Medeelel
cyrillic
dictionary
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture cmn
bayareamgl

“Баян Монгол нутгаа хайрлая”

2009 оны 12 сарын 30, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(4 үнэлгээтэй)

Монголчууд Та Түхэндээ Шинэ Жилийн мэндийг дэвшүүлье.
Хувиран солигдох он цагийн босгонд
Хувьсан өөрчлөгдөх хүмүүн заяаны хайранд
Хувиралгүй ариусан нялхарч яваарай
Хувьсалгүй инээмсэглэн цэцэглэж яваарай.

“Миний Эх орон” сэдэвт зохиол бүтээлийн цуврал “Баян Монгол нутгаа хайрлая” 4-р уралдааны дүнг www.bayanmongol.com гаргалаа

 Жич. “Миний Эх орон” сэдэвт цуврал “ХАЙР” сэдэвт  5-р уралдааныг Ууган кино найруулагч Төмөрийн Нацагдоржийн 100 жилийн ойд зориулан удахгүй зарлана.

Энэ удаагийн уралдааныг баян Монгол улсын ууган геологич, хайгуулч, Франц орноо сураар одсон, 1926 онд барууныг зорьсон анхны 35 оюутны нэгэн, Таван толгойн орд, ашигт малтмалын 30 гаруй орд нээхэд оролцсон эрдэмтэн Жалцавын Дүгэрсүрэнгийн (1909) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулсан.

Насанд хүрэгчдээс
1-р байр Дашзэвэгийн Өрнөхдэлгэр (Ховд аймаг), “Лууны зүүд” Богд Дүнжингарав уулаа өвөг дээдэс хэрхэн хамгаалан үлдсэн тухай утга төгөлдөр нийтлэлээрээ
- эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, эрдэмтэн Ж.Дүгэрсүрэнгийн дурсамж ном, CD, мөнгөн шагнал 50000,

 2-р байр Баяраагийн Ганзаяа (УБ хот), “Баян Монгол эх орноо хайрлая” нутаг усаа хайрлах залуу хүний сэтгэл шингэсэн нийтлэлээрээ
- Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд (Victory Secrets of Attila the Hun) ном, эрдэмтэн Ж.Дүгэрсүрэнгийн дурсамж ном, CD, мөнгөн шагнал 20000,

3-р байр Ө.Ариунтөгс (УБ хот), “Газрын мэлмий далай ээж “аян замын эргэцүүлэл, тэмдэглэлээрээ
- яруу найрагч Очирбатын Дашбалбарын ном, эрдэмтэн Ж.Дүгэрсүрэнгийн дурсамж ном, CD, мөнгөн шагнал 10000$,

Хүүхдүүдээс
1-р байр Б.Содоо (2-р ангийн сурагч) Бурханаас би ингэж гуйна хэмээх хүслээ шингээсэн хөөрхөн зохиомж өгүүллэгээр
- Үлэг гүрвэлийн ангуучид, (Dragon Hunter, Roy Chapman Andrews) ном, эрдэмтэн Ж.Дүгэрсүрэнгийн дурсамж ном, CD, мөнгөн шагнал 20000,

 2-р байр О.Мөрөн (2-р ангийн сурагч) “Эх орноо хайрлая найзуудаа” мөрөөдөл тээсэн зохиомж өгүүллэгээрээ
- Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн ном, ном, эрдэмтэн Ж.Дүгэрсүрэнгийн дурсамж ном, CD, мөнгөн шагнал 10000,

www.mongolinternet.com тусгай шагналт байрыг

1. Ч.Болд (УБ хот), Эрдэнэсийн сан нээгч эрэлчин Ц.Дүгэрсүрэнгийн амьдралын намтраас сэдэвлэн бичсэн өгүүллэгээрээ
2. М.Юмдулам, (УБ хот) “Чингис уул мину” аян замын тэмдэглэл, нийтлэлээр

www.medeelel.com тусгай шагналт байрыг
Төмөрийн Болдбаатар (Говьсүмбэр), “Хармын сэтгэл” эссэ нийтлэлээр

 Жич. “Миний Эх орон” сэдэвт цуврал “ХАЙР” сэдэвт  5-р уралдааныг Ууган кино найруулагч Төмөрийн Нацагдоржийн 100 жилийн ойд зориулан удахгүй зарлана.

Уралдааныг зохион байгуулсан:
www.mongolinternet.com
www.medeelel.com Мэдээлэл баг
 
Бэлтгэсэн Ц.Батмөнх

 

Эрдэнэсийн  сан нээгч эрэлчин 
  Ч.Болд /Улаанбаатар/ 

Энэ зургийн  голд зогсож байгаа залууг Ж.Дүгэрсүрэн гэнэ. Өмнө нь сууж буй хоёр буурай бол түүний эцэг Мөнхийн Жалцав, эх Цэрэнгийн Должмаа нар нь. Энэ зургийг Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хорооны Сүүдэр зургийн гудамжинд 1926 онд авахуулжээ. 


Ардын засаг мандаад удаагүй, ард олны дунд мухар сүсэг, хуучны суртал арилаагүй  байсан тэр үед гэрэл зургаа авахуулахыг  ихэд цээрлэдэг байсан гэдэг. Зарим нэг нь зургаа авахуулахыг “нүгэл хилэнц, сүг дүрсээ үзсэн болно” хэмээн дургүйцдэг байсан үед гэр бүлээрээ патиараа татуулсан нь зоримог алхам байв. Энэ нь ч бас учиртай ажээ. Дүгэрсүрэнгийн эцэг Жалцав нь бага залуудаа бадарчлан Түвдийн Лхас, цаст Гималай, Балба, Дели, Сингапур, Гонконг хүртэл тэнүүчлэн явж нүд тайлсан эр байсан тул гэрэл зургийн ид шидийг мэддэг нэгэн байжээ. Тэгээд ч тэдний хашаа байшин Сүүдэр зургийн хэмээх нэртэй гудамжинд  оршин байсан нь бас нөлөөлсөн биз. 


