| 2011 оны 11 сарын 23
Сайн байцгаана уу? Чикагочуудаа!
Миний хувь заяа байсан дэлхийг тойрох аяллын маш чухал цэг болох Америкийн Нэгдсэн Улс-д ирээд 3 сар гаруй боллоо.
Ниагара: -Сарын дотор Хөвсгөл далай урсаж дуусхаар их устай Ниагара хүрхрээний хажууд өнгөрөөсөн мөчүүд гайхамшигтай. Ниагарагийн хүрхрээний хажууд 7 хоног америкчуудтай амьдарч, Америк Барбекюд ашигладаг соусыг нь хэрхэн хийхийг сурлаа.
Нью Йорк: -Тэнгэр нурхаас болгоомжилж барьсан гэмээр өндөр барилгуудтай, бүх үндэстэн ястан овог аймгууд холилдсон шинэ төрлийн хүмүүс амьдардаг Нью Йорк хотын талаар хэлэх ч үг алга. Цагт дор хаяж 6 км-ын хурдтай алхахгүй бол хүмүүстэй байнга шүргэлдэнэ. Бүх төрлийн хувцас, соёл иргэншлүүд нэг дор ингэж амьдарч байгааг харах үнэхээр гайхамшигтай. Яг л “BABILON5” кинонд байгаа юм шиг.
Вашингтон ДиСи: -21-р зууны эхэн үеийн дэлхийн ертөнцийг хяналтандаа байлгаж буй бие даасан бүс нутаг болох ВАШИНГТОН ДИСИ хотыг үнэхээр хүндэлмээр. Метронд нь ороод хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол газар доорх хот. Аль эсвэл сансарын станцын хонгил. Бүх зүйл нь маш будилаантай. Тэнд амьдардаг хүн л учрыг нь олно. Шинэ ирсэн жуулчид хэдэн хөшөө барилгыг үзээд явахад болно гэж байгаа мэт. Ганц билет авах гэж зайгүй дүрэм заавар наасан билетийн автомат дээр гучаад минут зогссон. Бодлоготой л хийсэн байх.
Зүгээр л нэг жижиг байшинд ерөнхийлөгч чинь амьдрадаг шүү! гэж ойлгуулах гэж барьсан, байшингийн үл үзэгдэх хүч агуу! Капитолын өмнө зогсож байхдаа –Хэзээ Монголчууд энэ олон үндэстний холбооны улсын Капитолид сууж байх бол оо? гэж бодсон. За тэр ерөнхийлөгч болох тухай бодох хэтэрхий эрт байна. Америкт төрсөн байх ёстой гэсэн шаардлага энэ улсыг нээгээд 20 гаруйхан жил болж буй үндэстэнд шууд ХАНА мэт харагдаж байна. Гэхдээ л Кени улсаас гаралтай хүн Ерөнхийлөгч болж буйг, аяллынхаа 51 дахь улс Португалид хараад –Бидэнд боломж байгаа юм байна!гэж итгэсэн.
Маями: -Өө Маями гэдэг нэрийг мэдэхгүй монголчууд ховор болов уу. Нийт үндэстний гавьяат дуучин Ариунаа эгч дуундаа дуулдаг тэр хотыг гуравхан өдөрт мэдрэх гэж үзсэн ч илүү их хугацаа хэрэгтэйг ойлгосон. Гэхдээ Атлантын далайн давалгаа, эргийн шаргал элсийг туусан, хөх тэнгэр ямагт гийсэн, үзэсгэлэнт охид зурагт интернэтээр бус гудамжаар алхсан тэр хотыг мартахын аргагүй. Өглөө яаж машинаа халаанаа гэж бодогдуулдаггүй энэ хот миний аялалд үзсэн хамгийн сайхан хотуудын нэг мөнөөс мөн билээ.
Тэгээд мэдээж Та бүхний амьдарч буй Чикаго хот.
Ахаасаа –Яагаад энэ хотод дуртай юм бэ? гэж асуухад: -Нью Йорк хэтэрхий үнэтэй, байрны төлбөрт хамаг амьдрал явна, ДиСи хэтэрхий уйтгартай тэгээд үнэтэй, Маями гоё гэхдээ латинууд ихтэй, харин Чикаго хот маань бидэнд илүү ойр. Энд голдуу европ тэр дундаа хуучны Зөвлөлт Холбооныхон бас коммунист байсан улсынхан амьдардаг юм. Тэдэнтэй хэл амаа ойлголцоход маш амар, хоол унд ч тохирно тэгээд Монголтой ойролцоо цаг агаартай. Амьдрах өртөг бусад хотуудыг бодвол харьцангуй бага, маш олон багын найз нар байдаг хот, давуу талууд их байна гэж хариулав.
