| 2008 оны 11 сарын 28
Аливаа хууль тогтоомжид цагийн эрхээр нэмэлт өөрчлөлт оруулах нь элбэг тохиолддог боловч уг хуулийн агуулга, бүтцийг өөрчлөхүйц нэмэлтийг “шинэчлэл” гэж нэрлэдэг. АНУ-ын ерөнхийлөгч нар бүрэн эрхээ дуусгахын өмнө өршөөл, цагаачлалын гэх мэт асуудлаар шийдвэр гаргасан уламжлал байдаг.
Эдгээр болон бусад хүчин зүйлийн улмаас Цагаачлалын хуулийг шинэчлэх асуудал хоёр жил гаруй идэвхтэй яригдсан боловч АНУ-ын Сенат 2007 оны зургадугаар сард хэлэлцээд хуулийн 800 гаруй хуудас төсөл, түүнд нэмж оруулах 27 өөрчлөлтийг 46:53 саналаар батлаагүй билээ. Энэ явдал хуулийн төслийг санаачилсан, дэмжсэн ялангуяа 20 гаруй жил үргэлжилсэн цагаачлалын асуудлыг шийдвэрлэснээр түүхэнд нэрээ үлдээхийг чармайсан хууль тогтоогчид, хууль бус 12-20 сая цагаачид, тэдний төрөл төрөгсдийн урмыг хугалсан боловч цаашид хэрхэх бол гэдэг хүлээлт үүсгэсэн.
Сенат нэгэнт батлаагүй болохоор Төлөөлөгчийн танхим дорвитой шийдвэр
гаргалгүй хилийн хамгаалалтыг чангатгах, ажил эрхлэлтэд хяналт тогтоох,
хууль сахиулах ажиллагааг сайжруулах гурван зорилт бүхий Нягтлан
шалгаж, Хуулийг хэрэгжүүлдэг, Хамгаалагдсан Америк (Secure America with
Verification and Enforcement -SAVE Act ) хуулийн төсөл (H.R.4088) –ийг
Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хиит Шулэр өргөн барьсныг баталсан. Энэ
хуулийн төсөлд багтаагүй хууль бус цагаачдад өршөөл үзүүлэх асуудлыг
олон хүн анхааралтай ажиглаж байна.
“SAVE Act” хууль
Товчоор “SAVE Act” гэж нэрлэгдсэн хуульд ойрын дөрвөн жилийн хугацаанд
хилийн хамгаалалтыг чангатгаж, цагаачлалын хуулийн сахиулах ажиллагааг
сайжруулахаас гадна хилийн байцаагчдын тоо, тэднийг ажилд шинээр
элсүүлэх, сургаж дадлагажуулахад зарцуулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх,
хилийн дагуу агаараас тандах, хэт богино долгионы тоног төхөөрөмж
суурилуулах гэхчилэн харуул хамгаалалтын орчин үеийн техник хэрэгслийг
ашиглах, цагаачлалын хуулийг сахиулахаар орон нутгийн байгууллагуудтай
хамтарч ажиллан цагдаагийн 1200 байцаагчийг Цагаачлал, Гаалийн албаны
тусгай сургалтад хамруулах, мансууруулах бодис дамлагчид, хил
зөрчигчдөд хөл залгуулж хулгайн тээвэр эрхлэгчид, хил орчимд
баривчлагдагсдын хэргийг шуурхай таслан шийдвэрлэх үүднээс Холбооны 13
шүүгчийн нэмж томилохоор тусгагдсан. Тэрчлэн, хууль бус цагаачдын ажил
эрхлэлтэд хяналт тавих зорилгоор E-Verification хөтөлбөрийг
хэрэгжүүлэхээр заасан. Ажил олгогч нар шинэ хүнийг ажилд авахдаа
нийгмийн даатгалын хувийн дугаар, хилээр нэвтэрсэн огноо, визийн
ангилал, ажил эрхлэх зөвшөөрлийг нь интернэт ашиглан Холбооны засгийн
газрын мэдээллийн сантай тулгаж шалгах учиртай эл хөтөлбөр тэдний ажлыг
өмнөхөөс хялбар, шуурхай болгосны дээр баримт бичгийн үнэн зөвийг
нягталж тогтоох үүргээс чөлөөлсөн. Шинээр ажилд орсон хүн бүрийг 90
хоногийн дотор ингэж шалгах тул аль нэг хувь хүн, үндэстэн, ястныг
ялгаварлахгүй. Нөгөөтэйгүүр цөөн боловч алдаа гарсан тохиолдолд ажил
олгогч бус төрийн мэдээллийн санг бүрдүүлэх, шинэчилж байх үүрэгтэй
Дотоодыг аюулаас хамгаалах яаманд хариуцлага ногдох тул эл хөтөлбөрийг
ажил олгогчид ашиглаж эхлээд байгаа юм.