Хүү Дүгэрсүрэн нь эцгийн шийр хатааж, эрдмийн үрийг  өвөрлөн ирэхээр алс холын  Франц орныг зорихын өмнө энэ зургийг авахуулжээ.  Нийслэл Хүрээн дэх Оросын Консулын дэргэдэх сургуульд 1917 онд орж, дараа нь 1921 онд ардын засгийн анхны бага, дунд сургуульд орж суралцсан тэрбээр эрдмийн хишиг хүртэх хувьтай нэгэн байв. Ардын Засгийн Газрын шийдвэрээр 1926-1930 онд Герман, Францад явж суралцсан анхны 35 хүүхдийн дотор Ж.Дүгэрсүрэн  багтсан байлаа. Шинэ үеийн Монголын ууган сэхээтэн болох тавилантай түүний намтарт анхдагч гэсэн тодотгол  олонтаа дайралддаг юм. Анхны пионер, баруунд явж суралцсан анхны оюутан, геологчийн дээд мэргэжилтэй анхны инженер, геологи-минералогийн ухааны анхны доктор, анхны…гм олон олон тодотголын эзэн нь Ж.Дүгэрсүрэн байлаа.

Хожмоо  Намын Төв сургуульд багш, Судар  бичгийн Хүрээлэнд судлагч, геологийн  мэргэжилтэн, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга, МУИС-ийн геологийн салбарт тэнхимийн эрхлэгч, Москвад ЭЗХТЗ-д Геологийн зөвлөх, ШУА-ийн Геологийн Хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан зэрэг алба хашиж явсан баялаг түүх намтартай энэ эрхэм манай улсын уул уурхай, эрдэс баялагийн ордуудыг нээхэд голлох үүрэгтэй зүтгэж  гавьяа байгуулсан хүн билээ.


Аль тэртээ 1930-1932 онд Зөвлөлтийн эрдэмтэн И.П.Рачковский, К.А.Ненадкевичийн хамт Хөвсгөлийн Хорьдол сарьдагийн аранзан зэс, Эрдэнэтийн овооны зэс, Хэнтийн  Тугалтайн нурууг шинжлэж баялагийг нь тогтоож байсан хүн. Улсад нийт 50 шахам жил хөдөлмөрлөхдөө төрөл бүрийн ашигт малтмалуудын орд газруудыг илрүүлэх 128 удаагийн экспедицид оролцон, 30 гаруй томоохон орд газруудыг нээж байжээ. 


Өнөө  бидний ашиглаж эзэмшихээр ам уралдан ярьж хэлэлцэж байгаа Өмнөговийн Таван толгойн нүүрс болон Охин хөтлийн нүүрс, Зүүнбаянгийн нефьт, Бэрхийн хайлуур жонш, Дорноговийн Өндөр шилийн гөлтгөнө зэрэг олон орд газрыг нээж илрүүлэх, нөөцийг  нь тогтоох, шинжлэн судлах ажилд оройлон зүтгэж явсан гавьяа түүнийх ээ.


Тэртээ 1926 онд эрдмийн их аяны замд гарсан түүний амьдрал үргэлж өөдрөг,  шулуун дардан байгаагүй ээ. Хардалт сэрдэлтэнд өртөн хилс хэргээр шоронд орж,  “туг барьж, тугал ч хариулж” явсан  үе бас бий. Гэвч хувь заяаныхаа эзэн болж, хойч ирээдүйн хүүхэд залуусын бахархан дууриах алдарт хүмүүн, “Эрдэнэсийн сан нээгч эрэлчин” болсон намтар баян амьдрал бас түүнийх ээ.


Монгол  улсын ууган геологч, шинжлэх ухааны доктор Ж.Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Туулсан зам арвин, бүтээсэн үйлс ихтэй  түүний мэндэлсний 100 жилийн ойг нь ШУА, Геологийн Хүрээлэн, ШУТИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллагууд, үр хүүхэд, төрөл төрөгсөд  нь намрын налгар сайхан өдрүүдэд тэмдэглэхээр товложээ.  Эрдмийн сүмбэр  уул өөд цуцалтгүй мацаж, оргилоос оргилд дүүлж явсан түүний олж нээсэн эрдэс баялагийн  орд уурхайнууд нь монгол түмнийг минь магад зуу, зуун жил тэжээх нь дамжиггүй ээ.   
    

БУРХАНААС ИНГЭЖ ГУЙНА

2В  АНГИЙН СУРАГЧ Б.СОДОО
Яндаж болдоггүй далай шиг

Яасан баян нутаг вэ… гээд манай ээж аав, ах эгч нар бага ангийн сурагч байхдаа дуулдаг байсан гэсэн. Номон дээрх шүлгийг нь уншиж цээжилдэг байсан гэсэн. Харин би энэ дууг сайн мэдэхгүй. Бидний сурах бичиг дээр энэ дууны шүлэг байхгүй. Бас үүнээс ч олон гоё гоё дууны үг, шүлэг бага ангийн сурах бичиг дээр байсан гэж томчууд ярьж байсан. Яагаад тэр бүгдийг бидний сурах бичиг дээр бичээгүй юм бол оо. Тийм сонирхолгүй байсан бол томчууд тэгж яримааргүй юм. Эсвэл моодноос гарчихсан юм болов уу.

      Би 3 дүүтэй. Мөрөн, Тамираа, Тэмка гээд. Мөрөн 8 настай ч надтай зэрэг сургуульд орсон. Харин Тамираа энэ жил нэгдүгээр анги. Тэмка энэ хавар сургуульд орно. Би дүү нартаа хайртай. Бас эмээ өвөө хоёртоо ч хайртай. Манай эмээ өвөө хоёр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд амьдардаг. Би зуны амралтаараа Мөрөнтэйгээ хамт тэнд очиж амардаг. Ихэнх хүмүүс манай Баянталыг мэддэггүй. Чойрыг мэддэг мөртлөө 30 км-ийн наахна байдаг Баянталыг мэддэггүй нь сонин юм аа. Уг нь би том хүмүүсийг бүгдийг мэддэг гэж боддог байсан ч эндүүрсэн байна. Томчуудад ч бас мэддэггүй юм гэж байдаг юм билээ.

