Medeelel
cyrillic
dictionary
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture cmn
bayareamgl

Эрдэмтэн Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадын булш Монголд л бий

2013 оны 8 сарын 17, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)
khunnu
“Жак Уэтерфордын нэрэмжит
2011 оны тусгай шагнал” 1. “Гол мод -2” археологийн судалгаа
Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатараар ахлуулсан  эрдэмтэн, судлаач, багш оюутнууд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал хэмээх газар орших Гол мод нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн олж, Хүннүгийн хааны булш олсноо зарласан. Архангай аймгийн Хайрхан сумын Хүнүй голын хөндийд Гол модны Хүннүгийн хаадын булштай газартай ижил нэртэй, дурсгалын хувьд ч ижил байгааг анзаарч түүхэн дурсгалтай ижил газраас ялгахын тулд “Гол мод-2” хэмээн нэрлэжээ. Археологийн судалгааны үр дүн Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000-1500 жилээр урагшлуулан “Чемурчекийн соёл”, Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг шинээр илрүүлэн олжээ. Хүннүгийн их хааны булшны малтлага судалгааны үр дүн бол түүхэндээ анх удаа монголчууд гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилсэн.  Хүннүгийн их хааны булш хэмжээний хувьд ч тэр, малтлага судалгааны ажлын үргэлжилсэн цаг хугацаа, оруулсан хөрөнгө оруулалт, ажилласан хүний тоо, илрэн олдсон археологийн эд өлгийн дурсгал зэргээрээ олон дээд амжилтыг тогтоожээ.
http://medeelel.com/news/batmunkh/item/1466

Түүнтэй хийсэн ярилцлагаас хүргэе.
Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадын булш Монголд л бий

Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадын булш Монголд л бий “Би чамд маш сонин зүйл үзүүлье” гэж хэлэхдээ түүний нүд илт сэргэв. Шүүгээнээсээ нандигнан боосон эд гаргаж ирээд “Энэ юу вэ. Таа даа” гэлээ. “Мэдэхгүй” гэтэл алчуурыг яарангуй задалж, дотроос нь шилэн аяга гаргаж ирэв. Бидний хэрэглэдэг аяганаас ялгах аргагүй юм. Гэвч энэ нь археологич Д.Эрдэнэбаатарын хувьд хамгийн үнэтэй олдворуудынх нь нэг аж. Торгоны их зам Монгол орныг их хөлийн газар болгосон өнө эрт цагт араб, персүүдийн урласан шилэн аягыг тэрбээр олжээ. Үүнийгээ “Дэлхийд шуугиулах ховор олдвор” хэмээсэн археологич, профессор Д.Эрдэнэбаатар бидэнд сонирхолтой зүйл олныг дэлгэсэн юм.


-Зорилго нэгт нөхөд тань таныг “Хүрэл зэвсэг, Хүннү судлаач” хэмээдэг юм билээ. Хүннүчүүд ер нь хаанаас ирсэн хүмүүс вэ?

-Шинжлэх ухаанд хоёр янзын таамаглал байдаг. Эхнийх нь хүннүчүүдийг Ордосоос нүүдэллэн ирсэн. Харин дараагийнх нь “Хүннүчүүд угаас Монгол нутагт аж төрж байсан уугуул ард түмэн” гэсэн санал юм. Судлаачийн хувьд би хүннүчүүдийг Ордосоос хойш чиглэн нүүдэллэж, Монголд ирсэн гэдгийг байж болох хувилбар юм болов уу гэж боддог. Хэдийгээр Ордос Хятадын нутагт оршдог боловч тухайн цагтаа нэг л бүс нутаг байсан. Тэгээд ч улс төр, эдийн засгийн гол төв нь Монгол байсан гэдэгтэй маргах аргагүй. Үүнийг нотлох зүйл олон бий. Хүннүгийн үеийн язгууртнуудын булшны дийлэнх нь манай улсын нутаг дэвсгэрт байдаг. Цөөн хэсэг нь ОХУ-ын Буриадын нутагт байгаа. Гэхдээ энэ бол “Монголын хилээс гадна” гэсэн үг биш. Тухайн үед Хүннүгийн газар нутаг Байгаль нуурын хойд хэсэг хүртэл үргэлжилж байсан. Тиймээс хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс яах аргагүй мөн.

-Судалгааны явцад зарим зүйл нь илт зөрчилдөж, сэтгэлийг тань гонсойлгосон зүйл байдаг уу. Аж байдлын хувьд биднээс огт өөр соёл, заншилтай байсан бол яана?
-Тийм зүйл байхгүй. Хүннүчүүд бидний өвөг байсныг нотлох маш олон зүйл бий. Тэд мал аж ахуйг голлон эрхэлдэг байсан. Үүнээс улбаалж, тэдний ахуй амьдралаа хөтөлж байгаа нь өдгөөгийн монголчуудынхтай үндсэндээ ижил юм. Би олон баримтаар нотолж чадна шүү. Хүннүгийн түүхийг бид эртний Хятадын түүхэн сурвалжийн мэдээ, Монгол нутагт малтан шинжилж буй археологийн дурсгалууд дээр тулгуурлан судалдаг. Энгийн жишээ хэлье л дээ. Хятадын түүхэн сурвалжуудад “Умардын нүүдэлчид мал шигээ бүдүүлэг. Тэд өвсний соргог, усны тунгалгийг даган нүүдэллэнэ. Чингэхдээ малынхаа арьсыг гадагш нь харуулж өмсөөд явдаг” гэж өгүүлсэн байдаг.

-Үнэхээр тийм байсан юм уу?

-Нэг соёлыг нөгөө өнцгөөс харж байгаа нь тэр л дээ. Үстэй дээлтэй хүнийг малынхаа арьсыг нөмөрчихсөн явж байна гэсэн л санаа юм. Өнөөгийн монголчууд хонь, ямааныхаа арьсыг хэрхэн элдэж, дах, дэгтийгээ хийж өмсдөг билээ дээ. Энэ соёлыг ойлгохгүй хүн бол “Малынхаа арьсыг нөмөрчихөж” л гэж хэлнэ. Бид ч ялгаагүй. Хятадын газар тариалан эрхлэх соёлыг ойлгохгүй байж “Хятадууд газар ухахаас өөрийг мэдэхгүй” гэж муулбал ард түмнийг нь доромжилсон хэрэг болно. Үүнтэй адил эртний Хятадын сурвалж бичигт муучилж, ойлгохгүй зүйлээ гайхаж бичжээ.

-Яагаад гайхсан гэж?

-“Хүннүчүүдийн дуулах нь чоно улих мэт” гэсэн байгаа юм. Үнэхээр ч нүүдэлчдийн соёлыг ойлгохгүй хүнд чоно ульсан мэт сонсогдож магадгүй. Гэтэл бидний ахуй амьдралд хамгийн түгээмэл байдаг уртын дууны өнгө аяс тэр үед байсан л байна. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт малтсан булшнаас Хүннүгийн үед ясаар хийсэн хэл хуур олдсон. Хөгжмийн зэмсэг, нүүдлийн мал аж ахуйн тухай өөр олон баримтыг хэлж болно. Хамгийн сүүлд олдсон баримтынхаа тухай ярья л даа. Чингис хаан Хятадын их сэтгэгч Чан Чунь бумбатай уулзсан дурсамжийн тухай шавь нарынх нь бичсэн номыг Хятадад хэвлүүлсэн байдаг. Хоёр эрхмийн ярианд дурьдагдсан нэгэн мэдээ бий. Чингис хаан “Бид их Хүннүгийн шанью нарынхаа угсаа соёлыг залгамжилсан улс шүү” гэж Чан Чунь бумбад хэлжээ. Түүх соёлын улбаа заавал байдгийн тодорхой жишээ энэ. Чингис тэгж хэлж байна гэдэг бол хүннүчүүд монголчуудтай угсаа гарлын хувьд салшгүй холбоотой гэдгийг илтгэх баримт юм.