Сенат цагаачлалын хуулийг шинэчлэх төслийг батлалгүй буцаасанд олонхийн
бүлгийн удирдагч Х.Рэйд “Биднийг шинэ ерөнхийлөгчтэй, шинэ Конгресстой
болох хүртэл цагаачлалын асуудал хүлээгдэх боллоо” гэж дүгнэсэн юм.
Массачусэтс мужаас сонгогдсон, тархиндаа хүнд мэс засал хийлгээд саяхан
ажилдаа эргэж орсон сенатч Эдвард Кеннеди “манай хил жилээс жилд
зөрчигдөж, бид ажилчдыг мөлжиж, манай оронд хүмүүс айдастай аж төрдгийг
өөрчлөх цаг болсон” мэдэгдсэн нь 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн
цагаачлалын асуудалд том нөлөө үзүүлж болзошгүй гэдэг найдварыг
төрүүлсэн билээ.
Хуулийн шинэчлэгдээгүй шалтгаан, үүссэн байдал
Олон нийтийн санал асуулгад оролцогсдын олонхи цагаачлалын хуулийг
шинэчлэх нь зүйтэй гэж үздэг боловч түүнийг эсэргүүцэгчид цагаачлалын
хуульд олон зүйлийн өөрчлөлт оруулж, хууль зөрчсөн олон сая хүнийг
“өөгшүүлэх ёсгүй” гэдэг байр сууриа хатуу хамгаалсаар байна.
Цагаачлалын асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх зорилт мухардалд орсон тул
түүнийг задалж Зочин ажилчны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө
хил хамгаалалтыг чангатгах гэх мэт хэд хэдэн хувилбар яригддаг.
Өмнөд хилийн 500 километр зурваст хамгаалалтын хана, радар болон
телекамераар ажиглалт хийх 105 цамхаг босгож, хилийн байцаагчдын тоог
20 мянга-д хүргэх, 2012 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд тэдний тоог
дахин 14 мянгаар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. АНУ-д хууль бус цагаачдын
тоо жилд 0.8 саяар нэмэгддэг, тэднээс 0.3 сая хүн албан хүчээр болон
өөрсдийн хүсэлтээр буцдаг гэлцдэг. Ажилласан жил, гэмт хэрэгт холбогдож
байгаагүйгээ нотолбол хуулийн дагуу оршин суух эрх олгохоос гадна
тодорхой хэмжээний хураамж төлж визээ сунгуулах, байнга оршин суухын
тулд нутагтаа хариад хүсэлт гаргах, тус улсын өмнөд хилийн 150 километр
орчим зурваст торон хаалт, 40 орчим км газарт радарын болон
теле-камерийн хамгаалалттай байгааг нэмэгдүүлж 1100 км газарт хэрмэн
хана босгохоор Конгресс 1.2 тэрбум ам.доллар баталсан, Ж.Бушийн засаг
захиргаа 2008 онд нэг тэрбум ам доллар зарцуулж, хилийн байцаагчдыг
4600 хүнээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн, харин хамгаалалтын хана босгох
ажил төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүйг Дотоодыг аюулаас хамгаалах сайд
М.Чертофф саяхан мэдэгдэв. Хууль бус цагаачдыг олноор ажиллуулдаг
байгууллагуудад үзлэг шалгалтыг нэмэгдүүлэхээр мөн төлөвлөсөн нь
хэрэгжиж байна. Ажил олгогчид жил бүр мэргэжилгүй таван мянган ажилчныг
байнгын оршин суугчаар, 65 мянган ажилчныг найман сар хүртэлх
хугацаагаар, өндөр нарийн мэргэжилтэй 300 мянган ажилчныг түр
хугацаагаар гадаадаас авч ажиллуулдаг. Дээрх визээр 2004-2007 онд жил
бүр мэргэжилтэй 65 мянган ажилчин ирсэн, хөдөө аж ахуйд хэчнээн ч
хүнийг авчирч ажиллуулж болох ч зөвшөөрөл гаргуулахад нэлээд хүлээгддэг
байна.