Энэ хотод 6 жилийн өмнө ирж байхдаа 3 сар гаруй амьдарсан. 2005 оны үед дэлхийн амьдралын стандартыг тодорхойлж буй улсад амьдарч байхдаа дэлхийн бусад улсуудтай харьцуулах санаа төрсөн.
Багадаа дэлхийг тойрч орж ирээд ДЭЛХИЙГ ТОЙРОГЧ нэрээр улсынхаа түүхэнд үлдэнэ гэж мөрөөдөж байсан бодлоос хамаагүй өргөн зорилт бий болсон. Соёл иргэншил, цаг хугацаа, хүний амьдралын нууц гэдэг зүйлийг олох нь элдэв хөрөнгө мөнгө, цол хэргэм нэр хүндээс илүү гэдэгийг ойлгосон.
Тэр нууцыг олох юм бол хөгжлийн нууцыг олно. Ирээдүйг таамаглаж болно.
Чикаго хотод байсан цаг хугацаа жирийн Монгол хүүгийн амьдралд тийм их өөрчлөлт өгсөн. Харин таны амьдралд?
Одоогийн байдлаар холбооны улсын 10 гаруй мужаар аялж олон тооны монголчуудтай уулзлаа. Европ, Африк, Азид амьдарч буй монголчуудаас юугаараа ялгаатайг тогтоож өөрийнхөө тэмдэглэлийг үргэлжлүүлэн бичсээр байна.
Америкийн Нэгдсэн Улс нь 50 улсаас бүрдсэн холбооны улс тул нутаг бүрийнх нь амьдрал нь тэс өөр гэдгийг тэр бүсүүдэд амьдардаг монголчуудаараа дамжуулж ойлгож байна.
Чикаго-гийн монголчууд нь хамгийн илүү нь гэдгийг аялж байхдаа та нарын зохион байгуулж буй ажлуудыг интернэтийн тусламжтай хараад ойлгосон юм. Монгол наадам, спортын тэмцээнүүд, монголын урлагийн оддыг урьж авчруулан тоглуулах гэх мэт.
Зарим улсуудад монголчууд бие биенээ таниж мэдэн уулзахаасаа айж эмээж, зайлсхийж байхад Та нар энд улам бүр хүчтэй олуулаа болоод Монгол тээврийн компани, үйлчилгээний компани, монголчууд хамт сархад хүртэж суугаад спортынхоо багийг ямар ч хэрүүл маргаангүй үзэж өнгөрүүлдэг Монгол баар хүртэл байна. Энэ нь Та нар амьдралаа хэрхэн авч явж буйг харуулж байна.
Үзэсгэлэнтэй боловч монголчуудад хүйтэн, Европын зарим улсуудад амьдардаг нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж байхад өмнөөс нь харамсаж байсан явдал олон. Бүс нутаг заагаад гарахыг хориглосон газар, бичиг баримтгүй л бол гэрээсээ гардаггүй газар гээд яриад байвал зөндөө. Цагаан сарынхаа баяраар гэртээ зочин урьчихаад чанга инээх үед нь –Чш хажуу айл цагдаа дуудчихна, эсвэл элдэв захиа хаалганы завсраар шургуулна гэж хэлж буйг баярлахаас айсан Монгол хүнээсээ сонсох үнэхээр өрөвдөлтэй.
Юун Улаанбаатарт хамаг зочидтойгоо дуу дуулж өнгөрөөдөг амьдрал.
Энд хэрэг тариагүй бол цагдаа нь ирээд анхааруулга өгөөд л явна. Тэр цагдаа нь өөрөө Монгол байх магадлал өндөр. Харин Европ болон бусад улсад ЧИ ХЭЗЭЭД ГАДНЫХ. Адилхан хувцас өмссөн ч чамайг олны дотроос таниад хуруугаа чичихэд бэлэн.
Европ бол аялахад гоё газар байна лээ.
Харин амьдрахад ….
Айлд байгаа мэдрэмж хэзээ ч арилахгүй.
Харин та нар энд эрх чөлөөтэйгөөр амьдарч, үр удмаа өсгөж буйг хараад маш их баяртай байна. Монголчуудын усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үгийг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа хүмүүс Америкийн монголчууд, тэр дотроо Чикагогийн монголчууд Та нар болов уу.
Жолооны үнэмлэх гаргуулах гэж бусад мужаас танай нутагт ирж байгаа нь энэ бүс нутаг бидэнд ямар их эрх чөлөө өгч байгааг харуулж байна.
Гэхдээ ОРЧИНДОО ДАСАН ЗОХИЦОЖ АМЬДРАХ, ОРЧИНОО МЭДЭРЧ АМЬДРАХ хоёр маш их зөрүүтэй шүү!