-Модун шанью, Чингис хоёрын төр улсаа захирах арга барил ижил байв уу. Ер нь Модун шаньютай холбоотой эд өлгийн зүйлс олддог уу?
-Археологийн судалгааны баримтаар “Модун шаньюгийн эд зүйл, баримт” гээд үзүүлчих юм үнэндээ алга. Түүхийн эх сурвалжийн мэдээг уншихад Модун шанью, Чингис хаан хоёрт ижил төстэй шинж олон байсан. Тухайлбал, Модун шаньюг “Эцгийгээ хөнөөж, хаан ширээнд суусан” гэж Хятадын сурвалж бичигт бичсэн байдаг. Модун шанью нэг талаар харгис хэрцгий мэт харагдаж байгаа ч сул дорой эцгээ төр барих чадваргүйг мэдсэн учраас ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн байх. Чингис хаан ч гэсэн гол өрсөлдөгч болох Бэгтэрийг харваж хөнөөдөг. Уг нь тэр хоёр нэг эцэг, хоёр эхтэй ах, дүү хоёр шүү дээ. Уламжлалаараа бол ахмад хөвгүүн нь хаан ширээнд суудаг учраас Бэгтэр Чингисийн өрсөлдөгч байсан. “Монголын нууц товчоо”-нд дүрсэлснээр хоёр хүүхдийн хоорондох асуудал шиг харагдавч ирээдүйд хэн нь хаан ширээнд суух вэ гэдэг л тэмцэл юм. Үүнийг хүмүүс харгис хэрцгий юм шиг ойлгодог. Хэн хамгийн хүчтэй удирдагч байх вэ гэдгээ мэдэрч байна гэдэг нь агуу хүмүүсийн чанар.

-Хүннүчүүд аль овог, аймгийнхантай найрамдаж, алинтай нь дайсагналцдаг байсан бол?
-Хятадын сурвалж бичигт Дунху, Хун зэрэг олон овог, аймгийн тухай бичсэн байдаг. Хэдийгээр өөр, өөрөөр бичсэн боловч эдгээр нь Монгол нутагт байсан овог, аймгууд юм. Тэр үед 24 аймгийн холбоо байсан бөгөөд нэгнийгээ шанью болгон өргөмжилдөг байсан. Овог, аймгийн ноёдын зөвлөлгөөнөөс нэгнээ ийн сонгодог хэрэг л дээ. Харин Модун шанью эцгийгээ харваж хөнөөгөөд хаан ширээнд сууснаас хойш угсаа залгамжилдаг болсон. Шанью нарын угсаа залгамжилдаг овгийн тотем нь чоно. Чингис хааны угсаа залгамжилсан овог нь ч Бөртэ чоно. Тэгэхээр хоорондоо холбоотой байгаа биз. Хэдийгээр 1000 гаруй жилийн зайтай оршин тогтноцгоосон ч угсаа залгамжилсан овог, аймгууд байжээ гэдэг нь харагддаг. Гэхдээ бусад нутагт Хүннүгийн язгууртнуудын булш байна уу, үгүй юү. Байвал хаана байна вэ. Казахстан, Тува, Киргизэд “Хүннүчүүд бидний өвөг дээдэс” гэж бичдэг. Тийм л юм бол тэр үеийн хаадын булш хаана байгаа юм бэ.

-Хүннүчүүд хэдүүлээ байв. Тэд бидэнтэй орчин цагийн монгол хэлээр “ойлголцох” болов уу?
-Унгар, Хятадын судлаачид “Хүннүгийн хэл бол өвөг монгол хэл байсан” хэмээн түүхэн баримтад түшиглэн хэлсэн. Өвөрмонголын профессор Учралт Хятадын түүхэн сурвалжид дурьдсан хятад галигаар бичсэн монгол үгсийг сэргээгээд “17 үг байна” гэж Монголд саяхан болсон хурлын үеэр илтгэлдээ дурьдлаа.

-Ямар, ямар үгс байх юм?

-Хөх тэнгэр, чоно, малгай, дээл гэх мэт олон үг байсан. Тухайн үед хятадууд хүннүчүүдийг тэгж хэлэхийг сонсоод хятад хэлнээ галиглахдаа буруу биччихсэн байгаа юм. Түүнийг л залруулж, монгол үг болохыг нь тогтоосон. Харамсалтай нь Хүннү улсын хүн ам хэчнээн байсан бэ гэдгийг тогтооход хэцүү. Бид Эгийн голд 100 гаруй булш малтсан юм. Тэдгээрийг хэдэн жил болсныг тогтооход “100 гаруй жил” гэсэн дүгнэлт гарсан. Зөвхөн нэг голын савд шүү дээ. Өөр газруудад ч тийм булш бий. Гэхдээ тэр үед хэчнээн хүн амтай байсныг тодорхойлох бололцоо их муу. Хэрэв хүннүчүүд хэдүүлээ байсныг тогтооё гэвэл Монголд байгаа бүх булшийг тоолох хэрэгтэй. Тэгж байж багцааг нь гаргана.

-Олон улсын эрдэмтэд ДНК-ийн шинжилгээ хийж, хүннүчүүдийг “Монголчуудын өвөг” гэдгийг баталсан гэдэг. Та энэ тухай сонссон уу?
-Тийм ээ, үнэн. Монголын төв хэсгээс олдсон олдворуудад хийсэн ДНК-ийн судалгаа, өдгөөгийн амьдарч буй хүмүүсийн ДНК ижилхэн байна гэдгийг 1990-ээд оны эхээр доктор Батсуурь нотолсон. Түүнээс хойш ч гэсэн харьцуулсан судалгаа хийж, улам баталгаажуулж байна. Хүннүчүүдийн оршуулах ёс заншил гэдэг нь монголчуудтай холбох нэг сэжим юм. Өнөөгийн монголчууд талийгаачийг оршуулахдаа уулын энгэрт хойд зүгт хандуулан тавьдаг. Эд өлгийн зүйлсийг нь дагалдуулан хийдэг шүү дээ. Энэхүү зан үйл эртний Хүннүгээс эхтэй.

-Эрт цагт хөшөө дурсгалдаа зос түрхдэг байсан нь ямар учиртай юм бол?
-Улаан зос хэмээх байгалийн шороон будгийг оршуулгийн зан үйлд ашигладаг байсан. Үүгээр нь өвөг монголчууд гэдгийг нотолдог. Дээл, хувцас, гутал байна. Энэ бүхэн 2000 жилийн тэртээгээс өдгөөг хүртэл хувьсч өөрчлөгдөлгүй уламжилж ирсэн. Ялангуяа XIII зууны үед өмсч байсан монгол дээл Хүннүгийн үеийнхтэй хийц загвар нь яг адилхан. Тиймээс “Хүннү бидний өвөг дээдэс” гэж бодох, бас эргэлзэх хэрэггүй юм. Монгол нутгаас олдсон Гол мод I, II хэмээх алдартай газрууд бий. Манай улсад Хүннүгийн үеийн хаадын булш байгааг гэрчлэх тодорхой баримт бол энэ. Танд үзүүлж буй зураг бол тэр үеийн язгууртны булш. Нийт 200 гаруй булш байгаагийн хамгийн том нь л доо. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших уг булш уртаашаа 80, өргөөшөө 42 метр. Нийт 30 иргэний булшийг дагалдуулж тавьсан онцлогтой. Хаад, язгууртныг дагалдуулж, хүн, адуугаар тайлга тахилга хийдэг ёс Чингис хааны үе хүртэл үргэлжилсэн. Монголчууд “Дэр авч үхнэ” гэж ярьдаг. Хүнээр дэр тавьж үхнэ гэх тайлга тахилга л уламжилж байгаа нь тэр юм.