2006 онд байнга оршин суух эрх авсан хүмүүсийн 63 хувь нь хуулийн дагуу
оршин суугаа цагаачдын төрөл төрөгсөд, 13 хувь нь ажил олгогчдын
хүсэлт, 21 хувь нь төрөл бүрийн хөтөлбөр, дөрвөн хувь нь бусад шалтгаан
гэдэгт хамрагдсан, мексик (173.753), хятад (87.634), филиппин (74.607),
энэтхэг (61.369), куба (45614) -чүүд зонхилсон байна.
Нэгэнт АНУ-ын харьяат болсон цагаачид гэр бүлийнхэн болон төрөл
төрөгсөддөө байнга оршин суух зөвшөөрөл хүсэх, тус улсын иргэд болон
байнга оршин суугчид өөрсдийн гэрлээгүй хүүхэд, гэр бүлийнхнээ ивээн
тэтгэх эрхтэй боловч тэдний тоог жилд 226 мянгаар хязгаарлаж дотор нь
олон ангилснаас удаан хүлээгсдийн тоо хэдийнээ зургаан сая гараад
байгаа аж. Иймд 2005 оны тавдугаар сараас өмнө хүсэлт гаргасан 5.1 сая
хүний өргөдлийг шуурхай шийдвэрлэх, визийн ангиллуудыг цөөлөхөөс гадна
виз мэдүүлэгчдэд садан төрлийн холбоог бус харин боловсрол, мэргэжил,
дадлага, англи хэлний мэдлэгийн төвшинг чухалчилсан оноо хэрэглэхээр
төлөвлөсөн юм.
Цагаачдыг нийтээр нь өршөөлд хамруулах,”ногоон карт” олгоход садан
төрлийн холбоог эсхүл гагцхүү боловсрол, мэргэжил, дадлагыг
чухалчлахгүй бололтой. АНУ-д эрхэлсэн ажилтай, зүтгэл чармайлттай,
ноцтой гэмт хэрэгт холбогдоогүй хэнийг боловч ногоон карттай эсэх,
хилийг хэрхэн нэвтэрснээс нь үл хамааран алагчлахгүй явж ирсэн
уламжлалтай. Цагаачид хямд хөлсөөр, нийгмийн хамгаалалгүй, олон цагаар
ажиллаж хар бор хамаг ажлыг нугалахаас гадна ноцтой гэмт хэрэгт
холбогдсон тохиолдолд эрүүгийн шүүхээр асуудлаа шийдвэрлүүлсний дараа
хагас жил орчим хоригдож байгаад албадан гаргагддаг учир ажил
эрхлэлтээр нутгийн иргэдээс ямагт дээгүүр, хэрэг зөрчилд холбогдох нь
харьцангуй бага байдаг. Хууль бусаар оршин суугчдыг хуульчлах нь
цагаачдын ажил эрхлэх боломжийг баталгаажуулна. Нөгөөтэйгүүр, 2/3 нь
төрөл садангийн холбоог, 1/6 нь ажил олгогчдын захиалгыг харгалзан
олгогдож байгаа ногоон картыг төрөл садангийн хүмүүст олгохоос
татгалзах нь эдийн засгийн ач холбогдолгүйгээс гадна боловсрол,
мэргэжил, дадлагад үндэслэн оноо олгох нь тэрбүр оновчтой бус, тухайн
хувь хүний ажлын чадварыг бүрэн харгалздаггүй аж. Тус улсын ажлын
байрны 30 орчим хувьд бүрэн дундаас дээш боловсрол шаарддаггүй гэдэг
мэдээ бий. Сенат Зочин ажилчны хөтөлбөрийн хүрээнд 400 мянган ажлын виз
олгохоор төлөвлөж байсан нь нэг талаас боловсрол, мэргэжил үл шаардах
ажлын байрны эрэлт хэрэгцээ арилахгүй, нөгөө талаас хил залгаа Мексикт
ажил хийх хүсэлтэй ажилгүйчүүдийн тоо амар буурахгүйг харгалзсан юм
байна.