      Өвөөгийн ярьсанаар тэр суманд дээр үед  дандаа цэргийнхэн байсан гэсэн. Манай өвөө ч тэдний нэг болж энэ газарт алба хааж амьдарч байсан юм билээ. Эх орноо гэсэн чин сэтгэлтэй зоригтой ах нар буу зэвсэг бариад, байлдааны онгоц нисээд л, танк дуугараад, хүмүүс шуугилддаг байсан гэж бодохоор гоё санагддаг. Манай ээжийг бага байхад Баянтал сум нов ногоон зүлэгтэй, байнга бороо орж, жимсний мод хүртэл ургадаг байсан гэсэн. Миний үеийн хүүхдүүд олноороо гаднаа гарч тоглоод л, аав ээж нар нь орой болгон бөмбөгөөр тоглоод л. Үнэхээр гоё байсан юм билээ. Одоо харамсалтай нь элсэнд дарагдаад говь болчихсон. Мөрөн бид хоёрт ч тоглох найз байхгүй. Ихэнх хүмүүс нь эндээс нүүгээд явчихсан. Сумын төвд байсан моднууд нь хатаад, оросуудын барьж өгсөн барилгууд нь нураад балгас болчихсон байгаа. Өвс ногоо ч ургахаа больсон. Манай өвөө эмээгийн үхрүүдэд ч идэх юм олдохгүй хэцүү байгаа.

      Уг нь бороо ороод байвал өвс ургана гэж эмээ хэлсэн. Даанч бороо ордоггүй. Зундаа хааяа л ордог ч аймаар жаахан. Тэгээд нар гараад л тэр нь дороо хатчихдаг. Өвөөг анх энд ирэхэд өвс нь миний өвдөгөөр татмаар өндөр байсан гэсэн. Гэтэл одоо юу ч байхгүй. Дандаа элс шороо.

      Хэрэв бурхан миний гурван хүслийг биелүүлнэ  гэвэл би нэг хүсэлдээ Баянтал сумаа хуучин шиг нь нов ногоон болгож өгөөч гэж гуйна. Тэгвэл мод, цэцэг ургаад, айлуудын үхэр тугал, ямаанууд нь идэх юмтай болно. Мөрөн бид хоёрт уух тараг, сүү тэр хэмжээгээр ихэснэ. Хүмүүс гоё газар амьдрахыг хүсдэг болохоор эргээд л Баянталдаа олон хүмүүс нүүж ирнэ. Ингэвэл Мөрөн бид хоёрт тоглох найзууд олон болж, зуны амралтаа хөгжилтэй өнгөрөөнө. Тэгвэл ёстой гоё.

      Би ээжээсээ яагаад ийм элстэй болсон тухай асуусан л даа. Ээж хэлэхдээ: “Хүмүүс байгальтайгаа зүй бусаар харьцсанаас болж ийм болсон” гэсэн. Зүй бусаар гэхээр модыг нь тасдаж, энд тэндгүй нүх ухаж юм хайснаас болсон гэж би бодлоо. Хангай дэлхий гомдоод ийм болчихсон байх. Бид өөрсдөө газар дэлхийгээ хайрлаж чадвал эргээд гоё болно гэж Хүн ба Байгаль хичээл дээрээсээ сурсан. Зөвхөн Баянтал ч биш, гоё байгальтай байсан өөр зөндөө олон газар ийм болсон гэж би сонссон. Үүнд хүн төрөлхтөн бид буруутай. Бид эх нутгаа хайрлахгүй бол Монгол улсын нутаг тэр чигээрээ элсэнд дарагдаж ургамал амьтангүй болно. Тэгвэл бид турж үхэх аюултай.

Алт, үнэт эрдэнэс хайж, энд тэнд газар ухаад түүнийгээ булахгүй орхичихдог олон компани байдаг тухай би зурагтаар үзсэн. Тэр бүхэн эх нутгийн минь газар шороог бохирдуулж тэр газарт эргээд өвс ургамал ургахгүй болгож байна. Тиймээс үеийн нөхөддөө хандаж хэлэхэд: “Бүгдээрээ эх орноо хайрлаж, байгаль дэлхийгээ хамгаалцгаая. Ирээдүйд бид энд амьдарцгаана шүү дээ” гэж хэлмээр байна. Бүгдээрээ багшийнхаа заасныг сайн сурч, хүн ба байгаль хичээл дээрээ үзсэн бүгдээ амьдрал ахуйдаа хэрэглэцгээе. Тэгвэл бид эх нутгаа аварч, гоё байгальтай орчинд эрүүл саруул амьдрах болно.


2В  АНГИЙН СУРАГЧ Б.СОДОО

 

ЭХ ОРНОО ХАЙРЛАЯ НАЙЗУУД АА

 2а АНГИЙН СУРАГЧ О.МӨРӨН    

  Эх орон гэж миний амьдарч байгаа газрыг хэлнэ. Миний эх орон бол Монгол улс. Зурагтаар гардаг кино, номноос уншихад Монгол улс 800 жилийн өмнө дэлхийн хамгийн хүчтэй улс байсан гэсэн. Тэмүжин монголын тал нутаг дахь тархай бутархай улсаа нэгтгэн маш хүчтэй болж их цэрэг болоод өөрийнхөө оюун ухаан эр зоригоороо дэлхийн талыг хүртэл эзэлжээ. Одоогийн Орос, Хятад, Солонгос, Казакстан, Иран, Ирак гээд л өчнөөн олон улсад морьтойгоо очиж байлдан эзэлсэн юм билээ.

      Дэлхийн тал нь монголын нутаг байсан юм бол бид өнөөдөр яагаад ийм жижигхэн газар нутагтай, ядуу амьдралтай болсон юм бол оо. Ядаж хятад шиг, орос шиг том нутагтай байсан бол бид баян байхгүй юу. Тийм байсан бол миний ээж Чех рүү ажил хийх гэж явахгүй байх байсан. Монголоос олон хүн гадаадад гарсан. Энэ тухай би зурагтаар зөндөө үзсэн. Зурагтаар тэднийг боолын хөдөлмөр эрхэлж байгаа, тэнд нь их хэцүү байдаг гэж нэг өвөө ярьж байсан.