-Булшинд тухайн хүмүүсийн зэрэг зиндаа, байр суурийг илтгэх ул мөр байдаг уу?
-Эрт цагийн оршуулгын бүхий л зан үйлээр тухайн хүний зэрэг зиндааг байнга илтгэдэг байсан. Одоо ч мөн адил. Эртний язгууртнуудын булш хэмжээ, хэлбэр том, жирийн хүмүүсийнх бага байдаг. Дагалдуулсан эд өлгийн зүйлс нь ч ялгаатай. Зэрэг зиндаа хамаарахгүйгээр аль ч булшинд байдаг олдвор бол ханан хээ юм. Чулуун авс байлаа гэхэд дээр нь энэхүү дүрсийг сийлнэ. Модон авсны гадуур төмөр, алт, зэс, хусны үйсээр ханан хээг дүрсэлдэг байсан. Манайхны “Ханан гэрт төрж, хадан гэрт очно” гэдгийн нотолгоо юм. Үгээгүй ядуусыг хадны ангалд оршуулдаг байж. Энэ нь дээрх хэлц үгний утга санааг илэрхийлж байгаа хэрэг. Буган чулуун хөшөө бол хүн. Нүүр, дээл, зэр зэвсэг зэрэг бүх юм байна. Түүнийг ямагт зүүн тийш хандуулж тавьдаг. Наран мандах зүг гэдэг нь хүрэл зэвсгийн үеэс авахуулаад өдгөөгийн монголчууд хүртэл тасралтгүй үргэлжилж буй уламжлал юм. Нар, сарны бэлгэдэл дээр гал нэмэгддэг. Ертөнцийн энэхүү гурван бэлгэдэл нь өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн үг.    
  
-Д.Эрдэнэбаатар гэдэг зохиогчтой түүхийн номнууд бишгүй бий. Бидний ярилцлагыг уншиж буй хүмүүс “Энэ ер нь хэн гээч вэ” хэмээн сонирхож магадгүй. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Археологийн шинжлэх ухааныг шимтэн судлаад 25 жил болж байна. Профессор Д.Наваан, Н.Сэр-Оджав, академич Д.Дорж багшийн шавь. Тэднийхээ зааж сургасан эрдэм, түүх, соёлоо дээдлэх уламжлалыг үргэлжлүүлж явна. Би таван ном бүтээсэн. “Монгол нутаг дахь дөрвөлжин булш, хиргисүүрийн соёл”, “Монгол Алтайн хүн чулуун хөшөө”, “Эртний металлург боловсруулалтын түүх” зэргийг бие даан бичлээ. Бусдыг нь хүмүүстэй хамтран бүтээсэн. Монголын түүхийн I ботийг бүтээхэд хүрлийн үеийн тухай бичилцсэн ийм л нэгэн археологич.  

-Багш нар тань мөн л хүрэл зэвсэг, Хүннүгийн үеийг судалж байв уу?
-Миний багш Д.Наваан гэж алдартай профессор байсан. Тэрбээр хүрэл зэвсгийн үеийг судалдаг байлаа. Өнгөрсөн намар бурхан болсон доо. Багш маань намайг оюутан байхад дагалдангаар ажиллуулж байв. Дараа нь би хүрээлэнгийн ажилтан болж, хүрэл дуулга олчихоод багшдаа “Дөрвөлжин булшнаас хүрэл дуулга оллоо” гэхэд “Битгий худал ярь. Би 44 жил би малтаад олоогүй” хэмээн гайхаж байсан. Гэхдээ өөрийн гар дээр тавьж үзээд итгэсэн. Тэрхүү хүрэл дуулгыг би нэг бус, хоёр ч удаа олж билээ. Эхнийхийг нь олчихоод дараа жил нь олоход өвгөн багш минь “Миний хүү гараад л хүрэл дуулга олоод ирдэг болж дээ” гэж урамшуулж байсан. Ер нь би яагаад хүрэл зэвсэг, Хүннүг хамтад нь судалж байна вэ гэвэл Монголын түүх тасарч болохгүй. Хүрэл зэвсгийн үеийг залгамжилж гарч ирсэн овог, аймаг нь яах аргагүй Хүннү. Тийм учраас үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна. Ерээд оноос хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын нутагт Хүннүгийн булшийг малтах ажлаа эхэлсэн. Хүрлийн үеэ ч энэ далимд судлан шинжилсээр байгаа.

-Археологичид ер сонин хүмүүс шүү. “Дөрвөлжин булш, буган хөшөө тэнд байна” гэж яаж олж очдог хэрэг вэ?
-Тэр бол нэг их далд байдаггүй, харин ч нүдэнд ил байдаг юм. Монгол орны нэг гайхамшиг нь хүрлийн үе болон Хүннүгийн булш газрын хөрсөн дээр ил харагддаг. Тэдгээрийг хайх нь нэг их түвэгтэй биш. Дотроос нь “Бидний өвөг дээдсийн соёл мөн байна” гэдгийг нотлох эд өлгийн дурсгал олох л чухал. Гэвч ихэнх нь тухайн цагтаа тоногдчихсон байх аюултай боловч баталгаа болгох зүйл зөндөө олддог. Би ганцхан жишээ үзүүлье. Энэ бол Хүннүгийн үеийн булшнаас гарсан тамгатай шагай. Голынх нь наран тамга, бусад нь дэгрэй, сэрээ тамга. Наран тамга бол Чингис хааны тамга. Дэгрэй тамга нь Өгөөдэй хааных, сэрээ нь Мөнхийн удмын тамга юм. Эдгээр нь тэдний үед гаргасан зоос, мөнгөн тэмдэгтүүд дээр байдаг. Дээр дурьдсанчлан Чингис хааны хэлсэн үг батлагдаж буй нэг баримт бол энэ. Бид бичсэн түүх байхгүй ч газрын хөрсөн дээр, бас доор үлдээчихсэн агуу их түүхтэй.

-Олон жилийн туршид цөхрөлтгүй хайсан олдвор танд бий юү. Түүнийгээ олов уу?
-Би бусад хүнийг бодвол мөрөөдөлдөө хүрсэн. Хүүхэд ахуйгаасаа л археологич болохыг мөрөөддөг байлаа. Дунд сургуульд байхад түүхийн хичээлийн сурах бичигт “Ноён уулыг малтаж буй нь” хэмээх тайлбартай зураг нийтлэгддэг байсан. Тэрхүү зурагт хэдэн хүн тойроод суучихсан байхыг хараад “Ийм л болох сон” гэж бодсоор археологич болсон л доо. Монгол түүх, соёлоо хэн ч маргахын аргагүйгээр “Бидний өв соёл энэ шүү” гэдгийг дэлхий нийтэд ойлгуулчих юмсан гэсэн хүсэл минь ханахгүй л явна.

-Гол багаж тань юу вэ?
-Багс, хутга. Зарим хүн булшийг хүрз, жоотуугаар ухчихдаг юм шиг ярьдаг. Тийм биш. Жижиг багажаар өвстэй хөрс, шороог цэвэрлэж, зөөх гэх мэтээр чимхлүүр нарийн ажил хийдэг учраас цаг их шаардана. Үнэндээ залхуу хүн хийхээр ажил биш л дээ.

-“Ямар хачирхалтай олдвор вэ” гэж гайхаж явсан үеэ дурсаач?
-Их сургуулиа төгсч, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд ажиллан анхны экспедицэд гарч, олсон олдвор маань хүрэл морь. Олзтой, хийморьтой яваа минь хүрэл морьтой холбоотой гэж бэлгэшээж явдаг. Хүннүгийн үеийн булшнаас бэхийн чулуун янтай олсон. Өөрийн олсон гайхамшигт олдворуудаа дурьдвал нэлээд их юм болно. Олдворууд маань дэлхий дахинд Монгол Улсын түүхийг өгүүлэн үнэт үзмэр болон танигдаж байна. Мэдээж, тэнд “Д.Эрдэнэбаатар үүнийг олсон юм” гэсэн үг байхгүй л дээ. “Монголын тэр аймгийн тийм нутгаас олдсон” хэмээн танилцуулж байгаад нь би бахархдаг.