Манай ах санаачилж, Чикаго болон эргэн тойрны монголчуудын хамт зохион байгуулсан “Монголын Үрс Бидний Үрс” гэдэг арга хэмжээг 2010 оны намар хийж байхад, энэ тухай холын эх орон Монголдоо сонссон би гайхаж байлаа.
Олон хайрцаг тоглоом хувцас компьютер хүлээж аваад ажлаа түр орхин –Үүнийг хэрхэн хүргэх вэ? гэж бодох нь VERY BIG CHALLENGE! байсан юм.
Бүх хандивын зүйлсийг хооронд нь ангилаад хүлээж авах газар бүрт нь хүргэж өгч байхад сонин сэтгэгдэл төрж байсан. Би багадаа ч тоглож үзээгүй тийм гоё өнгөтэй, хэлбэртэй, үйл хөдлөлтэй тоглоомуудыг 1989 оноос хойш хүүхдийн тоглоомын шинэчлэлийг төрөөс бараг хийдэггүй цэцэрлэгийн хүүхдүүдэд өгөхөд, тэдний нүд гэрэлтэж яг л амьдралын хамгийн сайхан мөч ирсэн мэт болж байв.
Унтахдаа тэвэрч хэвтэх зөөлөн цэвэр бамбарууш тэдний хувьд өмнө нь мөрөөдхөөргүй хол байсан шүү дээ.
Ээж мань хувиасаа чнхэр чоколад авч хүүхэд бүрт бэлэгний уутанд хииж буй
Холын аян замаас дөнгөж гэртээ ирээд амьдралаа босгох гэж байсан миний хувьд их ажлын хажуугаар цаг хугацаатай уралдаж буяны ажил хийх хэцүү байв.
Та бүхний бэлгүүдийг эздэд нь хүргэсэн тухай эхний захиаг та бүхэн хүлээн авсан болов уу. Линкийг нь дор тавьлаа.
http://medeelel.com/medee-niitlel/chikagochuudad
Өнөөдөр тээр холын эх орноос бус Та бүхний амьдарч буй энэ хот дотроос энэхүү захиаг бичиж байна.
“Монгол Бадарчин” 9 цуврал номынхоо 2 дугаар ботийг гаргах нэн хэцүү бөгөөд хариуцлагатай 2011 оны хавар “Монголын Үрс Бидний Үрс 2” арга хэмжээ давхацсан тул 2 дугаар ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгэх нь хамгийн чухал болов.
Буяны ажил, цэцэрлэгүүдэд энэ хүүхдийн тоглоомуудыг хүргэж байгаа юм гэж тайлбарлаад өмнөх тэмдэглэлээ үзүүлсэн ч, татвар төлж, бас ачааны зарим нэг асуудлуудад орсон нь ийм төрлийн ажлыг илүү зохион байгуулалттай хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон юм.
Та бүхний илгээсэн хүүхдийн тоглоом, хуучин хувцас, эдлэл хэрэглэлүүдийг хүрэх ёстой хаягуудад нь биеэрээ хүргэж өгсөн бөгөөд тухайн үед үүнийгээ олон нийтэд зарлаад байх шаардлагагүй гэж бодсон юм. Учир нь ирэх жил сонгуультай тул хүн бүр л ямар нэг буяны ажил хийж байна гэдгээ бусдад үзүүлэх гэж элдэв арга хэмжээнүүд зохион байгуулаад байна.
Хэрвээ ахын санаачилсан энэ ажлыг би олон нийтийн мэдээллээр үзүүлээд байх юм бол хүмүүс миний өөрийн хийж буй ажил байна гэж андуурна шүү дээ, бас PR-даж байна гэж бодож ч магад. Гэтэл харь нутагт амьдарч буй Чикагочуудын эх орон руугаа илгээсэн бэлэг шүү дээ.
Тиймээс цөөхөн хэдэн зураг дараад харин хаана юу очсон тухай нэг бүр бичиж баримтжуулсан юм. Энэ захиаг дуусгаад тэгээд тэр цааснуудын зургийг тавья.
Монголд зарим газрууд байнга хандив авсаар байгаад –Бид мөнгөнөөс өөр юм авахгүй шүү! гэж хэлж байна. Харин бид бэлгүүдээ хэрэгцээтэй хүмүүст нь хүргэсэн шүү.
Гэмтлийн эмнэлэг дээр 2 тэргэнцэрийг оруулж өгөх үед эмч нь намайг таниад зургаа авхуулж байсан ч –Энэ бол Чикаго болон Лас Вегаст амьдарч буй монголчуудын нутаг руугаа илгээсэн хандивын ажил юм гэж тайлбарласан юм. Тэргэнцрүүдийг явуулсан хүмүүс хаанаас 2 ширхэг тэргэнцэр олсоныг мэдэхгүй. Зүгээр дэлгүүрээс авдаг зүйл биш болохоор хүнд ярьж өгвөл бас л нэг төрлийн түүх болно доо. -Ямар гоё дугуйтай юм бэ? Манайхыг хараа! Жунгаагийн хатуу резинтэй! гэж өөрийнхөө тэргэнцрүүдийг муулж буй эмч сувилагч нарыг хараад та нарын илгээсэн тэргэнцрүүд аргагүй Америк стандарт байсныг ойлгосон юм.