      Тэгсэн мөртлөө зарим дарга нар нь манай монгол шиг баян улс энэ  дэлхий дээр байхгүй гэж байна билээ. Алинд нь итгэхээ мэдэхгүй байна аа.

      Харин миний бодлоор Монгол улс баян. Хамгийн  гоё нь маш олон малтай. Зун бол бүр ч гоё. Хөдөө явахаар энд тэнд үхэр мал бэлчээд, морь унаад  л.

      Манай газар нутагт гадаадынхан их ирж  байна. Тэд манай байгалийн баялагаас дураараа авчихаад дараа нь байгалийг эргүүлэн сэргээхгүй байгаа гэсэн. Уг нь хууль дүрэмд нь сэргээх ёстой гэж заасан юм билээ. Харамсалтай нь тэгж байгаа нь их ховор гэсэн. Би энэ бүх мэдээллийг зурагтаар л хардаг. Хичээл дээр монгол улсыг нүүрч, уран, алт гэх мэт байгалийн маш их баялагтай гэж заадаг. Тэрийг нь бид хэрэглэдэг юм билээ. Манайх гэр хороололд байдаг л даа. Өвөлдөө нүүрс түлдэг. Харин утаа нь жаахан муухай. Хотод ер нь хэцүү. Агаар нь маш бохир. Энд хүүхдүүд их хурдан ханиад хүрчихдэг. Машин нь их олон. Замаар сэрэмжтэй гарахгүй бол дайруулж мэднэ.

      Байгалийн зөндөө их баялагтай мөртлөө гадуур тэнэмэл хүүхдүүд, ядуу хүмүүс олон байгаад их гайхдаг. Манай эмээ хэлэхдээ энэ хүмүүс багадаа хичээлээ сайн хийгээгүй болохоор ийм хэцүү амьдарч байгаа гэсэн. Тиймээс би онц сурах хэрэгтэй гэж бодсон.

      Монгол оронд ан амьтан, ургамал, газрын баялаг их бий. Дэлхийд ч ховорхон ургамал амьтантай. Хоёр бөхтэй тэмээ дэлхийд ховор байдаг мөртлөө манай говь нутагт зөндөө бий. Хавтгай, янгир, аргаль, бөхөн, зарим гадаадын оронд байдаггүй чоно гэхэд л олон. Чоно Герман, Францад байдаггүй гэсэн. Сонин байгаа биз дээ.

      Дэлхий  дээр хэдэн сая жилийн өмнө байсан үлэг гүрвэлийн яс ч бас монголын газар нутгаас олдож байсан гэдэг. Одоо ч сайн хайвал байгаа гэсэн. Тэгэхээр бидний зурагтаар киног нь үздэг үлэг гүрвэл динозаврууд манай эх оронд амьдарч байсан юм билээ. Сонин байгаа биз дээ. Зарим баян гадаадын оронд лав энэ байхгүй дээ. Ингээд бодохоор манай улс баян байгаа биз дээ. Бид энэ эх орноо хайрлах хэрэгтэй. Яаж хайрлах вэ. Гудманд хог хаяхгүй, найз нөхөдтэйгээ муудалцахгүй, худлаа ярихгүй байх хэрэгтэй.

      Манай сургуулийн зарим хүүхдүүд газарт хогоо  хаядаг нь буруу тийм ээ? Хогноос болж элдэв муухай өвчин гардаг гэсэн. Хүн эрүүл байвал хамгийн сайхан зүйл гэсэн. Тэгэхээр бид эрүүл байж эх орноо хөгжүүлнэ. Бас онц сурах хэрэгтэй. Манай өвөө намайг ирээдүйн ерөнхийлөгч болно гэдэг. Хэн ч гэсэн сайн сураад шударга амьдарвал ерөнхийлөгч болж болно. Хэрэв би ерөнхийлөгч болвол эх орноо дэлхийн хамгийн  баян хөгжилтэй улс болгоно. Нэг ч хүнийг гадаадад ажиллуулахгүй. Ард түмнээ дандаа доллараар цалинжуулаад, бүх хүмүүсийг машинтай болгож, сайхан амьдруулна. Ерөнхийлөгч болохыг тулд би эрдэм боловсролтой сайн хүн болж хүмүүжих ёстой. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж зүйр үг байдаг. Бас эзэн хичээвэл заяа хичээнэ. Бид хичээвэл эх орон маань дэлхийн хамгийн баян улс болно. Америк, Япон, Солонгосын ерөнхийлөгч дарга нар багадаа сайн сурдаг байсан болоод л ерөнхийлөгч болсон байх. Тиймээс би ч бас онц сурвал ерөнхийлөгч болж чадна.

      Бид бүгдээрээ хичээвэл ерөнхийлөгч  болж чадна. Тиймээс бүгдээрээ эхлээд эх орноо хайрлацгаая. Найзууд аа! 

 

Лууны зүүд (Богд Дүнжингарав уулын домог)

Эрдэмтэн Жалцавын Дүгэрсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит уралдаанд
Дашзэвэгийн Өрнөхдэлгэр

Агуу их эх орон, агуу их оршихуй, агуу их хайр, агуу их ухаарлыг шингээсэн ийм уралдааныг зохион байгуулж буй Та бүхэнд баярласан сэтгэлийн хурыг буулгахын ялдар огторгуйд элих цагаан гардын хүчээр омог дэлхий дахины хувьтанд Монгол нутгийн түүх, байгаль, соёлын өвийг түгээн ариунаар дэлгэрүүлэн үйлдэж ирээдүйн сайн сайхны гэрэлт чимэг болохыг хүсэн ерөөе.