Цагаачлалыг эсэргүүцдэг “Immigration Studies Center” гэдэг байгууллагын
тооцсоноор хууль бус цагаачлал АНУ-ын ДНБ-ий 10 шахам хувьтай тэнцэх
дарамтыг тус улсын эдийн засагт учруулдаг. Өөрөөр хэлбэл, хууль бус
цагаачлалыг зогсооход жилд 13 тэрбум ам. доллар хангалттай, түүнээс
давсан зардал эдийн засгийн ашиггүй. Иймд цагаачлалын урсгалыг
зогсооход үлэмж хэмжээний хөрөнгийг зарах зохисгүй гэдэг болгоомжлол
бий. Цагаачдын нийгмийн хамгааллын хуримтлал, орлогын татварыг Холбооны
засгийн газар хурааж авдаг атал тэдний болон үр хүүхдийнх нь боловсрол,
эрүүл мэндэд муж, хотууд хөрөнгөө зарцуулдаг өнөөгийн байдлыг өөрчлөх
шаардлага бас байгаа юм.
Энэ мэтээр цагаачлалын асуудал АНУ-ын дотоодын тулгамдсан, зайлшгүй
шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байна. Харин эл асуудлыг иж
бүрнээр шийдвэрлэх зорилт мухардсантай холбогдон манай иргэдийн найдаж
байсан Зочин ажилчны хөтөлбөр ч тодорхойгүй байдалд ороод байгаа.
Америкийн нийгэм уламжлал ёсоор нааштай хандаж ирсэн цагаачлалын
асуудалд тэдний тоог хязгаарлах зэргээр хатуу хандах явдал нэмэгдэж
байгааг дээрх хуулиудын төсөл батлагдаагүй жишээ харуулж байна.
Ажлын виз болон ажиллах зөвшөөрөл
Цагаачлалын бус бусад ангиллын виз олгодог нийтлэг журамтай хамтруулж
үзэх боловч үндсэн зорилго нь хөдөлмөр эрхлэхэд оршдоггүй оюутан,
дадлагажигч, солилцооны хөтөлбөрт хамаарагддаг болон төлбөр нь
гадаадаас хийгддэг В-1 ангиллын визээр зорчигч ажил хэрэгч хүмүүсээс
ялгаатай авч үздэг.
Бизнесийн В-1, гэрээт худалдаачид, хөрөнгө оруулагчдын Е, онцгой
гавъяа, авъяас чадвартай буюу ховор мэргэжлийн хүмүүсийн Н-1, шинэ
технологи, компьютерын болон цахилгааны инженерийн Н-1В, түр
хугацаагаар ажиллагсдын Н-2, үндэстэн дамнасан бизнесийн салбар хооронд
шилжигсдийн L-1 ангилал багтдаг. Удаан хугацаагаар ажилладаг, олон
улсын чанартай Е, L-1 ангилалтай холбоотой хууль тогтоомж олон ч
агуулга нь ойролцоо. Түр хугацаагаар ажиллагсдын Н-2 ангиллыг хөдөө аж
ахуйн салбарын ажиллагсдын Н-2А буюу бусад салбарт ажиллагсдын Н-2В гэж
ангилдаг. Онцгой амжилт гаргасан , авъяас чадвартай хүмүүсийн Н-1
ангилалд урьд нь сувилагчид, тамирчид, жүжигчид багтдаг байсан боловч
Конгрессоос 1989 онд баталсан хуулиар мэргэжлийн сувилагчдад шинэ Н-1А
ангилал бий болгосноо төдөлгүй Н-1В болгон өөрчилж, бусад мэргэжлийн
болон авъяаслаг ажилчдыг мөн хамааруулдаг болсон. 1990, 1991 оны
хуулийн өөрчлөлтөөр Н-1В ангиллыг зөвхөн нарийн мэргэжлээр хязгаарлаж,
Хөдөлмөрийн нөхцлийн өргөдөл (Labor condition application-LCA)-ийг
шаарддаг болгож, нэг жилд шийдвэрлэх өргөдөлд тооны хязгаар тогтоосон.
