| 2008 оны 10 сарын 26
Харьяаллаараа бол АНУ, хэрэг дээрээ дэлхийн санхүүгийн судсыг атгагч Уолл Стритийн хямрал "хар" гэх тодотголтой өнгөрсөн есдүгээр сарын 29-ний даваа гаригийн огцом ханш уналтаас хойш орон орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн шуугидаг гол сэдэв, үндсэн "мөлжүүр" нь болов. Энэ сэдвийн мэдээллийн үер дунд даяаршлын эрин дэх АНУ-ын дангааршсан ноёрхлын төгсгөлийн аккордууд эгшиглэж буйг шууд болон Эзопын далд хэллэгээр, баяр хөөр болон түгшүүр зовнилтойгоор зарласан нь элбэг.
Үнэхээр тийм үү. АНУ төвтэй "Pax Americana" хэмээх ганц туйлт дэлхийн хэв журам үгүй болох уу. Их депресси-2 гэгдсэн энэ хямралын уршгаар АНУ супер гүрний статусаа алдах уу. 1929 онд мөн л АНУ-аас, Уолл-Стритээс тархсан Их депресси өрнөдийн ертөнцийг бүхэлд нь сульдааж, нацизм, фашизмд толгой өндийх боломж олгон хөнөөлт дэлхийн хоёрдугаар дайнд хүргэсэн. Тэрхүү аймшигт түүх давтагдах юм биш биз.
Үнэхээр тийм үү. АНУ төвтэй "Pax Americana" хэмээх ганц туйлт дэлхийн хэв журам үгүй болох уу. Их депресси-2 гэгдсэн энэ хямралын уршгаар АНУ супер гүрний статусаа алдах уу. 1929 онд мөн л АНУ-аас, Уолл-Стритээс тархсан Их депресси өрнөдийн ертөнцийг бүхэлд нь сульдааж, нацизм, фашизмд толгой өндийх боломж олгон хөнөөлт дэлхийн хоёрдугаар дайнд хүргэсэн. Тэрхүү аймшигт түүх давтагдах юм биш биз.
Эхлээд Их депрессийг АНУ-д нүүрлэж буй өнөөгийн хүндрэлтэй харьцуулъя. Их депрессийн үед Америкийн эдийн засаг даруй 25 хувиар агшиж, дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй болж, дампуурсан банкуудын үүдэнд иргэд хадгаламжаа эргүүлэн авах гэж үймэн үнэгүй шөл, зүсэм талхны урт дарааллууд тус улсын аль ч хотын нийтлэг дүр зураг байв. Харин одоо байдал ямар байна вэ. 2004 оноос хойш жилд дунджаар 3 гаруй хувиар өссөн Америкийн эдийн засаг энэ онд эрчээ сааруулсан ч 1.5 орчим хувиар мөн л өсөх төлөвтэй. Унах байтугай зогсонги байдалд ч хараахан ороогүй байна. Эдийн засагчдын тооцоолж буйгаар ирэх жилд бага зэрэг уналт ажиглагдана гэх. Ажилгүйдэл өссөн боловч 6 хувиас хэтрээгүй, нэмж өслөө ч хоёр оронтой тоонд хүрнэ гэх гутранги үзэлтэн ховор.
Долларын ханш унаж, нефтийн үнийг дагаад барааны үнэ өссөн боловч үүнд бухимдсан америкууд Цагаан ордныхоо өмнө лоозон барин жагссангүй, эсэргүүцлийн хурц хэлбэрийг сонгон өлсгөлөн зарласан хүн ч мөн алга. Моргэж буюу орон сууцны зээллэгийг өөр хоорондоо өрсөлдөн төлбөрийн чадваргүй хүмүүст хүртэл өгөөд эргэж авч чадахгүйд хүрсэн санхүүгийн томоохон байгууллагууд ар араасаа дампуурах юм уу дампуурлын ирмэгт тулахад "хэнэггүй" америкууд мөн л бужигнасангүй, банкуудаас мөнгөө татах гэж сандарсангүй. Засгийн газар нь харин шуурхай хөдөлж, санхүүгийн тогтолцоогоо эргэж хөл дээр нь босгохын тулд 700 тэрбум долларын амь тариа хийхээр шийдвэрлэв. Чөлөөт зах зээлийн эдийн засагт хэдэн үеээрээ амьдарсан америкууд цэцэглэлтийн үед ч хөөрцөглөхгүй, хямралын үед ч гутрахгүй нь сайхан юм даа. Өсөлт уналтыг, хямрал сэргэлтийг дагуулдаг эдийн засгийн хуулийг тэд мэдэлгүй дээ.
Гэвч яагаад энэ удаагийн хямрал ийм айхтар цар хүрээтэй болж байна аа. АНУ-ын эдийн засаг 2001 оны бага зэрэг уналт, удаахь хоёр жилийн зогсонги байдлыг эс тооцвол сүүлийн 20 шахам жил циклийн хямрал үзэлгүй тогтвортой өсөлтийн хугацааны рекордоо эвдсэн гэдэг. Хэдий өндөрт гарна төдийчинээ чанга унана гэгч л болж байна уу гэлтэй. Угтаа бол хямрал гэдэг эдийн засгийг үр ашиггүй аливаа бизнесээс цэвэрлэж, эрүүлжүүлдэг бас тийм ч муу зүйл биш. Гэтэл тус улсын Засгийн газар өөрт буй янз бүрийн нөлөөллийн механизмуудыг ашиглан 2001 онд эдийн засгийн ээлжит уналтыг хиймлээр сулруулж, зүй ёсны үйл явцыг зогсоосноор хямралыг ийнхүү хүндрүүлсэн гэж зарим эрдэмтэн дүгнэжээ.
Түүх сөхвөл өөр нэг сонирхолтой дүгнэлтэд хүрч болно. 1930-аад онд АНУ-ын Ерөнхийлөгч Ф. Рузвельт улс орноо Их депрессиэс гаргасан "Шинэ бодлого" гээчийг тунхагласнаас хойш төрийн оролцоо нэмэгдсээр 1970-аад онд хүнд сурталд баригдсан эдийн засаг уян хатан чанараа алдахад хүрчээ. Тэгвэл 1980-аад онд Р. Рейган үүнд цэг тавьж, хэдий их эсэргүүцэлтэй тулгарсан ч эдийн засаг дахь төрийн оролцоо болон татварын хэмжээг боломжит доод түвшинд хүргэв. Рейганомик, мөн неолиберал нэр авсан энэ бодлогын үр дүнд Америкийн аж үйлдвэрийн уламжлалт олон салбар үгүй болсон ч эдийн засгийн өсөлтийн шинэ суурь тавигдан биотехнологи, мэдээллийн технологи зэрэг шинэ салбарууд үүсчээ.
Рейганы эринээс өмнө кейнсчид (товчдоо бол төрөөс өсөлтийг хангахын тулд эдийн засагт идэвхтэй оролцохыг дэмжигчид) улсын зардлаа татвараас орж ирэх орлогоос хэтрүүлэхгүй барихыг зорьдог байсан бол 1980-аад онд татварыг багасгах нь төсвийн орлогыг хэсэг хугацаанд агшаах боловч эцсийн дүндээ нэмэгдүүлдэг гэх үзэл давамгайлж эхлэв. Энэ үед Америкийн эдийн засаг огцом сэргэлт аван хурдацтай хөгжиж эхэлсэн. Нөгөөтэйгүүр тус улсын төсөв алдагдалтай гардаг болж, гадаад өр нь ч нэмэгдэх болсон юм. 1990-ээд онд Б. Клинтон татварын хэмжээг эргүүлэн нэмснээр тус улсын төсөв алдагдалгүй гарахын сацуу Б. Рейганы үед хүч орсон эдийн засаг өссөөр л байв. Тухайн үедээ дэвшилтэт байсан зүйл цаг нь болоход хөгжлийн тушаа болох нь бий. Шинэ зууны эхээр Ж. Бушийн Засгийн газар неолиберал бодлогыг дахин баримтлан татварын хэмжээг буулгаж эдийн засгийн хөгжлийг хангасан боловч тус улсын төсөв байнга алдагдгадалтай гарсаар өдгөө 400 тэрбум долларт хүрэв. Гадаад өр мөн байнга нэмэгдсээр 9 триллион доллар болжээ. Ингэснээр АНУ зөвхөн өрийнхөө үйлчилгээнд жил бүр 400 тэрбум доллар зарцуулахад хүрээд байна. Энэ бол мэдээж том дарамт. Үүнээс гадна эдийн засаг дахь төрийн оролцоог багасган хяналтгүй шахам үлдээсэн нь Уолл-Стритэд нүүрлэсэн өнөөгийн хямралын нэгэн шалтгаан боллоо.
