Medeelel
(5 үнэлгээтэй, дундаж 2.60 / 5)

mongolia2012 оны 1-р сарын 7-ны өдөр АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын Монголчуудын хүсэлтээр Mонгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Ч.Сайнбилэг, "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-ийн захирал, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Отгочулуу нар хүрэлцэн ирж "Дэлхийн Монголчуудын талаар төрөөс баримтлах бодлого" уулзалтыг "Монгол мэдлэг" сургууль дээр зохион байгууллаа.

(Та бүхэн энэхүү нийтлэлийн төгсгөлд Чикаго хотын Монголчуудын гаргасан хүсэлтийг уншина уу)

Чикаго хотын Монгол иргэд энэхүү уулзалтын үеэр санал бодлоо амаар болон бичгээр уламжилж, Ч.Сайнбилэг дарга цааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргэхээ амлаж, иргэдийн тависан саналыг АНУ дахь UMON Телевиз сурвалжилан, бичлэгийг Монгол улсын ерөнхийлөгчид давхар илгээхээр тохирлоо.

Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн 2011 оны 2 сарын 28-ны өдрийн 42-р дугаар зарлигаар "АРДЫН ХУВЬСГАЛ 90" ойн медалиар Чикаго хотод ажиллаж, амьдарч буй дараах хүмүүсийг шагнасныг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Монгол улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Отгочулуу нар гардуулан өгсөн юм.

  1. Дашнямын Нарантуяа - Төр заxиргааны байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажилласан. Чикаго xотын урлаг, соёлын ажилд идэвxтэй оролцож, Монголын соёл урлагийг Чикаго xотод сурталчилсан таниулах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж
  2. Нинагын Банзрагч - Улсын филармоны аxмад xөгжимчин, Монгол шагайн харвааны xүндэт xарваач. АНУ-д ажиллаж амьдарч буй залуу үедээ Монгол соёл, өв уламжлалыг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмрийг үнэлж
  3. Лундаагын Гэрэлмаа - Америк Монгол Нийгэмлэгийн тэргүүн, "Чикаго Монгол Сургууль" - ийг үүсгэн байгуулагч, "Лундаа" буддын сүмийг үүсгэн байгуулагч, Чикаго xотод Монгол орныг сурталчилан таниулах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж
  4. Борын Уранчимэг - Монгол ТВ-ийн аxмад ажилтан, "Гоо марал" төвийн тэргүүн, Xүүxэд эмэгтэйчүүдийн дунд олон сайxан үйл ажиллагаа явуулсан хувь нэмрийг үнэлж
  5. Сандангийн Энxтуяа - Монголчуудын эрүүл мэнд болон нийгмийн үйл ажиллагаанд идэвxтэй оролцож, "Монгол Мэдлэг Сургууль" - ийг ирээдүй xойч үедээ нээж өгсөн хувь нэмрийг үнэлж
  6. Аюурзана Өлзийбаяр - Монголчуудын нийгмийн болон эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж
  7. Мягмарсүрэнгийн Сэмжид - "Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан" - ийн хойд Америк дахь зохицуулагч, эмэгтэйчүүдийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж
  8. Ламжавын Жаргалсайxан - Монголын цагдаагийн ахмад ажилтан, Монгол бөх - Өв соёл төвийн тэргүүн. Америк Монгол Нийгэмлэгтэй хамтран Чикаго xотын Монгол үндэсний баяр наадмыг 11 жил зоxион байгуулсан. Монгол үндэсний бөx болон монголын өв соёлыг АНУ-д сурталчилсан хувь нэмрийг үнэлж
  9. Буриадын Мөнгөнчимэг - Joffrey балетийн төгөлдөр хуурч. Сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж
  10. Дарамбазарын Өлзийхутаг - "Medeelel.com" - ийн санаачлагч, дэлxийгээр тарxан суугаа Монголчуудыг мэдээллээр xангах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж
  11. Самбуугын Ундрам - Чикаго Хотын Залуучуудын Холбооны дэд тэргүүн, Залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэн, цаашид үргэлжлүүлэн суралцаxад оруулсан хувь нэмрийг үнэлж

Ерөнхийлөгчийн гарын бэлгээр "Бидний үе" холбооны дэд тэргүүн Энхтуяа, "Чикаго Хотын Залуучуудын Холбоо" - ны тэргүүн А.Ганзориг нарыг шагналаа.