-Та одоогоос 4000-2500 жилийн өмнөх түүхийн үнэнийг эрэлхийлж яваа. Гэвч тэр цагаас хойш өчнөөн олон удаа үймээн самуун, цөвүүн цаг тохиож байсан. Эд өлгийн зүйлсийг хэр гэмтээж, хөндсөн байна вэ?
-Амьдралынхаа туршид 200 гаруй булш шинжилж үзэхэд 4-5-хан л бүтэн булш таарсан. Ихэнх нь тоногдсон байлаа. Тухайн цагтаа тоногдсон хэрэг шүү дээ. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Монгол гэх мэтээр дараалан байгуулагдсан улсуудын нэг нь нөгөөгийнхөө дурсгалыг устгадаг байсан гашуун түүх бий. Үүнийг хэнээс ч нуух аргагүй. Гэвч тэдгээрээс үлдсэн нь бидэнд өнгөрсөн үеийнхнийхээ тухай мэдэхэд хангалттай баримт болдог. Хүннүгийн хаадын булшийг Сяньби буюу Хятадын сурвалжид бичсэнээр Дунху нар толгой дараалан тоносон байдаг. Монголд нэгэн эвгүй үг бий. “Ясыг нь өндөлзүүлнэ” гэж. Амьдад нь хүчирхийлж дийлэхгүй учраас үхсэнийх нь дараа булшин дээр нь очиж хонзонгоо авдаг муухай заншил байсан хэрэг. Нэг ёсондоо гутаан доромжилж байгаа юм.

-Хадны сүг зураг дээрх элдэв дүрс нь тухайн овог, аймгийн нэрийн хуудас” гэлээ. Хүннү, Сяньби, Жужаны “нэрийн хуудас” ямар утга санааг илэрхийлдэг вэ?
-Хадны сүг зургуудийг чулуун, хүрэл, эртний улсуудын ба Монголын үеийнх гэж ангилдаг. Тэдгээр нь тухайн цагт амьдарч байсан хүмүүсийн гарын үсэг юм. Тэдгээрийг аль үед хийсэн бэ гэдгийг хараад ялгах боломжтой. Харамсалтай нь Хүннү, Сяньби, Жужаны үеийнх гэж ялгачихаар сүг зураг хангалттай олдоогүй. Хүннүгийн үеийн хадны сүг зургууд бол байна. Зургийн хөдөлгөөн, дүрсээрээ бусдаасаа ялгаатай. Тэдгээрт хүний амьдралын бүх үйл явдлыг дүрсэлсэн. Дайн, тулалдаан, бүжиг, наадам, оршуулгын зан үйл, ан гөрөө гэх мэт нь бидний түүхэн эх сурвалж.

-Энэхүү эротик дурсгалыг хаанаас олсон билээ?
-Өвөрмонголын Улаанхад хошууны нутгаас олдсон юм. Дэлхий даяар шуугиан тарьж байна л даа.
 
-Аль үед хамаарах вэ?

-8000-5000 жилийн өмнөх үеийнх. Шинэ чулуун зэвсгийн үеийн соёлын илэрхийлэл болсон энэхүү олдвороороо Хятадын археологичид дэлхийг шуугиулж байна. Гэхдээ Өвөрмонголын нутаг сүүлд л Хятадад хамаарсан болохоос хэрэг дээрээ Монголын нутаг байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын урд талын хошуу шүү дээ. Хувь заяаны эрхээр манай улсын хилийн цаана үлдсэн ийм л дурсгал. Агуу дурсгал үлдээж байгаа улс бүдүүлэг байна гэдгийг би тэвчдэггүй. Олон хүн хэлдэг. “Умардын нүүдэлчид бүдүүлэг. Тэд соёлгүй” гэж. Гэтэл Монгол нутагт бүтээн босгосон буган хөшөө, хадны сүг зурагнууд зэрэг урлагийн гайхамшигт дурсгалыг үзсэн хүмүүс хэзээ ч “Бүдүүлэг” гэж хэлдэггүй.

-Хүн чулуу, буган хөшөө, хиргисүүр зэрэг нь түүхчид, археологичдын оноосон нэр үү?
-Уламжилж ирсэн нэр ч бий. Бидний өгсөн нь ч байгаа. Хүн чулуу, хиргисүүр гэдэг нь уламжлалт нэр. Манай ахмад судлаачид хиргисүүрийг “Киргизийн хүү” хэмээх үг сунжраад хиргисүүр болсон юм гэнэ лээ” гэдэг. Хэдий тийм боловч цаг хугацааны хувьд энэ нэр томъёо таарахгүй. Монголчуудын хиргисүүр гэж нэрлэсэн дурсгал нь 4000-5000 жилийн өмнөх олдвор юм. Тэгэхээр Киргизийн хаант улстай ямар ч холбоогүй гэсэн үг.

-Та түүхийн өөр цаг үеийг судлах сан гэж боддог уу?   
-Монголын археологичид бид цөөхүүлээ. Саяхныг болтол гарын арван хуруунд багтдаг байсан бол одоо 20-30 болсон. Гадаадын зарим судлаач намайг “Чи хүрэл судлаач юм уу. Хүннү, бас Монгол судлаач уу” гэж гайхдаг. Яагаад гэвэл, бид эх нутгаараа явахдаа замд таарсан дурсгал болгоныг шинжилж байна. “Энэ нь миний сэдвээс өөр. Үзэхгүй” гэж хэзээ ч хэлдэггүй. Таарсан олдворуудаа шинжлэх ухааны үүднээс судалж, тэр тухайгаа хэвлэн нийтлүүлдэг учраас гадаадынхан намайг тоглоом шоглоомоор цаашлуулдаг. Харин гадаадад нэг хүн нэг сэдвээ барьж, нарийвчлан судалдаг юм билээ. Манайд ийм бололцоо алга.

-Таны ярианаас “Монгол археологичид дэлхийд эх орныхоо түүхийг өгүүлдэг” гэж ойлгож болох юм?
-Үнэн. Археологичдын судалгааны үр дүнг 1990 он хүртэл зөвхөн Орос, Монголын хүрээнд ашигладаг байсан. Гэвч нээлттэй нийгмийн тогтолцоонд шилжмэгц дэлхийн бүх судлаач манай улсад анхаарал хандууллаа. Социализмын үед Монгол тэдний хувьд хаалттай бүс байсан. Манай улсад жил бүр археологийн 20 гаруй хамтарсан экспедиц ажиллаж байна гээд бод доо. Эндээс өргөн хэмжээний судалгаа хийдэг гэдгийг ойлгох байх.

-Эвгүй асуулт ч байж мэднэ. Сэтгэлийнхээ мухарт “Олчих юмсан” гэж бодож явсан зүйлээ хэзээ нэгэн цагт олбол эрлээ зогсооно” гэсэн бодол танд төрдөг үү?
-Ер нь хайгаад олчих юмсан гэх зүйл маш олон байна.

-Тухайлбал?

-Хүннүгийн бичиг үсэг, ном судрыг олох сон гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Түүнээс биш судалгаагаа зогсоох тухай огт боддоггүй. Хүн амьсгалж, амьдарч л байгаа бол ажиллах хэрэгтэй. Насны хязгаараар улс намайг тэтгэвэрт гаргах л байх. Гэхдээ миний багш нар өтөл нас хүртлээ ажлаа хийж байсан учраас би амьсгал хураатлаа судалгаагаа хийнэ.

-Та бүхнийг “Түүхч, геологичдоос тэс өөр ажилтай хүмүүс” гэж бодлоо. Санал нийлж байна уу?
-Тийм ээ. Амьдралын минь ихэнх хугацаа хөдөө хээр өнгөрдөг. Өвөл, намрын улирлыг номын санд өнгөрүүлнэ. Эхнэр маань надад “Чи жилийн хэд хоногт гэртээ байдгаа мэдэж байна уу” хэмээн гомдоллосон удаатай. Бодоод үзсэн чинь жилийн 365 хоногийн 225-д нь би хээрийн судалгаа хийж, гадаад руу хурал, семинарт явж байсан байна. Гэхдээ судалгааг гэр, хөдөө хээр, анги танхимдаа ч хийнэ шүү дээ. Төрийн албан хаагчид оройн 18 цагт ажлаасаа тардаг бол бид тэгдэггүй. Оройн 22 цаг хүртэл ажил дээрээ сууна. Гэртээ очсон ч тэр. “Түүний баримтыг олчих сон. Хэн судалсан бол” гээд л юу ч гээгээгүй мөртлөө хайдаг хүмүүс гэж биднийг шоглодог юм. Археологичид гэж ийм л зовлонтой улс даа.

С.ТУЛГА
Эх сурвалж http://www.info.mn
http://monarcheo.blogspot.com/2010/07/blog-post.html

Д.Эрдэнэбаатар: Голомт дээр нь суучихаад Хүннү гүрнийхээ ойг тэмдэглэхгүй байж болох уу

-Хүннү судлаачид манайд хэр олон байдаг юм бэ. Та бүхэн Хүннү гүрний ойг тэмдэглэх ёстойг хэдийнээс ярьж эхэлсэн бэ. Ирэх жил тэмдэглэх учиртай юм бол үнэндээ оройтож байна даа?


-Ер нь Хүннү гүрэн байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэх тухай, бүр 1970-1980 оноос суд­лаачид ярьдаг байсан. Тухайн үед хэт их үзэл сурталжсан үе байсан учраас хүлээж аваагүй байх. Харин 1991 онд манай алдарт түүхч Г.Сүхбаатарын санаачилгаар 2200 жилийн ойг тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байсан юм. Уг нь тэр уламжлалаа барьсан бол төр бусдаар хэлүүлэлтгүйгээр ирэх онд 2220 жилийнх нь ойг тэмдэглэж байх учиртай. Монголд өнөөдөр хүннү судлалаар ажиллаж байгаа маш олон эрдэмтэн байна. Дэлхий дахинд ч ялгаагүй. Орос, АНУ, Солонгос, Хятад, Унгар гээд хүннү судлалаар дагнасан олон эрдэмтэд, янз бүрийн төвшинд судалж байна. Аль ч орон өөрийнхөө төр, улсын түүхийг цаашлуулах сонирхолтой байдаг. Гэтэл манайд эсрэгээр. Төр улсынхаа түүхийг наашлуулах гээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байна. Түүнээс өмнө Монголын төр улс байсан шүү дээ. Дэлхий дахинд Хүннүг монголчуудын өвөг дээдэс биш гэсэн шинжлэх ухааны үзэл бий. Бид албан ёсныхоо бүхий л эх сурвалж дээр Хүннү бидний өвөг дээдэс мөн гэж бичсэн байгаа. Нэг ёсондоо бид тогоон дотроо л ингэж ярьж, бичиж байна шүү дээ. Одоо бид Хүн­нү бол монголчуудын өвөг дээ­дэс яах аргагүй мөн гэсэн нотолгоог дэлхий дахинд гаргаж өгөх ёстой байгаа юм. Грек, Ром, Хятадын соёл иргэншил гэж ярьдагтай нэгэн адил нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйл 4000-5000 жилийн өмнө монгол нутагт байсан шүү гэдгийг дэлхий дахинд ойлгуулах зайлшгүй шаардлагатай. Тэр утгаар нь Хүннүгиин ойд анхаарал тавихгүй бол болохгүй гэж яриад байгаа юм.

-Хүннүчүүд бол яах аргагүй бидний өвөг дээдэс мөн гэж байна. Гэхдээ үүнийг батлах биет болоод бичгийн эх сурвалж хэр олон байдаг юм бэ?

-Монгол орноос олдсон Хүннүгиин археологийн дурсгалуудаас харахад тэр агуу их соёлыг бүтээсэн ард түмний ул мөр маш тодорхой байгаа юм. Наад зах нь, хүрэл-төмрийн хүдрийг өөрийнхөө санасан хэмжээгээрээ боловсруулан хэрэглэж, аж ахуйн эд хэрэглэл, зэр зэвсэг, гоёл чимэглэл хийж байсан. Хоёрдугаарт, аж ахуйн гол үндэс суурь нь мал аж ахуй байсан. Дэлхий нийтээр байгапь, экологийн сүйрэл болж байгаа өнөө цагт нүүдлийн соёл иргэншил нь байгальд хамгийн хор хенөөл багатай аж ахуйн хэлбэр байж гэдгийг ойлгоҗ эхлээд байна. Түүнийг бүтээгч нь хэн бэ гээд эргэж харахад нөгөө Монгол нутаг дахь Төв Азийн эртний нүүдэлчин ард түмэн болж таарч байгаа байхгүй юу. Одоо үнэндээ нүүдэлчний соёл иргэншлээ хадгалж байгаа орон, манайхаас өер алга. Энэ бол Хүннү, Сяньбигийн үе, түүнээс ч өмнө эхэлсэн нүүдэлчний соёл. Өнөөдер дэлхий даяараа хүннүчүүд агуу их соёл бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гагцхүү түүний залгамж халаа хэн бэ гэдэгт л маргалдаад байгаа юм. Хүннү бол бидний өвөг дээдэс мөн гэдгийг батлах нэг жишээг дурдъя. Одоогийн Монгол нутаг дахь хүннүтэй холбоотой археологийн дурсгалуудыг бүртгээдүзэхэд, Монгол нутагт маш их нягтаршилтай байрлаж байгаа. Бидний өвөг дээдэс гэж өөрсдийнхөө түүхэнд хамааруулах гэж үзээд байгаа тэр хүмүүст бид асуулга тавьж болно. “Хүннү нар танай өвөг дээдэс мөн юм бол үлдээсэн түүх-археологийн дурсгал нь хаана байна” гэж.

Ганц нэг хүннү цэргийн булш гаднын нутаг дэвсгэрт байж болно. Харин Монголд байгаа Хүннүгийн язгууртнуудын болоод жирийн иргэдийн булш, хот суурингийн үлдэц энд Хүннүгийн төр улс төвлөрч байсныг илтгэх маш тодорхой баримт юм. ОХУ-ын нутагт хоёр, гурван газар язгууртны болон жирийн иргэдийн булш бий. Одоогийн ОХУ-ын Буриад улсын нутаг тухайн үеийн Хүннүгийн нутаг дэвсгэр байсныг олон түүх гэрчилнә. Хамгийн гол нь Хүннүгийн түүх дурс-галын нягтаршил нь одоогийн Монголын гол төв гэдгийг батлаад байхад бид зүгээр сууж болохгүй. Хүннү бидний өвег дээдэс гэдгийг батлах олон баримт энд хэлж болно. Бас нэг жишээ дурдахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Тол мод-2 гэдэг газар Хүннүгийн язгууртны булшийг илрүүлж олсон юм. Энэ бол Евроазид байгаа Хүннүгийн хаадын хамгийн том булш бүхий газар. Энд 200 гаруй язгууртны болон жирийн иргэдийн дагалдах булш бий. Үүнээс 30 дагуул булш бүхий нэгдүгээр булшийг малтан шинжлэх явцад гуравдугаар дагуул булшнаас хүүхдийн оршуулга олсон юм. Энэ оршуулгын зан үйлд дагал-дуулжтавьсан 200 гаруй шагай олдсон. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байсан. Тэр шагайн дээрх наран тамга нь хожмын Чингис хааны тамга, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамга, дэгрээ тамга нь Өгөөдэйн удам угсааны тамга. Тамга гэдэг зүйл санаандгүй зүйл биш. Түүх үргэлжилдгийн баталгаа. “Чингис хаан Чанчун бумба гэж Хятадын гүн ухаантантай уулзсан тэмдэглэл” хэмээх Хятадын түүхэн сур­валж байдаг. Тэр сурвалжид Чингис хаан “Бид агуу их Шаньюй хааны түүх, уламжлалыг авч яваа” гэдгээ нотолсон байдаг. Дуу, хуур, бөхийн барилдаан гээд бидний соёлын эхлэл Хүннү гүрэнд байсан. Түүний нэг баталгаа ньхүрлээр хийсэн бөх барилдаж буй хоёр хүний дүрстэй, бүсний арал, Хятадын түүхийн эх сурвалжид “Хүннү нарын дуулах нь чоно улих мэт” гэж доорд үзән бичсэн нь бий. Бодоход тэр нь уртын дуу байх л даа.