Онцгой авъяастай гадаадын хүмүүст О, урлагийн тоглолтоор ирэх жүжигчид,
тамирчдад Р ангилал тогтоон Н-1В ангиллаас хассан. Эдгээр ангиллын
визийн өргөдлийг зөвшөөрөхөөс өмнө холбогдох ажил мэргэжлийн холбоодтой
зөвшилцдөг.
Цагаачлалын өнөөгийн байдал
Цагаачдын дунд ажил эрхлэлт өндөр, хүнд хүчир хөдөлмөрт хямд хөлсөөр
уйгагүй зүтгэдэг, хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол,
барилгын салбарт ажиллагсдын дийлэнхийг бүрдүүлдэг, ар гэрийнхээ
амьжиргаанд болон суугаа орныхоо нийгэм, эдийн засагт тодорхой хувь
нэмэр оруулж байдгийг судлаачид тэмдэглэж байна.
Зоогийн газрын тогооч, зөөгч, хөдөө аж ахуйн ажилчин зэрэг өндөр нарийн
мэргэжил шаарддаггүй, аялал жуулчлал ихтэй зуны улиралд ажиллагсдын
H-2B визийг нэмэгдүүлэхээр ресторан, аялал жуулчлалын салбарынхан,
бичиг баримтгүй боловч чухал хэрэгцээтэй цагаач ажилчдыг хамгаалахаар
испани хэлтэй сонгогчдыг төлөөлдөг Congressional Hispanic Caucus
чармайдаг. Уг бүлэг цагаачлалын хуулийн шинэчлэлээс эхлээд цагаачдын
эрхийг хамгаалах өчүүхэн боломжийг ч алдалгүй аажим аажмаар урагшлах,
шаардлагатай тохиолдолд харилцан буулт хийх байр суурийг барьж Н2В виз
олгох хугацааг сунгах асуудлыг Конгресст хэлцүүлэхээр зорьж байна.
Улирлын ажилчдын H-2B визийг жилд 66 мянган хүнд олгох 3 жилийн
хугацаатай шийдвэрийг 2004 онд гаргасан боловч уг тоо дараагийн
санхүүгийн жилийн эхэнд буюу нэгдүгээр сард дууссан тул өмнөх гурван
жил дараалж ийм виз авсан хүмүүсийг тоог үл хязгаарлах, квотыг зун,
өвлийн улиралд ажиллагсдад тэнцүү хуваахаар Конгресс зохицуулсан.
Гэхдээ эл шийдвэрийн хугацааг сунгаагүй байна. Сенатч Т.Кеннеди,
Ж.Маккайн нарын 2007 онд өргөн барьсан Цагаачлалын хуулийг шинэчлэх
хуулийн төслийг Сенат хэлэлцсэн боловч батлаагүй нь хууль бусаар оршин
суугаа олон сая цагаачдад өршөөл үзүүлж, тэдэнд иргэний харъяалал
олгохоор төлөвлөсөн нь маргаан үүсгэж, хууль тогтоогчдод хүчтэй шахалт
үзүүлсэнтэй холбоотой.
Цагаачлалын асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч нар Вашингтонд чуулж
ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Обамад хандан цагаач ажилчдыг баривчлахаа
зогсоож АНУ-д амьдарч буй 12 сая хууль бус цагаачдад иргэний харьяалал
олгох замыг бүрэн эрхийнхээ эхний жилд багтааж нээхийг саяхан уриалав.
Лос Анжелес, Нью Иорк, Вашингтон хавийн цагаачдын төрийн бус
байгууллагуудыг нэгтгэдэг “Цагаачлалын шударга шинэчлэл” хөдөлгөөн
Б.Обамаг тангараг өргөсний дараа олон арван мянган цагаачид, тэднийг
дэмжигчдийн жагсаал хийхээ мэдэгдэв. Бичиг баримтгүй цагаачдыг хууль
ёсны иргэд болгохыг дэмжигчдийн тоо 2004 оны сонгуулиас хойш латин
гаралтай иргэдийн дунд 30 хувиар нэмэгдсэн. 2004 онд латин гаралтай
иргэдийн тэн хагас нь Ардчилсан намд саналаа өгсөн бол энэ удаа гуравны
хоёр нь Б.Обамаг дэмжив. Ялангуяа Невада, Шинэ Мексико, Колорадо
мужуудад Ардчилсан нам ялалт байгуулахад тэд зонхилох үүргийг гүйцэтгэв.