Сүүлийн үед Монгол Улсын Засгийн Газраас гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдээ анхаарч эхэлсэн нь сайшаалтай. 2011 оны 12 сарын 17-нд АНУ дахь Монголчуудын худалдааны танхимын ээлжит тав дугаар уулзалтын үеэр Ерөнхий Сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэ Монгол Улсын Засгийн Газрын "Зөгийн үүр" хөтөлбөрийн талаар мөн илтгэл тависан юм.


Чикаго хотын Монголчуудын зүгээс Монгол Улсын ерөнхийлөгчид гаргасан хүсэлт

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА

2010 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэ өдрийн амар амгаланг эрэхийн ялдамд ард түмнийхээ дийлэнх олонхийн итгэл хүндэтгэлийг хүлээж, Монгол төрийн бодлого хир мэргэн байсныг нотлох түүхийн гэрч-алтан соёмбот тамгыг атгах хүндтэй хувь тохиосонд тань баяр хүргэж, амжилт хүсье.

20 жилийн тэртээ таны хэсэг залуус хүн төрөлхтөн хөгжил дэвшилд хүрэх ойр дөт зам хаагуур чиг зүгтэй байгааг сэрэн мэдэрч, төөрч будилсан эх орноо хөгжлийн зөв голдрилд оруулахаар зориглон боссоны үр шимээр Монгол түмэн дэлхийн хөгжилтэй нүүр тулан танилцах сайхан боломж нээгдсэн билээ. Ийнхүү өөдрөг сэтгэлт монгол залуус хилийн чандыг анхлан зорьж, Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдмийг өвөрлөн ирэхээр Их зохиолчийнхоо захиас гэрээсийг сэтгэлийн гүнд өвөрлөн харь орны хөгжил дэвшлийг нүдээр үзэж, гараар тэмтэрч, өнгөтэй өөдтэйг нь чадвал атгаад, ядвал чимхээд эх орондоо ирэхээр тэмүүлцгээсээн. Эдгээр зоригт залуусын гаргасан жим мөрөөр эх орон нэгтнүүд маань цувсаар эдүгээ цөөхөн ам бүлтэй Монгол айл гэрийн минь аравны нэг гаруй нь дэлхийгээр нэг тархан амьдрах боллоо. Энэ сайн хэрэг. Учир нь энэ аравны нэг өнөөдөр монгол айл өрхийн аравны нэгээс илүүг хооллож ундалж, хувцаслаж, орон байртай болгож, олон зуун залуусыг өрнө дорны соёл боловсрол эзэмшихэд нь тусалж, өөрсдийн биесийг золин Монгол эх орныхоо ирээдүйн төлөө чамгүй их баялгийг бий болгосоор байна.

Ард түмнээ удирдан залж буй та бүхэн олон жил хөшиж царцсан хөшүүн хойрго, бас тэгээд гөжүү зөрүүд тогтолцооны эрэг шураг бүрийг цэвэрлэн тосолж, эх орноо хөгжлийн хөнгөн араанд оруулахаар чирч гулдарч, түрж түлхэж, татаж чангаасаар Монгол улсаа дэлхий дахинаа ардчилсан улс гэдгийг хүлээн зөвшөөрүүлж чадсаан. Энэ бол та бүхний улс орныхоо түүхэнд тодоос тод бичүүлэх томоос том гавъяа билээ. Эх орныг маань дэлхий нийтийн хөгжлийн жишигээс салган тусгаарласан бөглөө чигжээс онгойж, бид хөгжиж дэвших үүд хаалга ийнхүү нээгдсэн билээ.

Хэдийгээр харь газар хүнд хүчир ажилд нухлагдаж, эх нутаг, ээж аав, үр хүүхэд, ахан дүүс, анд нөхдөө санан гансравч, улс орныхоо сайн сайхны төлөө цаг наргүй зүтгэж байгаа та бүхний ачааг бага ч болов хөнгөлж байгаа гэдэгтээ бид сэтгэл өег явдаг шүү.