Намрын шар нар
Над дээр
Чам дээр тусна гэж хэлчихээд их Нацагдорж хөнгөн цагаан манан дундуур буцжээ. Түүний шүлэг найргийн шилтгээнд завилан суугаад сэтгэлийн хөөргөө гарган тамхилахуйд өнийн гэрэлт орчлон үргэлжийн гоо сайхан харагдана. Намрын тухай, баян монгол нутгийн дөрвөн цагийн тухай хичнээн ч хүн дуу алдан өгүүлэв дээ.
Нартаас аав минь буцаад
Найман жил боллоо
Намрын цагаан хяруу
Сэтгэлийн нугад хайлсангүй
гэхүй нимгэн гунигт бодол ухаарлын минь цанг цохино. Очирбатын Дашбалбар ингэж хэлээд орчлонг гэтэлжээ. Түүний шүлэг хорвоод гуниглан баярлан амьдрахын халуун амьстай. Бүр шигтгээ мэт гялалзан үлдсэн дээ.
Үдшийн аяган нар зүрхний чөлөөнд болортон гялбахад хэн нэгэнтэй үг дуугаа хуваалцан цээжний цэнхэрт орших аугаа их гоо сайхан мэдрэмжээ шүрэн жүнзээр сөгнөн уухыг би хүсдэг. Чухам тийм агшин бол эх орны минь хэзээд дундаршгүй баян сөн бүлгээ. Эх орны минь тэгш дөрвөн цаг бидэнд амгалан омголон ихэмсэг дүнсгэр уян зөөлнийхөө охь амтыг ирэх болгондоо л сөгнөж байдаг.
“Цээжинд гал гарав ч утааг нь хамраар бүү гарга” хэмээн хутагт Равжаа бидэнд гэрээсэлсэн. Тэрээр,
Бардан сэргэлэн борыгоо
Барин сойж унамаан
Өндөр хангайн шилд
Өөрийн дураар хатирья
хэмээн орон зайн алс орчилд цэнхэр болроо гялбуулан гялбуулан айлдаад тохмын хөлсөн дорх салхи хөөрөгдөн давхихын гэнэ сайхан аялгууг намрын цээж норгосон цэгээн манантай хамтатгасан байдаг.
Сайхан бүхнийг сэтгэлээс, бас хажуу дэргэд ямархан нэгнийг өгүүлэх мэт ширхэг чулуунаас нь ч олж болмоор баян монгол нутгийнхаа тухай дуулаагүй найрагч нэгээхэн ч үгүй. Тэр дууг мэдрэн, тэр дуунд уусан суухуйд,
Сутай хайрхан уул
Суусан ч боссон ч харагдана
Харагдая гэж өндөлзөхгүй
Харанхуй манан дундаас ч харагдана
хэмээн Бямбажавын Хүрэлбаатарын дуулсан Сутай уул нүдэнд цайвалзаж,
Цэх зогсоод буудуулсан ч сум хүрэхгүй алс
Цээжний минь гүнд эх орон бий
гэж омогшин тэр үзэсгэлэнт төрхийг үеийн үед өвлүүлэхийг хүснэм. Гэхдээ бид баян нутгийнхаа баялгийг мэдэж, түүндээ хэт шунамгай хандалгүй, үр нөлөөг нь үрийн үр, ачийн ач түүнээс ч цааш хүртэхээр ариг гамтай, зохистой ашиглахсан...

Зуун шувуу дэрхийн нисэхэд дорно зүг хаяарна. Өмнийн наран мандахуй Увс, Хяргас нуурын дотогшоо цалгиатай гүн хөх давалгаа агаарт хийлэн эргэлдэх нь дотор сэтгэлийн чандад нэн уяралтай сайхан. Цэцэг жимстэй уулс шиг ганхаж яваа надад цэн цэнгийн шувууд далавчаа сэгсрэн толгодын орой дээрээс шархадсан үнэг мэт наран ээхэд зовлон жаргалын бүлээн амьсгалаа мэдрэн алхахуй амьдрал гайхалтай нандин санагддаг. Учир нь өвөг дээдсийн минь үлгэр дуурайл болсон үйлсийн цагаан өргөөнүүдийн үүдээр шагайж яваад л байгаа юм.

Тэр цагаан өргөөний нэгээр шагайвал: Халх даяар алдаршсан Лувсандондов ноён бараа бологчдынхаа хамт Шархөвийн дөрөлж дээр гарч ирэхэд тэртээ алсад униартагч хөхөмдөг манангийн дунд өндөр Жанрайсэг дүнхийн харагдаж, жолоогоо татаагүй байхад унасан морь нь шилгээн зогслоо. Гүнтэн хүлгээсээ бууж дөрвөн уулын дунд цогцлон дэлхсэн ариун сахиусны орон Богдын хүрээний зүг наминчилж, гурвантаа мөргөн залбираад, хэдэн чулуу авч овоонд өргөөд “Өлийн их танд, өлзийн эх бидэнд” хэмээн сүсэглэв. Эл ёслолыг хиа хавангууд гүйцэтгэх зуур Хүрээний монгол сайдын угтуул элч ирж, тэдэнтэй мэнд амраа мэдэлцсэний дараа,
 - Эрхэм ээ! Таныг ноёд хүлээж ядаж байна. Манжийн амбан, Бээжингийн зараалын түшмэл хоёр халхын ноёдод хэцүүхэн алба тулгасаар олон хонолоо. Зөвхөн таны гэгээн ухаан, мэргэн арга авралын зүгийг зааж болзошгүй хэмээн үгээ давхцуулан өгүүлэхэд бухимдал сандралын хөх дөл нүдэнд нь манасхийлээ. Лу гүн хөмсгөө зангидаж, гайхаж сониучирхсан аялгаар,
 -Юу гээч болчихоо вэ? гэж асуув. Элч жийтан нүдээ гурвалжлуулан омголтсон уруулаа шилэмдэж,
 - Богд уулыг есөн эрдэнээр арвин гэж доншуул шинжээчид үзсэн юм гэнэ. Түүнийг манжийн эзэн хаан сонсоод, “Тэр уулыг монголын өөрийн хүчээр ухуулж, эрдэнэсийг нь Бээжинд ацаггүй нийлүүлж бай” гэж зарлиг буулгажээ. Тэнгэрийн хөвгүүний лүндэнг биелүүлэх гэж Халхын ноёдыг Даа хүрээнд дуудаж цуглуулаад байгаа юм даа хэмээн мэдэмхийрэн учирлав.
 - Ихэс ноёд юу гэцгээж байна вэ?
 - Манай хошуу хүн гаргаж чадахгүй, газар ухдаг мэргэжилтэн байхгүй, багаж зэвсэг олдохгүй гэж түмэн шалтаг тоочиж, бие сэтгэлийн зовлон байх шиг санагдсан, хөөрхийс.
 - Богд Дүнжингаравыг ухаж төнхөхийг халхын ноёд зөвшөөрч байгаа хэрэг үү?
 - Арай үгүй болов уу? Эсэргүүцэх арга эвээ тэд олохгүй байх шиг. Тиймээс таныг хүрээнд яаралтай морилохыг урьсны учир энэ дээ. Ингэж ярилцсаны эцэст Лу гүн шанаа тулан бодлогоширч,
 - Хэрэг явдлын оньсыг өчүүхэн би ойлголоо. Хан богд уулын ам бүрт өнөөдрийн дотор нэжгээд айл буулга. Тэр цагдаанууд “Бид эрт дээр үеэс энэ дагшин уулыг харж хамгаалсаар хэдэн зууныг элээсэн юм” гэж түгдрэлгүй хэлээд байдаг болбол зохилтой хэмээн намайг айлтгаж байна гэж та хүрээний сайдад аминчлан мэдэгдэх ажаамуу! гэж шийдмэг өчив. Элчийг буцаамагц гүнтэн Хан уулыг бахархан халиаж, “Богд Дүнжингарав гэж цагаан лавай тэтгэгч, сайн зүгийг заагч, номын уриа хэмээсэн аялгуу зохиост, утга төгөлдөр нэр” хэмээн сэтгэлдээ шивнэж,
 - Хүүе! нөхөд минь Богд уулыг Хангардийн шинжтэй гэдэг нь яг оножээ. Та нар харцгаа даа, ээрэм цагаан талд аварга том үлгэрийн шувуу сууж байгаа мэт төсөөлөгдөнө үү! Ийм сайхан уул есөн эрдэнээр бүтсэн нь лавтайдаг. Эрдэнийн цэнхэр хангай минь, эртний дархан уул минь гэж өгүүлснээ,
 - Маргааш мандахын улаан нарнаар Хүрээ орж, эвэртэй сүлтнүүдтэй уулзаж, эрэгчин эмэгчнээ үзэлцэнэ дээ гэж зоримог хэлэхэд бодол тунарч, ухаан талимаарсан өргөн магнайд нь үл мэдэг атираа нэг үе тодорч, нөгөө үе задарч байвай.