Хотын захад байдаг хэд хэдэн цэцэрлэгүүдэд та нарын бэлгийг оруулж өгч байхдаа Монголын үр сад ямар хэцүү байна аа гэдгийг улам бүр ойлгосон.
2011 оны 3 сард “Монголын Үрс Бидний Үрс 2” ирүүлсэн илгээмжийг Шар хадны 3-р цэцэрлэг, Налайх дүүргийн Городок 153-р цэцэрлэг, Улаанхуарангийн асрамжийн сургууль, Сонгино хайрхан дүүргийн 48-р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 165-р цэцэрлэг, 59-р сургууль, Сүхбаатар дүүргийн 3-р цэцэрлэг, мөн дүүргийн 8-р хорооны өрх толгойлсон эмэгтэйчүүдэд, Чингэлтэй дүүргийн дэнжийн мянгын цэцэрлэг, өрх толгойлсон эмэгтэйчүүд, Гэмтэл Согогийн эмнэлгийн нугас нурууны тасагт, Төмөр замын асрамжийн сургууль, Яармагийн цэцэрлэгт тус тус дамжуулан өгсөн юм.
Америкийн Нэгдсэн улсад ирээд өөрийн тэмдэглэлүүдээ олон нийтэд тавихаа түр азнасан бөгөөд судалгаагаа илүү сайн хийж байж бичих нь зөв гэж бодсон юм.
Аяллынхаа 70 дахь улсад жижиг оврын автобусанд видео студи байрлуулаад, хот болгоноор аялаад бичлэгээ цаг тухайд нь интернэтэд тавьж байх төлөвлөгөөтэй байсан ч, дэмжлэг бүрэн авч чадаагүй тул ийнхүү өмнөх аяллынхаа арга замыг дахин ашигласаар байгаа юм.
Гэртээ харихад тоглоом тоглох бус яаж нэг юм хоол идэж өлсгөлөнгөө дараад, тэгээд дулаахан унтдаг юм билээ гэсэн бодолтой хүүхдүүд Та нарын өгсөн бэлгэнд хэрхэн баярласан байсныг түрүүний захиан дээр явуулсан зургуудаас та нар харсан байлгүй дээ.
Энэ удаа бас зарим нэг байгаа зургийг тавиад.
“Монголын Үрс Бидний Үрс 2” ажил амжилттай болж бид олон зуун хүүхдүүдийн амьдралыг өөрчилсөн зүйлсийг бэлэглэсэн юм шүү. Тоосгон дээр элс норгож тавиад тоглодог хүүхдүүд товчлуур дарахад хөдөлж ярьдаг тод өнгөтэй тоглоомууд харж хэрэглээд оюун ухаан нь хэрхэн өөрчлөгдсөнийг таамаглах л үлдлээ….
Ахын санаачилсан энэхүү ажлыг дэмжиж хамтарсан дараах хүмүүст өөрийн болон туслалцаа авсан байгууллага хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлье.
Чикаго-гоос Улаанбаатар руу ачаа тээвэрлэдэг UMON компани (Бямбаа), контейнэрээр тусалсан Хангай, арга хэмжээ зохион байгуулахад хамтарсан Ганзориг (www.zok.mn), мэдээллээр дэмжигчид Д.Өлзийхутаг (www.medeelel.com), Хундага (www.mongolduu.com), Гэрэлээ эгч (American Mongolian Association), Чинбаа, Тугаа,(Соёмбо хамтлаг) ахын найз Билгүүтэй
Бас энэ олон хайрцаг бэлгийг цуглуулах ажилд оролцсон Чикаго болон Лас Вегас хотын монголчууддаа баярлалаа.
Буяны үйлс дэлгэрэх болтугай!
Нийт сэтгэгдэл (8)
RSS1. muu yorin yum
tenger nurahaas hamgaalj 0--------------------- heleh ugee oloj heleh heregtei sur badaruulagch guia
2. tseek
3. go chicagogion Mongols
4. shaa
5. iim archaaguu zaluuchuud baixiimaa
6. amjilt husie
harin tegtel ene zarim humuus arai denduu ymaa orrsdoo hiij chadahgui bolohooroo l ingedeg bhdaa.
Tanii tsaashdiin ajil hodolmort ondroos ondor amjilt husie.