Нэгэнтээ, элчин сайд асан ноён Болд АНУ-аас Монголд үзүүлж байгаа тусламжаас энд суугаа монгол иргэдийн эх орондоо илгээж буй хөрөнгө хавьгүй илүү тул бид иргэдийнхээ асуудалд илүү анхаардгаа гэж байсныг сонсоод бид ихэд баяртай байж билээ .

Төр нийгэм, түмэн олны хөрөнгийг “идэж уулаа”, авилгал хээл хахуул хирээс хэтэрлээ гэх чихэнд чимэггүй үгс сонсогдох нь ихэсчээ. Таны хэлснээр “Авилгалтай тэмцэх, шударга ёсыг тогтоох нь амь дүйсэн ажил...” болтлоо Монгол эх орон минь тортогдсонд бид гүнээ харамсан халаглаж байна. Гэвч яах вэ, монгол ухаанаараа сэтгэвэл “идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэж” иймэрхүү үлгэрүүд төгсдөг жамтай. Эх орныхоо хилийн дээсэн дотор эрдэнэс баялаг минь шингэн үлдэж байвал бас ч учиртай. Эргээд бидэндээ үр ашигаа өгнөө гэж залбирцгаая. Харин эрдэнэт хүн, эд баялагаа эх нутгаасаа гаргаж алдахаас төр минь мэргэн бодлогоороо, түмэн минь сэргэг сонороороо сэрэмжлэн хамгаалах нь юунаас ч чухал. Тийм ч болохоор эх орныхоо хилийн манаа хир бат бөх байгааг эргэх ажлаа Та эн тэргүүнд тавьсан байхаа.

Саараараа сайныгаа баллахын оронд сайнаараа саарыгаа өнгөлж ахицгаамаар. “Тамын тогооны үлгэр” ч гэх шиг хэн, хэзээ зохиосон нь үл мэдэгдэх сөрөг сэтгэлгээ ард олон, эх орны маань буян заяаг уруу дорой болгосоор байх шиг. Хаа холоос нүүдэллэж яваа жингийн цувааг саравчлан хараад халуун цайгаа амны шавираатайгаа тэврээд тосон алхдаг монгол түмний минь ясны зан төрхөд яавч нийцэхгүй иймэрхүү сөрөг сэтгэлгээг түмнийхээ сэтгэлээс үлдэн хөөх нь Монгол Төрийн бодлогын төвд баймаар санагдана.

“Амны билэгээс ашдын билэг” хэмээн аль эрт ардын минь өгүүлсэн сургаалийг эерэг сэтгэлгээний онол хэмээн эдүгээ энэ дэлхийгээр нэг ярих боллоо. Хүн төрөлхтөний сэтгэлгээний философи монгол түмнээс гаралтай гэлтэй ардынхаа мэргэн үгсийг төрийн бодлого болгон түмнээ дэлгэрүүлэхсэн.

Эх орон, ард түмнийг минь дэлхий дахины хөгжил дэвшил, хэл соёлоос нүдэн балай, чихэн дүлий байлгасан балагт тогтолцооны ял шийтгэлийг үүрч, өрөөлийн нутагт боол мэт зүтгэж яваа ард иргэдээ өөрийн нутгийн үнэт баялаг болгон өөд нь татаж авах Монгол төрийн мэргэн бодлого гаргах цаг нэгэнт тулжээ.

Иймийн учир энэхүү захидлыг бид танд яаравчлан илгээж байна. Улс орны маань ирээдүйн хөгжил цэцэглэлтэд нөлөөлөхүйц хүн хүчний, оюун санааны болон эд баялгийн ихээхэн нөөцийг алдах уу, авч үлдэх үү гэдгийг шийдэх босгон дээр бид ирлээ. Энэхүү асуудал нь зөвхөн улс орны төдий бус Монгол үндэстний хувь заяатай холбоотой болохоор эрхэм Ерөнхийлөгч таны мэргэн оюунд толилуулж байна.