Олныг эргэцүүлж нэгийг шийдсэн Лу гүнийг ихэс дээдэс хөндий хүйтэн угтжээ.
 - Чи яасан орой ирдэг юм бэ!? гэж манж амбан жавартай нүдээр шилбүүрдэн асуухад,
 - Халхын баруун хаяа хаа хол Хан хөхий нутгаас ирлээ. Дээдэстэй адил хадган жолоотой, тэргэн жуузтай биш, суран жолоотой, сайран гартай хөдөөх ноён би явж ядсаар ийм боллоо гэж гүнтэн ажиггүй хариуллаа. “Их үгтэй сүрхий толгой байх нь ээ, энүүнтэй илүү яриагаар яах вэ, цагийн гарз, гол зүйлээ хэлэлцье” гэж бодсон бололтой амбантан,
 - Энэ урд уулыг ухахад танай хошуунаас хэдэн хүн ажиллуулах вэ? гэж тулгав. Үгээ цэнэж, амьсгаа түгжсэн Лу гүн үл мэдэгчийн дүр эсгэж,
 - Аль уул, ямар газар вэ? гэж гайхширан лавлахад манж түшмэл завсраас нь орж, жонгиносон саарал дуугаар,
 - Ноёнтон гуай битгий баашил. Урд уул гэвэл тодорхой бус уу! Нэрлэвэл танай Богд уул гэж дүрэмдлээ. Чингэхийг анаж асан гүнтэн зангидсан хөмсгөө задалж, эрдүү баргил хоолойгоор,
 - Сэрүүнээрээ зүүдлэв үү? Сэтгэлийн хий үзэгдэл үү! Мөхөс би гүйцэд ухахгүй байна уу! Манай дархан цаазтай Богд уулыг ухуулж малтуулах гэж үү. Энэ чинь зөвхөн монголын биш, дэлхийн уул шүү дээ гэж үгийн сумаа байнд нь харвав. Ингэнэ чинээ огт санаагүй манж амбан цочирдон сандрахдаа,
 - Юу гэнэм. Больж үзэгтүн! гэж муйхарлан зандрав. Үүнийг Лу гүн овжноор өлгөн авч,
 - Аль ч улсад дархалсан уулыг малтаж төнхөх битгий хэл, ой модыг нь огтолж, ан гөрөөсийг нь авлаж болдоггүй хуультай шүү дээ. Олон гүрний тогтсон журам биз. Манжийн эзэн хаан ч олон улсын хэмжээний хууль жаягийг биелүүлэх үүрэгтэй байх ёстой. Ингэхлээр бидний ойлголцож цөхөөд байгаа зүйлийг Манжийн хаан биш завсрын цөөврүүд сэдэж, “Лууны зүүд” гэгчийг монголд тулгаад байна уу даа гэж үгээ гүйцээж, алга хавсран нахисхийлээ.
 Арга мухардсан амбан үл итгэж эргэлзэхийн бодолдоо хөтлөгдөн Богд уулыг тойрч үзвэл ам бүр нь цагдаатай байсан төдийгүй “Бид эрт дээр үеэс энэ дагшин уул хангайг үе дамжин хамгаалж ирсэн юм” гэж тэдний хээвнэг ярихыг сонсож, “Тэнгэрийн луу, манжийн эзэн хааны зарлиг сэрүүн зүүд шиг болжээ” хэмээн шүүрс алдаж халхын ноёдыг нутаг нутагт нь буцаажээ. Үүнээс чинагш монголчууд амьдралд биелэхгүй муйхар зарлиг, үнэнд харшилсан мугуйд арга үйлийг “Лууны зүүд мэт” хэмээн егөөдөн нэрлэдэг болсон нь ийм үүсгэлтэй ажаам. Луу гэж үлгэр домгийн амьтан. Түүнийг дуу ихтэй боловч бусдын үг авиаг сонсдоггүй төрөлхийн согогтой гэлцдэг. Дүлий дөжнөөс муйхар мугуйд үйл эхтэй. Луу жилтэй хүнийг өрөөл бусдын зөвлөгөө сургаалыг авахдаа дутмаг, зоргоор авирлах дуртай хэмээн зурхайн төөрөгт бичсэн нь учиртай. Манж-хятадын сүлд бэлгэдэл нь луу билээ. “Лууны зүүд” гэгч угтаа хоосон санаа, бүтэшгүй хэргийн илэрхийлэл юм. Утгын мэргэн, үгийн цэцнийг сорихдоо хуучцуул маань егөөдөх, зүйрлэхийн солбилцлыг шүтэн барилдуулж чадсан нь энэ хэллэгээс мэдрэгдээд байх шиг санагдах буюу.