-Хүннү гэж асар их соёлтой ард түмэн байжээ. Түүнийг өнөөдрийг хүртэл судалсан судалгаа ямар төвшинд байгаа юм бол?

-Монгол нутагт байгаа Хүннүгиин олдвороос 100 хувь судалсан судалгаа байхгүй. Хүннүгиин талаархи түүх, соёлын дурсгалуудыг ерөнхийд нь тоон хувь болгоод үзвэл, 10 хувьд нь ч хүрээгүй. Бид Хүннүгийнхээ түүхийг бүрэн гаргасан гэж ам бардам хэлэх цаг болоогүй. Манай алдарт судлаач Ц.Доржсүрэн 1960-аад онд “Умард Хүннү” гэж том зо-хиол бичсэн. 1980 онд Г.Сүхбаатар багшийн “Монголчуудын эртний өвөг” бүтээл, 30-аад жилийн дараа З.Батсайханы “Хүннү”гэдэгном бичсэн. Орост С.Руденко, Н.Гумилев, П.Б.Коновалов, Н.Крадин, С.Миняев, С.Данилов, Японд Умехара, Унгарт Борболла гээд маш олон судлаач Хүннүгиин тухай судалсан, одоо ч судалсаар байна. Эдгээр хүний ном дэлхий нийтийн судлаачдын уншиж байгаа гол бүтээл нь болж байна. Харин Хүннүгийн хожмын залгамжлагч нар хэн бэ гэдэг дээр маргаан хийж байгаа судлаачид Монголын энэ их дурсгалыг өөрсдөө үзээгүй байгаа. Бид ч үүнийг дэлхийн нийтэд түгээхэд бага анхаарч байгаа тал бий. Үүнийг нуугаад яахав. Сүүлийн 3-4 жил гадаадын шинжлэх ухааны сэтгүүл дээр судалгааны өгүүлэл хэд хэдийг бичсэн. Түүнээс хойш зарим судлаач улам илүү анхаарч байна. Хятад, Унгарын зарим судлаач эртний Хүннүүгийг Хятадын түүхийн сурвалжаас шүүж, харьцуулан судалж үзээд одоогийн монгол хэлтэй төстэй байгааг хэлж байгаа.

Жишээ нь, Өвөрмонголын суд­лаач Учралт гэж хүн Хятадын түүхийн сурвалжаас одоогоор 24 уг олоод, туүнийгээ монгол үг байна гэдгийг нотолсон. Мөн Унгарын Бела Кун гэж эмэгтэйн бидэнд ирүүлсэн захидлаар “манай Унгарт 200 гаруй үг байна. Энэ бол славяни хэлний үгбиш. Унгарын мажархэлний үг бас биш. Латин үг ч биш байна. Явсаар монгол хэлтэй адил байна. Унгарын Транс-лавяни мужийн ард түмэн хэлэхдээ, “Хүннүгийн үг гэж хэлдэг” гэсэн. Энэ мэт зарим орны судлаач Хүннүгийн хож­мын үеийг монголчууд гэдгийг бага багаар зөвшөөрч эхэлж байгаа юм. Гэхдээ дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхөд маш их баримт хэрэгтэй. Түүх, архео­логийн, угсаатны, хәл шинжлэлийн олон баримт байх хэрэг­тэй. Сүүлийн үед байгалийн шинжлэх ухааны судалгаагаар буюу ДНК-гийн шинжилгээгээр нотолгоо гаргах боломжтой болж байна. Хүннүгийн эртний булшнаас олдсон яс, зөөлөн эдээс авсан шинжилгээг мон­голчуудын ДНК-тай харьцуулж хэдэн хувьтай давхцаж байгааг үзәж болно. Энэ мэт олон шинжлэх ухааны уулзвар дээр нотолсон баримт гаргаж тавьж байж дэлхий нийтийг үнэмшүүлэх ёстой. Миний хувьд Хүннү бол маргахын аргагүй бидний өвөг дээдэс мөн. Түүх, археологи, оюуны соёлын олон баримт одоогийн монголчуудын ёс заншилтай ижил байгаа учраас баттай хэлж чадна.

-Хүннүгийн судалгааг бага хийж байгааг таны ярианаас ойлголоо. Одоо ойг нь тэмдэглэнэ гэж байна. Дэл­хий нийтэд энэ түүхийг мэдрүүлэхийн тулд ямар шат дараалалтай ажиллах ёстой гэж судлаач хүний хувьд бодож байна вэ?

-Дэлхий нийтэд таниулахаас өмнө бид монголчууддаа мэдрүүлж, ухааруулах ёстой. Энэ бидний өвөг дээдэс шүү, энэ бидний түүх шүү гэд­гийг л ойлгуулах ёстой. Суд­лаач нарын хүсдэг хамгийн гол асуудал энэ. Хүүхдийг цэцэрлэгээс нь эхлээд дунд, их, дээд сургуулиудад Монгол Улсын түүх гэдэг хичээлээр яс маханд нь шингэтэл суулгах ёстой. Одоо манайд хэчнээн телевиз ажиллаж байна. Тэднээс үндэсний түүх соёлынхоо талаар нэвтрүүлэг хийж байгаа хэдэн телевиз байна. Дан солонгос кино эсвэл христос шашны юм үзүүлж байна шүу дээ. Тэр дунд ядаж нэг цагт нь Монголынхоо түүх соёлын талаар ярьж байх ёстой байхгүй юү. Эх түүхээ өөрсдөө мэддэг болчихоод дараа нь бид ийм түүхтэй ард түмэн гэж дэлхий дахинд ярих ёстой. Энэ бол хоёр дахь шатны ажил. Дунд сургуульд түүхийн хичээлийн цагийг хассныг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Одоо их, дээд сургуульд элсч байгаа хүүхдүүдэд бид Монголын түүхийг анхан шатнаас нь зааж байна. Өдгөө манай улсад нэг сумын ой, нэг байгууллагын, эгээтэй л нэг айлын ойгтэмдэглэхгүй байна шүү дээ. Гэтэл төр, улсынхаа түүхэн ойг мэдэхгүй сууж байна. Чингис хаан Их Монгол Улс байгуулсны ойг хийсэн шигээ Хүннүгийн төр улсын туүхэн ойг улс даяар өргән хийх ёстой. Тэгвэл манай улсын түүх урагшилна. Хүмүүс мэдэрнэ. Их Монгол Улсын, “Монголын нууц товчоо”-г бүтээсний түүхэн ойг хийхэд монголчууд нэг хэсэг түүхээ мэдэж, омогшлоо шүү дээ.

-Чингис хаан гэж ямар хүн байсныг мэдэхгүй ч түүний хөрөг, хөшөө олон байдаг. Түүн шиг Модун Шаньюйг дүрсэлсэн эх сурвалж байдаг юм уу?

- Модун Шаньюйгийн дүр төрхийг гаргаж ирэхэд хэцүү л дээ. Ганц маргашгүй үнэн юм хийж болно. Хэн ч харсан сайхан монгол эр байна гэхээр хүн сонгоод, тэр хүний дүрээр хөшөө хийж яагаад болохгүй гэж. Хүннү гүрнийг хамгийн хүчирхэг болгосон нь Модун хаан. Евроази гэдэг их хээр талын хоёр хязгаарт байгаа өрнө, дорнын хоёр соёлыг Торганы зам гэдэг худалдааны замаар холбосон хүн бол яах аргагүй Модун Шаньюй. Яагаад энэ түүхийг ярьж байна вэ гэхээр тэрээр багадаа Юэчжи улсад барьцаалагдсан. Тэр улс Евроазийн төв зам дээр байсан. Яавал хүчирхэг болж, хөг жиж цэцэглэж болохыг Модун тэр үед харсан. Нутагтаа эргэж ирээд, өөрийн эцэг Түмэн Шаньюйг харван алж, хаан ширээнд суусан гэсэн мэдээ бий. Тэгж бодохоор их харгис хүн шиг санагдаж болно. Гэхдээ Түмэн Шаньюйгийн хулчгар, сулдорой байдал нь төр улсад халтай байсан учраас хүү нь эцгээ егүүтгэж, улсаа аварсан гэж би боддог. Ингэснээр Хүннү гэдэг хүчирхэг гүрнийг бий болгосон. Ер нь аль ч улс, түүхэнд үлдсэн сайн, муу төрийн зүтгэлтнээ хараадаггүй. Манайх л өнгөрсөн түү­хээ хараадаг. Герман улс Гитлерээ хүн төрөлхтөнд гай тарьсан гэж ярьдаг боловч, харааж байгааг нь лав сонсоогүй.

-Манайхан, ялангуяа залуус Чингисийн үеэс манай түүх эхэлж байгаа мэт ойлгодог. Тэгвэл Чингисээс, Модунаас урагш Монголын түүхийг хэр судалсан байдаг юм бэ?

-Хүннү гэдэг төр улс, гэнэт цэцэг шиг дэлгэрээд гарч ирээгүй. Олон том овог аймгийн үндэс суурь дээр Хүннү гэдэг ард түмэн бий болсон. Тэгэхээр бид түүхийг тасралтгүй хүргэдэг сувагтай болохгүй бол таны хэлдэг шиг Чингис хааны байгуулсан төрөөс манай түүх эхэлдэг юм шиг ойлгох юм бол түүхийн том алдаа болно. Ийм алдаа их гараад байна. Энэ алдаа санаатай юм уу, санамсаргүй юу гэдгийг хэлэхэд хэцүү. Дээр хэлсэнчлэн аль ч орон угсаа гарлынхаа түүхийг цаашлуулахын төлөө тэмцдэг. Одоо хятадуудыг хар. Хятад гүрэн 5000 жилийн түүхтэй ард түмэн нь үнэн.

Гэтэл чулуун зэвсгийн үеэс олдсон эртний хүний ясыг синантроп буюу хятад хүн гэсэн нэр өгч дэлхий даяар шуугиулж байна. Үүгээрээ Хятадын түүх ийм урт шүү гэсэн санааг хэлж байна. Түүн шиг манай оронд чулуун зэвсгийн үеийн олдвор байна уу, байна. 1940-2000 онд үүнийг манай судлаачид маш сайн судалж байсан. Академич Д.Дорж багш бурхан болсноос хойш энэ судалгааг авч яваа нэр нөлөө бүхий том судлаач алга. Монгол нутгаас эртний хүн олдоно. Олтлоо хайгуул хийж чадахгүй байна. Харин хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн соёлын тархалтын судапгаа бидэнд бий. Энэ олон овог аймгийн суурин дээр Хүннү улс төр улсаа байгуулсан. Түүний дараа Сяньби, Жужан, Түрэг, Их Монгол Улс ирж байгаа юм. Сяньбигийн түүхийг өнөө хүртэл Г.Сүхбаатар багшаас өөр хүн судлаагүй байна. Түрэгийн түү­хийг ч Н.Сэр-Оджав, Д.Баяр, Ц.Баттулга нараас өөр судалсан хүн байхгүй. Археологийн дурсгал нь манай улсад хангалттай байхад шүү дээ. Энэ олон түүхэн үйл явцуудаа нэгтгээд, тасралтгүй нийтэд хүргэхдээ муу анхаарч байгаа нь бидний аюул болоод байна. Их Монгол Улс байгуулагдаад, дараа нь Эзэнт гүрэн болсон. Эзэнт гүрэн задраад хэд хэдэн жижиг улс болсон. Жишээ нь, Цагаадайн улс одоогййн Туркмен, Узбекийн улсууд байна. Алтан ордны улсууд одоогййн ОХУ-ын нутагт байна. Хүлүгэгийн улс Ирак Перс гээд байна. Тэр улсууд өөрсдийнхөө түүхийг Монголтой салшгүй холбоотойгоор бичиж байна. Ийм агуу түүх үлдээчихээд бид чимээгүй суугаад байж болохгүй шүү дээ. Монголчууд 800 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Гэхдээ Монгол дотроо л шуугиад байсан болохоос биш нөгөө агуу их Алтан ордны, Хүлүгэ­гийн, Цагаадайн, Юань улсын тухай хэн ч дэлгэрүүлж яриагүй шүү дээ. Юунаас нь айсан юм бүү мэд. Монголын байлдан дагууллыг харгис хэрцгий дайн байсан гэж нэг хэсэг бичсэн. Харин Монголын эзэнт гүрний харъяанд орж байсан улсууд одоо “Бид Монголын хүчинд нэгдсэн” гэж үзэж байна. Жишээ нь, Оросын түүхчид, “Тархай бутархай байсан олон жижиг вант улсыг Алтан ордны улсын хүчинд нэгтгэж, Орос улс хүчирхэг болсон” гэж. Иран, Персийн тэр хөгжил цэцэглэлтийг Монголын эзэнт гүрэн улам дэлгэрүүлсэн гэж хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Энэ бол бидний бахархал болохоос биш бусдын түүх, соёлыг булаах гэсэн зүйл огт биш.

-Судалгаа олигтой хийгдэхгүй, хийсэн нь олонд хүрэхгүй байгаа нь нөгөө л төрийн бодлого байхгүйтэй холбоотой байх даа?

-Хүннүгийн түүхийг судлах, сурталчлах гэдэг зүйл бас л мөнгө санхүүтэй холбоотой болоод байна. Өнөөдөр манай улс шинжлэх ухааны салбарт хэдэн төгрөг зарцуулдгийг би үнэндээ мэдэхгүй. Түүхийн шинжлэх ухаанд лав бага мөнгө зарцуулж байгаа гэж би боддог юм. Би Хүннүгийн түүхийг судлах гээд сүүлийн таван жил төсөл бичиж өгсөн. Батлагдаагүй. Аль шатандаа очиж хасагддаг юм, мэдэхгүй. Миний ажиллаж байгаа “Гол мод-2″-ын судалгааны зардлыг сүүлийн 10-аад жил Улаанбаатар Их сургуулиас гаргаж байгаа. Үүний хүчинд судалгааны ажил явж байна. “Гол мод-2″ дахь Хүннүгийн хаадын булшийг би найман жил цэвэрлэж байна. Дагуул 30 булшны сүүлийнхийг энэ жил малтаж дууссан. Үүнийг түгээн дэлгэрүүлж, монгол түмний хүртээл болгох зайлшгүй шаардлага бий. Төрийн нэгдсэн бодлого үүнд хэрэгтэй байна. Судлаачдад түүхээ судал, судалгааны үр дүнгээ дэлгэрүүл гэж мөнгө өгдөг, эргээд хариуцлага тооцдог болчих хэрэгтэй байна. Түүнээс биш зүгээр сонирхсон хэдэн хүн түүх бичээд олныг хамарч чадахгүй.

-Хүннүгийн түүхийг судалдаг гадаад, дотоодын олон судлаач байдаг юм байна. Хоорондын уялдаа холбоо хэр байдаг юм бэ. Мөнгө санхуүгээс гадна харилцан туршлага судалгаанд багагүй нөлөөтэй байх?