Эх орноо голж шилж, хөгжилт улсын хүндэт иргэн болохоор хил давсан монгол хүн нэг ч байхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа юуны өмнө таны сонорт дуулгаяа. Гагцхүү хүний газар хөсөр хаягдсан иргэний эрхээ нөхөн сэргээх, болзошгүй аюул зовлонгоос хамгаалагдахад бэлэн байхын эрхэнд улс төрийн орогнол хүсэх, хууль бусаар гэрлэх зэрэг эх орны нэрд халтай, хувь хүний амьдралд балагтай элдэв аргаар ногоон карт авахын эрэлд хатацгааж байна.

Харьд ирэгсдийн дийлэнх нь ганцхан хүсэлтэй. Тэр нь ирсэн зорилгоо хурдхан хангаад эргэж гэртээ харих, элгэн садантайгаа золгох. Зорилго нь боловсрол эзэмших, орон байртай болох, амьдралаа дээшлүүлэх. 3 жилийн дотор англи хэлийг ус цас шиг сураад, орон байртай болоод буцнаа хэмээн ярьсаар ирж байгаа олон залуустай таарч байлаа. Гэвч ууж үзээгүй усыг ууж, хэвшиж заншаагүй ёсыг дагаж, харийн газар зорьсондоо хүрнээ гэдэг амаргүй даваа байдгийг амсаж тэд эхэлсээн. Дээр нь анх биднийг тосож авсан монгол эмэгтэйн хэлсэнчлэн “монголчуудаасаа хол яваарай” гэдэг ёозгүй сэтгэлгээ бидний харьд зорилгоо биелүүлээд харих хугацааг уртасгасаар байна.

Харин ч монгол залуус мундаг юмаа. 20-оодхон жилийн цагаачлалын түүхтэй гэхэд тэд аль хэдийн хэний ч бодлого дэмжлэггүйгээр бор зүрхээрээ Холливудын өндөр босгыг алхаж, Майкрософт, Наса мэтийн дэлхийн хөгжлийг тодорхойлдог хүчирхэг газруудад хэдийнээ “шургалж” амжаад байна. Хэн хүссэн нь гараад байдаггүй урлагийн томоохон тайзнаа монгол залуус авъяасаа гайхуулах боллоо. Дэлхий нийтэд нэртэй их дээд сургуулиудад монгол профессор багш нарын тоо нэмэгдэж байна. Товчоор хэлбэл монгол хүн дэлхийн хөгжилт иргэдтэй эн зэрэгцэх авъяас чадвартайгаа харуулсаар байна. Эдгээрийг ухаалаг бодлогоороо төр засаг минь түлхэсгээд өгвөл эх орныхоо ирээдүйг өргөн босгох их хүч хилийн чанадад өсөн торниж байна.

Өнөөдөр өрнөдийн өндөр соёл боловсрол эзэмшсэн олон зуун залуус хууль, ёс зүйг дээдэлсэн шударга өрсөлдөөн жигдэрч шуудраагүй байгаа монголын нийгэмд хийж бүтээх их хүсэл, эрч хүч, эрдмийн ундарга нь мохож гацахгүй байх баталгааг эрэн хайцгааж зог тусасхийж байна. Харь газар хар ажилд нухлагдах тусмаа, хүний нутгийн соёл иргэншлийн үр шимийг хүртэх тусмаа бид элгэн халуун эх нутаг гэж хүнд хичнээн эрхэм нандин зүйл болохыг зүрх сэтгэлээрээ мэдэрцгээж байна.