Чингэсний хүчинд өнөөдөр битүү хөх уулын буга урамдана. Хуучин хуурын аялгуу мэт тэр дууг сарны асгарсан гэрэл дор сонсоход урт удаан насалдаг юм гэнэ лээ. Ертөнц дэлхийн хамгийн анхны аяз юм даа гэмээр бугын дуу хөдөө арлын төгөлдөр хуур буюу. Намрын сайхан буга үүлэн дунд урамдана. Өвдөг шилбэндээ навчсын тасархайтай… Намс намс хийх өвсний зүгт нулимсан дусалдаа унагана. Хөх бугын мэлмэрсэн зэрэглээ мэт давхиан эх орны минь нэгэн сөн ажгуу.
 Тэр бугын дуунд ус гол тунгалагшиж, байгаль дэлхий өнгөө нэмнэ. Нэгэнтээ Лу жанжин гүн элжгэний бага хошууны нутагт залрахдаа хэд хэдэн хүнтэй уулзаж хөөрөлдөх зуур “Нарийн гол” хэмээх нэрийг олонтоо сонсож олзуурхан тогтоож авчээ. Тэр голыг гүнтэн үзэж, “харз тунгалаг урсгалтай, харгиатсан сайхан рашаан” хэмээн сүсэглэж, уснаас нь амсан хүртэж, аяны чилээгээ гаргав. Тийн саатах зуур тэнд нутаглагчдад хандан:
“-Ийм адбиш усан эрдэнийг басамжлах мэт “нарийн” хэмээн хэлж боломгүйдэг. “Эрдэнэ гол” хэмээн өргөмжлөн нэрлэвэл яасан юм бэ.” гэж зөвшин айлдсан нь ёсоор болсон гэдэг. Ус нутгийг хайрлах үзэл түүний маханд шингэсэн чанар бөлгөө.
Мөн, Хан хөхийн нуруунд хаа нэгтэйхэн газарт цөөхөн хулслаг харгай хэмээх чилгэр сайхан мод ургадгийг нутгийнхан андахгүй. Ийм модыг хулс, харгай хоёрын хослол гэлтэй, хөнгөн бөгөөд  шулуун, уян болоод бэхлэг, нар салхинд өгөршдөггүй, ус чийгэнд өмхөрдөггүйгээрээ хулслаг харгай жирийн шинэснээс давуу чанартай. Хөхий хангайн хулслаг харгайн цуурай дөрвөн зүг, найман зовхист дуурсаж түүнийг зоргоороо огтолж ашиглагчид олширсныг Лу гүн мэдээд: “-Хулслаг харгайг уургын мод гэж энгийнээр нэрлэж байгтун, харийн хүнд бүү зааж өгч сайрхагтун.! Халуун зуураа хайр гамтай авч сурцгаа!” хэмээн зарлигласан нь ёсоор болсон гэдэг. Ховор баялгаа нууцлахын ухаан болхойч үедээ нөөцлөн өвлүүлэхийн эрдэм ажаам.
 Хан хөхий нутагт Хорин бугатын тэлээ мод, Бүштэгийн алтан бургас, Баруунтурууны холбоо мод зэрэг “уран байгалийн үзэсгэлэн, түмэн бодисын жавхлан” гэмээр дагшин сайхан газар олон бий. Тэдгээрийг Лу гүний санаачлагаар онголж тахиж, олон даяараа хайрлан хамгаалж, бишрэн шүтдэг байжээ. Хосгүй үзэсгэлэнтэй, зүйргүй онцлогтой дагшин хангайдаа онгон тахилга оршоосон нь одооны ойлголтоор орон нутгийн дархан газрын горимтой агаар нэгэн байжээ.
 Баян монгол нутгийн минь наран мандана. Нарны гэрэлт цацраг дундуур навчны үнэртэй хур үнэртэнэ. Тэр л хурын шиврээнд гэрэлт сууц болсон байгальд гав ганцаар суухуй ягаахан туяанууд алган дээр нисэлдэнэ. Цээжний алсаас шувууд ирнэ. Гуниг уярал, ухаарал хайрын гэрэлт эгшиг уянгална. Нар шаргалтан тогтсон намрын үнэр хаврын борооноос мэдрэгддэг баян монгол нутгаа хайрлах сэтгэлийн сөн нэг нэг аягаар жил бүр нэмэгдэнэ. Нэмэгдэхийн хирээр дундарна.


 Баян Монгол эх орноо  хайрлая
Баяраа  Ганзаяа


      Нэгэн үе хүн төрөлхтөн  хээр талын чулууг алтнаас хэд дахин илүү үнэ цэнээр  хайрлаж, алга дарам газрыг амь насаараа өмгөөлөн хамгаалдаг байсан нь нууц биш. Харин цаг хугацаа  улиран одох бүр эдгээр зүйлс өөрийн үнэ цэнийг алдсаар.

      Чанасан цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөдөг монгол бүсгүйн ёсноос эхлээд Овоо тахилгад идээ будааныхаа дээжийг өргөн эх байгальдаа залбиран сүсэглэдэг  монгол эр хүний заншлаас харахад Төв Азийн цээжинд орших Монгол үндэстэн хэрхэн эх орон, уул ус, байгаль эхээ хайрладагийн учиг оршиж байгаа билээ. Нүүдэлчин байдлын учир ч оршин буй газар нутгаа бохирдуулахгүй гэсэн холч ухааны үр нөлөө ажгуу.