Цаашдын төлөв
Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Б.Обама ажлаа аваад 100 хоногийн дотор
цагаачлалын асуудлыг шийдвэрлэхгүй ч наад зах нь цагаач иргэдийг
хомроглон баривчилдгийг зогсоож, визийн хуримтлагдсан өргөдлүүдийг
шийдэх, цагдан хорих байруудын нөхцөлийг сайжруулах боломжтой. Ж.Бушийн
засаг захиргаа нийгмийн халамжийн дугаар нь эргэлзээтэй 140 мянган хүнд
асуудлаа 90 хоногийн хугацаанд цэгцлэхгүй бол ажлаас нь халахаар
мэдэгдсэнийг мөн хүчингүй болгож мэднэ.
Б.Обама 2006 онд хууль бус цагаачдад англи хэлний мэдлэг, татвар төлсөн
байдал, хууль бусаар оршин суусан хугацааны хэрээр торгууль төлсөн
эсэхийг нь харгалзан статус олгох хуулийн төслийг дэмжсэн бөгөөд
цагаачлалын хуулийг шинэчлэхийн өмнө хилийн хамгаалалтыг чангатгах нь
зүйтэй гэж үздэг.
Арваннэгдүгээр сарын 4-ний сонгуулиар Конгрессын Төлөөлөгчийн танхимд
дахин сонгогдож чадаагүй 13 гишүүний ес нь хууль бус цагаачдад иргэний
харьяалал олгохыг буруушаадаг, Цагаачлалын хуулийн шинэчлэлийг
эсэргүүцэгчид юм. Хилийн хамгаалалтыг чангатгах, хууль бус цагаачлалыг
таслан зогсоохыг шаарддаг Виржина мужийн В.Гүдэ-ийн тойрогт сонгуулийн
дүн нь эцэслэн гараагүй байна. Колорадо мужийн Том Танкредо, Калифорни
мужийн Дункан Хантэр нар тэтгэвэрт гарахаа мэдэгдсэн. Эдгээр хууль
тогтоогчид Конгрессоос гарсанаар цагаачлалын асуудлыг шийдвэрлэхэд
нааштай нөхцөл бүрдэнэ гэж олон хүн найдаж байна.
Шинээр иргэний харъяалал авсан 100 гаруй мянган сонгогчид Төлөөлөгчдийн
танхимын гишүүн, цагаачлалын хуулийн шинэчлэлийг эсэргүүцдэг Том Финни,
Рик Киллэр нарын Бүгд найрамдах намаас Конгрессын 20 тойрогт өрсөлдсөн
цагаачлалын асуудлаар хатуу байр суурь баримталж, хууль сахиулахыг
шаарддаг нь ялагдахад нөлөөлсөн.
Цагаачлалын хуулийн шинэчлэлийг эсэргүүцэгчид ингэж олноор ялагдсан тул
Б.Обама сонгуульд өөрийг нь дэмжсэн испани хэлтэй сонгогчдод цагаачдыг
хуульчлах замаар хариу барина гэж бодох аргагүй. Учир нь цагаачлалын
хууль сахиулахыг шаардсанаас ялагдсан биш харин тэднээс илүү хатуу байр
суурь баримтлахаар амлагсдыг сонгогчид дэмжсэн байж болно. Тэгээд ч
Б.Обама сонуулийн өмнөх кампанийнхаа явцад ямар нэг амлалт өгөөгүй нь
цагаачлалын хуулийг иж бүрэн өөрчлөх асуудал түүний нэн тэргүүний
зорилт, эсвэл Ардчилсан намынхан зонхилсон Конгресст цагаачлалын
хуулийн шинэчлэлийг батлах боломж нэмэгдсэн гэсэн үг биш юм. Ардчилсан
намынхны дотор асуудалд дан ганц эерэг эсвэл сөрөг талаас хандаж
болохгүй, улс төр, нийгэм, эдийн засгийн олон үр дагаварыг харгалзах
шаардлагатай гэдэг үүднээс “ Цагаачлал бол америкийн улс төр дэх цоо
шинэ, гуравдахь зам, бид түүнийг хөндвөл өөрсдөө сүйрнэ (Immigration
the new third rail of American politics, an issue we touch at our own
peril)” гэдэг хандлага ажиглагддаг.