Эдгээр сайны зэрэгцээ зүрх зүсэм гунигт хувь тавиланг бид туулцгааж байна. Эрдэнэт хүний биеийг бүтээж бүрдүүлж өсгөсөн эцэг эхийгээ эцсийн замд нь харилцах утасны цаанаас орь дуу тавихаас цаашгүй үдэж, элэг зүрхэндээ насан туршийн харуусал хадгалан үлдэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр... Өөрийн төрхөө өвлүүлэн үлдээх үр хүүхдийнхээ өсөж торнихыг үзэлгүй өнгөрөөгч эцэг, эхчүүд олширсоор... Төрөлх хэл соёлоо үл ойлгон, ойд төөрсөн сармагчин мэт ирээдүй хүлээж байгаа, хаанахын иргэн болохоо ч бодож төсөөлж мэдэхгүй яваа бяцхан үрс ихэссээр... Аль улсын иргэн болохоо өөрсдөө сонгох нь иргэнийх нь эрхийн асуудал боловч тэднийг монгол үндэстнийх нь хувьд хэл соёлтой нь хадгалж үлдэх асуудлыг төр бодлогоороо зохицуулах учиртай байхаа.

АНУ-аас гаралтай дэлхийг хамарсан их хямрал гадаадад суугчдыг мөн л хямрууллаа. Байрны үнэ америкт 30 хувь унаж, монголд 2 дахин үсэрсэн нь бидний харих хугацааг даруй 3 аас доошгүй жилээр сунгалаа.

  • “Эх орноосоо би сургуулиа онц төгсөх даалгавартай” гээд нойргүй хоносондоо нүд нь улайсан мөртлөө инээж зогсоо пицца зөөгч оюутан хүү,
  • өөрийн сургалтын төлбөрөөс гадна охиноо сургуульд явуулахаар байраа барьцаанд тавиад мөнгө зээлсэн аав ээжийнхээ өрийг төлөхөөр өдөр бүр үүрийн 3 цагт босож шал угаах ажил хийгээд хичээлдээ явдаг бяцхан охин ( эрүүл мэнд нь сайнгүй байгаа )
  • төрийн сангаас магистарт сурах тэтгэлэг авсан хирнээ хэлний (ECL) хамгийн анхан шатны түвшинд сурч байгаа залуу (яаж авсийм болоо? )
  • 10 жил үр хүүхдээ харалгүй байсаар сэтгэлийн дарамтанд орж зүрх нь хаагдан хүний нутагт амиа тавьж байгаа залуу гээд л ... тоочвол өчнөөн гунигт амьдралыг хараад энэхүү захидлыг бичихгүй байж чадсангүй ээ.

Ардчилал гэдэг нь ардын үгийг сонсоно гэсэн үг байхаа гэж бүсгүй би ахархан гэгддэг ухаандаа хялбарчлан ойлгодог юмаа. Иймийн учир Улсын эцэг танд “ард түмнийхээ эрх ашгийн манаанд тууштай зогсоноо” гэсэн эрхэм үгийг тань олзуурхан “олзолж”, харь газар иргэнийхээ бүхий л эрхээ алдан суугаа монгол түмний нэгэн хэсгийнхний үгийг төрийн бодлого болгуулахаар танд хүргэхээр чармайж байгаа минь энээ.

Түүх давтагддаг гэдэг. Олон зууны тэртээ талын нэг тарсан овог аймгуудаа цэргийн хүчээр нэгтгэн захирч, дэлхий дахинаа үеийн үед дурсгах монгол хэмээх хүчирхэг улсаа мандуулах түүхэн гавъяа Чингэс хаанд ноогддог бол энэ үед дэлхийгээр нэг цацагдсан монгол үндэстнээ цэцэн ухаанаараа эмхлэн нэгтгэж эх орноо хүчирхэгжүүлэх хөшүүрэг болгон улсаа хөгжүүлж, харьд нухлагдаж цуцсан иргэдээ эцэг мэт энхрийлэлдээ авах түүхэн тавилан таны гарт байна.

Цаг завыг тань баран илүү дутуу үгс ихийг бичсэн бол өршөөн соёрхоорой. Оршин байгаа орчноосоо тусгаж бодолд хөвөрсөн элдэв санаагаа төрдөө хүргэх гэж хичээснийх билээ.

Бидэнд тулах цэг хэрэгтэй байна.

 

Бэргэний Уранбилэг (хэсэг нөхдийн хамт)

Чикаго, АНУ

Нийт сэтгэгдэл (0)

RSS

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Д.Өлзийхутаг (Элссэн огноо - 2003 оны 11 сарын 26, Лхагва гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream