мэргэжил эзэмшээд, Монголдоо эргэн ирж, эх орноо хөгжүүлэх үйлсэд оролцож яваа залуу үеийнхнээрээ бахархдаг. Иймд хувийн зардлаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчнүүдийг Монголын Засгийн Газраас дэмжиж, Монгол улсын хөгжилд хэрэгтэй ажил мэргэжлээр ажилласан тохиолдолд сургалтын зардлыг нөхөн олгох хөтөлбөр хэрэгжүүлбэл улсын зардлаар боловсон хүчин бэлтгээд, гадаадад алддгаас илүү үр дүнтэй болох болов уу гэж боддог. Ингэснээр олон Монгол өрхийн шилдэг охид хөвгүүд гэртээ эргэн ирнэ гэж найдаж байна. Баярлалаа.