Б.Обама ерөнхийлөгчийн албан тушаалд ормогц банк, санхүүгийн хямрал,
эдийн засгийн зогсонги байдлаас хэрхэн гаргахад анхаарна. Хууль
тогтоогчид эдийн засгийн байдал, татварын бодлогод анхаарахаас хүн амыг
дотор нь талцуулсан цагаачлалын асуудлыг яаран хөндөхгүй болов уу гэж
мэргэжилтнүүд тааварлаж байна. Бичиг баримтгүй олон сая цагаачдад
иргэний харъяалал олгох хуулийн төсөл дэмжлэг олоогүй тухай өмнө
өгүүлсэн. Тиймээс өргөн хүрээтэй шинэчлэл бус харин түүний бүрэлдэхүүн
хэсгүүдээр тус тусад нь хууль батлуулах, чингэхийн тулд олны дэмжлэг
хүлээх заалтууд ч байх учиртай гэж цагаачлалын төлөө олон нийтийн
байгууллагууд үзээд өөр өөрийн асуудлыг нэгдсэн том хуульд хамруулахаас
зайлсхийж байна.Тухайлбал, холбоо мэдээллийн салбарын ажил олгогчид
эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх инженер, математикчид, эрдэмтдэд
илүү олон түр хугацааны виз, ногоон карт олгохыг санал болгож байна.
Хөдөө аж ахуй эрхлэгчид хямд ажиллах хүчтэй Мексикт үйлдвэрлэлээ
алдахгүйн тулд мөн ижил шаардлага тавьж байна.Улирлын ажилчдыг гаднаас
оруулахыг эдийн засаг зогсонги байдалд орсон өнөөгийн нөхцөлд
Yйлдвэрчний эвлэлүүд дэмжихгүй учир иргэний харъяалал олгоход заавал
ажлын байртай байх болзол биелэхгүйд хүрнэ. Бизнесийн эрхлэгчид,
үйлдвэрчний эвлэлүүд, цагаачдын эрхийг хамгаалдаг байгууллагуудын
эвслийг сулруулж байгаа тэдний ийм хандлага чухамдаа цагаачлалын
хуулийн шинэчлэл 2005-2007 онд батлагдаагүй үндсэн шалтгаан болсон юм.
Ж.Бушийн засаг захиргааны цагаачлалын хууль сахиулах ажиллагааны чухал
хэсэг болох ажилд шинээр орогчдын визийн статусыг Холбооны засгийн
газрын мэдээллийн сантай тулгаж шалгаж байх “E Verify” хөтөлбөрийн
хугацаа удахгүй дуусна. Иргэний эрхийн төлөө тэмцэгчид, цагаачдын эрх
ашгийг хамгаалагчдын шүүмжилдэг энэ хөтөлбөрийг Б.Обамагийн засаг
захиргаа сунгаж эсвэл бүр цуцалж болно. Цаашилбал олон хүнийг саатуулж
албадан буцаахад хүргэж байгаа ажлын байрны үзлэг шалгалт, баривчилгаа,
ажил олгогчдод эрүү үүсгэдэг явдлыг хэрхэх нь мөн анхаарал татаж байна.
Учир нь Ж.Бушийн засаг захиргаа цагаачлалын хуулийг шинэчлэх хуулийн
төслийг Конгресст батлуулахаар оролдсоны зэрэгцээ нэгжлэг баривчилгаа,
албадан буцаах ажиллагааг эрчимжүүлсэн. Конгресс болон шинэ засаг
захиргааны цагаачлалын асуудлаар баримтлах бодлого 2009 оны дундуур
тодрох болов уу.
Г.ГАНБОЛД (Вашингтон хот)