2001 оны есдүгээр сарын 11-ний эмгэнэлт үйл явдлаас хойш Ж. Буш терроризмын инкубатор болсон ойрхи дорнодыг төвхнүүлэхээр шийдэж улс орноо Ирак, Афганистанд төгсгөл л нь үл харагдах бүтэл муутай дайнд шигдээн төсөвтөө нэмэлт ачаалал үүсгэлээ. Энэ хоёр дайны зардал мөн л сунжрах тусам ихэссээр. Теологич Р. Нибур нэгэнтээ, "АНУ ихэмсэг зан, нарциссизмыг хослуулан түүхийг залах мөрөөсөлд автах нь туйлын аюултай" гэсэн нь бий. Үнэхээр ч шалтаг зохион Ирак руу цэргийн хүчээр нэвтэрсэн АНУ өдгөө урьд өмнө байгаагүйгээр нэр хүндээ алдаж эхэлсэн нь хүчиндээ хэт бардсаных гэлтэй. Америкийн нэр хүндийг дагаад ардчилсан тогтолцоог хөгжлийн хамгийн шилдэг арга гэх итгэл буурах төлөвтэй. Тоталитар дэглэмтэй манай хоёр хөрш үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. "Хар" даваа гаригийн дараахан ОХУ-ын тоглоомын Ерөнхийлөгч Д. Медведев АНУ-ын дэлхийг цагдах цаг дуусгавар болж байна гэсэн утгатай үгийг баяр хөөрөө нууж ядан хэлсэн. Тэгээд дэлхийг зохицуулагч АНУ-ын үүргийг хүлээн авагч нь хэн болж таарах вэ. Эрчим хүчний түүхий эдийн асар их баялагтай ОХУ, эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд АНУ-ын дараа орсон БНХАУ-ын хоршил уу.
Цөөн хэдэн баримт. АНУ-ын хөрөнгийн биржийн Доу Жонс индекс сүүлийн гурван сард 25 хувиар буурахад Хятадын Шанхайн биржийнх 40, Оросын хөрөнгийн биржийнх 70 шахам хувиар унажээ. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэг өдөрт 35 тэрбум, өндөр технологийн компаниудын хувьцаа голчлон арилжаалагддаг НАСДАК дээр 40 тэрбум долларын хэлцэл хийгддэг бол Лондоны бирж-14, Парисынх-12, Токиогийнх-7 тэрбум долларын эргэлт хийдэг байна. Дээр нь АНУ-ын ДНБ 14 гаруй триллион доллар. Тус улс дэлхийн ДНБ-ий бараг гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэдэг гэсэн үг. Боловсруулах аж үйлдвэрийн хувьд ч АНУ дэлхийн гуравны нэгийг хангадаг. Өндөр технологитой салбарыг авч үзвэл АНУ-40, бусад дэлхий-60 хувь гэсэн тоо гарч ирнэ. Дэлхийн худалдааг яривал доллараар нийт гүйлгээний 50 гаруй хувь хийдсээр байна. Зарим барааны, жишээ нь нефтийн арилжаа бараг 100 хувь доллараар хийгддэг байх жишээтэй. Дэлхийн нөөц валютын хувьд доллар 60 хувийг эзэлсээр.