-Манайд өдгөө түүх, археологийн судалгаа хийдэг 20 гаруй гадаадын хамтарсан экспедици ажиллаж байна. Энэ олон судалгааны ангиуд яг үнэн­дээ судалгааны ажлын үр дүнгээ нэгт­гэж чадахгүй байгаа. Энэ бол бидний буруу. Нэгзорилго чиглэлд хийж бай­гаа судалгааны ажлыг ашиглахгүй байгаа нь том алдаа. Нөгөө нэг алдаа нь хамтарч ажиллаж байгаа гаднын судлаачид судалгааны зардлаа олж ирдэг. Тиймээс “мөнгөө төлсөн хүн хөгжим захиална” гэдэг шиг өөр өөрс-дийнхөө байр сууриас судалгааны үр дүнгтайлбарладаг. Энэ бол хамгийн аюултай. Жишээ нь, хоёр жилийн өмнө Монгол нутагт Оросын судлаа­чид монголчуудтай хамтран Хүннү­гийн булш бүхий Ноён уулд хорьду-гаар булшийг малтсан. Тэндээс гарсан эмэгтэй хүний яс, эд өлгийн зүйлсийг харьцуулан судалж үзээд “Хүннү нар Туркистан гаралтай нь нотлогдлоо” гэсэн өгүүүлэл нийтэлсэн байгаа юм. Үүгээрээ монголчуудын угсаа гарлыг шинжләх ухааны аргаар үгүй хийж байгаа хэлбэр. Судалгаанд мон­гол судлаач оролцсон. Төр улсаа төлөөлсөн тэр хүн юу хийсэн юм бэ. Тэр булшнаас гарсан эмэгтэй Туркис­тан хүн байж болно. Хүннүгийн хаад дэлхийн аль ч өнцгөөс эхнэр авсан байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн тэр эмэгтэйгээр Хүннүгийн угсаа гарлыг тодорхойлно гэдэг бол шинжләх ухааны аргазүйн хувьд буруу. Ингэж ямар нэг аргаар Хүннүг монгол биш гэж нотлохыг хичээх судлаач нар олон бий. Үүнийг монгол судлаач нар өөрсдөө залруулах ёстой.

-Сонирхож асуухад, хаанахын судлаачид байв даа, Монголоос нэг булш олсноо сүр дуулиантай зарлаж байгаа баримтат киног сая-хан үзсэн. Жишээ нь тэр таны ярьсанчлан манай түүхийг өөрсдийнх болгон тайлбарласан нэг жишээ юү?

-Тэр чинь Герман, Орос, Мон­голын хамтарсан археологийн судал­гаа байсан юм. Бас л өөрсдийнхөөрөө тайлбарласан. Тэнд бас л монгол суд­лаач орсон. Би өмнө нь нэг удаа Францын экспедицийнхэнтэй ажилласан. Баримтат кино хийж байхдаа надаар Хүннүгийн түүхийг яриулж, судал­гааны ажлаа хамтран хийж, хоёр жилийн турш авсан киногоо монтажлаад, францын эрдэмтэд хийсэн болгоод гаргаж байгаа байхгүй юү. Тэгэхийг нь мэдсэн бол би гэрээ хийх ёстой байж л дээ. Тэгжчадаагүй миний хохь болсон. Ийм зүйл олон давтуулахгүйн тулд судалгааны ажлыг төрөөс санхүүжүүлэх ёстой. Дээр хэлсэн 20 гаруй хамтарсан экспедцийн судалгааны мөнгө бүгд цаанаасаа санхүүжилттэй байгаа. Ийм ядарсан улс байж болохгүй шүү дээ. Хамтарч ажиллаж болно. Ядаж 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байх ёстой.

-Хүннүг таниулах ажлыг дотроосоо эхэлж хийх ёстой гэж та хэлсэн. Үүний тулд зөвхөн дунд сургуулийн хичээлийн цагийг нэмэхээс илүү баримтат кино шиг хэвлэл мэдээллээр дамжуулж нөлөөлөх ёстой юм шиг?

-Есүсийн талаар хүүхэлдэйн киног хар. Хүүхдүүд салахгүй үзэж байна шүү дээ. Багаасаа ийм зүйл үзсэн хүүхэд Есүст итгэхгүй яах юм. Түүн шиг өнөөдөр Хүннү, Сяньбигийн тухай баримтат, хүүхэлдэйн гээд залууст хүрэх ямар хэлбэр байна, тэр болгоноор хийх ёстой байхгүй юү. Гадаадынхны хийсэн түүхэн, уран сайхны киног түүх гуйвуулсан гэж маргаж байна. Тиим маргаан гарч л байг. Гагцхүү энэ чинь Монголын түүх шүү гэдгийг харуулж байх ёстой. гадна өдөржин шөнөжин яриад бардаггүй монголчуудын тэр их агуу үлгэр домгийг одоо яагаад ярихаа больчихоо вэ. Одоо гаднаас дайсан орж ирээд, Монгол Улсыг эзэлнэ гэж хэзээ ч байхгүй. Харин оюуны соёлын хүчээр өөрийнх нь соёлыг устгаад “түрэмгийлэх” боломж бол бий.

-”Монголын нууц товчоо” шиг Модун хааны үеийг утга зохиолын хэлбэрээр ном болгон гаргах бо­ломж байдаг уу. Залуу үеийнхэнд Чингис хаанаар бахархах гол эх сурвалж тэр л болж байна шүү дээ?

-Бидний үед Хүннүгийн тухай баримт: ном зохиол хадаглагдаж үлдсэнгүй л дээ. Хүннүгийн түүхийн талаар Хятадын эх сурвалжид бичсэн байгаа юм. “Хүннү нарын бичиг нь шувууны хөл шиг. Чулуу, модон дээр сараачиж бичдэг байсан гэж бичсэн байгаа юм. Би Булганы Эгийн голын ойролцоогоос бичгийн чулуун янтай хоёрыг олсон. Энэ мэт түүхэн баримт байна. Мэдээж төр улс юм чинь бичиг соёлтой, ном судартай байсан байж таарна. Харамсалтай нь бидний гарт алга. Гэхдээ алга байна гэдэг огт байхгүй гэсэн үг биш. Монголын нутагт байгаа энэ олон булшнаас ком зохиол, бичиг соёлын түүхэн сурвалж гарахыг үгүйсгәхгүй.

-Баримтат кино гэснээс Модун Шаньюйгийн талаар кино хийх гэж байгаа гэсэн. Киноны багийнхан судлаач нартай зөвлөлдөж байгаа нь суурь судалгаа сайтай кино болж байгаа юм болов уу гэж санагдаж байна?

-Киноны багийнхантай уулзсан. Тэр залуусын санаа, зорилгод би их баярлаж байгаа. Уран сайхны киногоор дамжуулж, Хүннү болон Модун хааныг гаргаж ирж байгаа нь маш зөв. Энэ кино гарчихвал монголчуудын сэтгэлд бид ийм агуу түүхтэй ард түмэн байна гэж ойлгоход дөхөм болно. Тэд надаас тухайн үеийн эд өлгийн зүйл, ахуй ямар байсан талаар асуусан. Би өөрийн мэдэж байгаа зүйлээ харамгүй хэлж өгье. Үүний өмнө “Үхэж үл болно” гэж Чингис хааны тухай нэг кино гарсан шүү дээ. Тэр кино яагаад олны сэтгэлд хүрээгүй вэ гэхээр тэнд монгол ахуй, ёс заншил бага харагдаж байгаа байхгүй юү. “Цогт тайж” гэж кино байна. Тэр кинонд түүх гуйвуулсан зүйл их бий. Гэхдээ монгол ахуй нь байгаа учраас монголчуудын өнөөг хүртэл үзэх дуртай кино хэвээр байгаа юм. Тиймээс Модун Шаньюйгийн тухай энэ кинонд тухайн үеийн ахуйг оруулахдаа монгол угсаатныхаа ёс заншилд тулгуурлахад буруутгах юм огт байхгүй. Үүнд анхаарч судлаач нараас зөвлөгөө авч байгаад баярлаж байна. Тэр уран бүтээл маш хурдан гараасай л гэж бодож байна.

Үндэсний шуудан 2010.06.21 N146 /860/
http://monarcheo.blogspot.com/2010/07/blog-post.html
Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 8 сарын 17, Бямба гараг
Уншсан: 2301 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2014 оны 7 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
   1  2  3  4  5
  7  8  9101113
141516171819
21222324252627
28293031   

Гишүүдийн булан