АНУ-ын гадаад өр бас их хачирхалтай. Жишээ нь манай улс эдийн засгийн хямралд ороод зээл өгөөч гэж гуйдаг. Америкууд гуйдаггүй. АНУ-д хийдэг экспортоороо манай урд хөрш Канадын дараа орох болсон. Хятадууд тэрхүү экспортоосоо олсон орлогынхоо ихэнхийг АНУ-ын Засгийн газрын үнэт цаас авахад зарцуулдаг аж. Туйлын найдвартай хөрөнгө оруулалт гэж үздэгээс л тэр. Товчдоо бол гадныхан сайн дураараа АНУ-д зээл өгдөг, өгөхийг өөрсдөө гуйдаг байна.
Америкийн эдийн засгийн хүч нь мөн тус улсын шинжлэх ухаан-техникийн нөөцөд оршдог нь тодорхой. Дэлхийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд АНУ аль ч оронтой харьцуулшгүй их хөрөнгө зарцуулдаг. Хөдөлмөрийн бүтээмжээр дэлхийг өнөөх л АНУ тасархай тэргүүлсээр. Үүнд тус улсын эдийн засгийн бусдаас давуу тал оршсоор иржээ. Бизнес эрхлэх таатай орчныг авч үзвэл АНУ-ын өмнө ердөө Сингапур, Шинэ Ззланд хоёр л ордог байна.
Дээр нь энэ улсын имиж. Хүчирхэг хэрнээ нээлттэй, ардчилалтай байж чаддаг, хүнийг арьс өнгө, угсаа гарал, өндөр нам гэлтгүй гагцхүү авьяас чадлаар нь шударгаар үнэлдэг энэ орны найрсаг байдал олон хүнийг татдаг биз ээ. Хүнийг үнэлдэг гэдгийг энд онцолмоор байна. Ийм ч учир аль ч салбарын алтан гартнууд, суут авьяастнуудын урсгал тус орныг л чиглэсээр. Хүний капитал тус орны хамгийн том баялаг, хүчирхэгийнх нь нууц гэмээр.
Одоогоор чухам АНУ нийт хүн төрөлхтний хөгжлийг чиглүүлэн үнэхээр глобал гадаад бодлого явуулж, элдэв зөрчилдөөнийг зохицуулан цэргийн хүчээ дэлхийн аль ч цэгт хүргэх чадвартай цорын ганц орон хэвээр байна.
Даяаршлагдсан дэлхийгээр тархаж буй санхүүгийн, улмаар эдийн засгийн ДОХ АНУ-д таагүй нөлөөлж буй нь мэдээж. Энэ хямралыг давахад тус улсад нэлээд хүчин чармайлт, хугацаа шаардлагатай нь дамжиггүй. Хямралын үед ямар ч түүхий эдийн хэрэгцээ багасч, улмаар үнэ нь буурах нь зүй. Иимд хямралыг ОХУ, Венесуэл, Иран зэрэг нефть болон бусад түүхий эдийн сүүлийн хэдэн жилийн огцом өсөлтөнд бардсан улсууд АНУ-аас илүү гарз хохиролтой туулахаар байна. АНУ болон өрнөдийн орнуудад нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний хэмжээ нь багасаад ирэхээр Хятад гэх мэт орнуудын эдийн засаг ч хямралыг тойрно гэж үгүй. Америкт найтаахад бусад оронд хатгаа тусна гэдэг л энэ байх.
Хэдий сул тал, дутагдал ихтэй ч АНУ-аас илүү дэлхийг залах улс, ардчилалаас илүү нийгмийн тогтолцоо одоогоор алга. Тэгэхлээр Марк Твейний үгийг үл ялиг өөрчлөн хэлэхэд, "Америкийн мөхлийн тухай мэдээ арай эртэджээ, эрхэмүүд ээ".
Миний Булан-д нэмэх
Танилдаа илгээх
Уншсан: 3902
Нийт сэтгэгдэл (6)
RSS4. ehgiin
hediigeer amerik hvcherheg heveer met bgaach ene hyamral amerikiin ediin zasgiin bolood bysad noerholiig ers buuruulah n medregdej bna.delhiid noerhol baihgv boloh n oilgomjtoi .hyatad bol jinhen aimshigtaigaar hvchirhegjij bnshvvdee .