      Ийм сайхан өв уламжлалтай хэдий ч өнөөдөр эх орноо хайрлаж чадаж байгаа билүү гэдэг том асуудал. Үнэхээр бид хайрлаж чадаж байсан бол олон гол ширгэж, ой мод устан, байгаль эх маань бохирдохгүй байсан. Хайрлацгаая хэмээн хэлэх ч шаардлага гарахгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ байгалийн баялаг ингэтлээ их үнэ цэнэтэй болоогүй байсан бол бид бас ингэтлээ их байгалиа сүйтгэн ухахгүй байх байлаа. Байгалиа хайрлая гээд ухахаа болих гэхээр ядуурч үхэх нь бас л ярвигтай асуудал. Хүн болгон өөрийн чадлын хэрээр хайрлан хамгаалаад байвал, замбараатайхан ухаад байвал бид маш сайхан байгаль эрүүл орчинд амьдрах боломжтой юм.

      Нэг хүний хаясан хогийг цэвэрлэхийн  тулд өөр нэг хүн өөрийн амьдралынхаа 5–10 секундыг зарцуулдаг. Хэдий бага хугацаа мэт боловч эдгээр хугацааг хооронд нь нийлүүлбэл хүний амьдралын нэлээд хувь болох нь дамжиггүй. Энэ цаг хугацаа та бидний амьдралынх ч байж болно. Тиймээс бид хогоо хаяхаа байчихвал хог цэвэрлэхэд зарцуулагдах секунтүүд өөр зүйлд зориулагдаж оршин буй газар маань цэвэрхэн байх болно.

        Агаарын бохирдолтой байгаа өнөө үед ургаж байгаа модыг тастахгүй байвал нэгч гэсэн хүн эрүүл цэвэр агаараар амьсгалж, байгаль экологийн тэнцвэр алдагдахаас бага ч атугай сэргийлэх боломжтой.

      Байгалийн баялагаа хадгалан байгаа олон газрыг хайрлан хамгаалснаар хойч үедээ зориулсан гайхалтай өв болох төдийгүй тухайн газарт хүн зоргоороо зугаалж, мал нь дураараа бэлчсэн сайхан ногоон тал хэвээр үлдэнэ.

        Өнөөдөр хүн бүрийн санааг зовниулж байгаа цэвэр усыг ариг гамтай хэрэглэснээр   цэвэр усны хомсдолд орох хугацааг хойшлуулсаар байх болно.  

      Энэ мэтчилэн зүйлс өнөөдрийн хувьд та бидний хийж чадах хамгийн том хамгийн үр дүнтэй ажил байх болно. Хийж бүтээж чаддаггүй юмаа гэхэд  хайрлан хамгаалж чадаж байвал эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж би боддог. 

      Өнөөдөр хан хорвоогийн хамгийн жаргалтай хүн бол эх оронтой хүн. Тиймээс  энэ л жаргалаа авч үлдэхийн тулд, хойч үедээ эрүүл сайхан байгалийг  буухиалан хүргэхийн тулд бүгдээрээ  чадахын хэрээрээ байгаль эхээ, эх орноо хайрлая . Энэ бол бидний хийх ёстой, хийж чадах хамгийн эхний гайхалтай ажил билээ. 
 

ГАЗРЫН  МЭЛМИЙ ДАЛАЙ ЭЭЖ

Ө.АРИУНТӨГС

/Аян замын  тэмдэглэл/

      Огторгуйд таатайхан хөврөх хөнгөн үүлсийг өөр дээрээ толь мэт буулгасан хөлгүй хөх Далай ээж баруунаас зүүн тийш хараа бүү хэл бодол цуцаам үргэлжилнэ. Яг л зах хязгаар үгүй мэт. Зөвхөн зүүнтэйгээс ухаа ягаан  туяагаа нуурын толион дээгүүр алгуурхан гулгуулсаар гарч ирэх наран л багцаа өгөв. Хэрэв тэгээгүйсэн бол Туулын хөвөөнөөс тоотойхон холдож байсан би их нуурын захыг ертөнцийн хязгаар мэтээр төсөөлөх байснаа нуух юусан билээ. Монгол хүн бүр л эх нутгаа зах хязгааргүйгээр төсөөлөх гэдэгсэн биш билүү. Найман зууны өмнө өвөг дээдэст минь ингэж төсөөлөх тэгэхдээ бүр морины туурайгаараа тамгалж хязгааргүй өргөн нутгийг туулах их хувь оногдсоныг бид түүхийн номоос атаархангуй уншдагсан.

      Далай ээж, өглөө нойроо харамлан хөрвөөх үрээ эх нь ширүүхэн дуугаран сэрээдэг шиг хүчит давалгаагаараа эргийнхээ хайргыг алгадан биднийг ч сэрээв.

      Салхины аясаар модод исгэрэн, далайн хязгааргүй их усны эзэд болсон шувуудын ганганалдах, усны шуугих чимээ энэ бүгд хэзээд үл дуусах мөнхийн аялгуу. Энд суухад цаг хугацаа дуусамгүй, бас хэзээ ч уйдамгүй. Хорвоод надаас өөр хэн ч үгүй мэт, зөвхөн далай ээж бид хоёр.

      Энд ирэхсэн гэж хичнээн жил санаснаа, нааш явах замд машин маань хээр шаварт сууж, усан бороонд шавар шавхайн  дээр олноороо түрж гаргаад, аргаа барахдаа хэзээ ирэхийг нь ч мэдэхгүй байж замын унаа харуулдан харанхуй шөнөөр зам тосон зогссон, эцэст нь машинаар татуулан арай чүү гэж гаргасан, би өөрөө машинаасаа хэрхэн чирэгдсэн зэрэг хэцүү ч гэмээр үйл явдлууд энэ байгалийн үзэсгэлэнг харахад болоогүй мэт. Гэвч мартагдах болов уу?

Эргээд  харахад алс хол байсан ч Далай  ээж биднийг сорьж байсан мэт  санагдана.

Хархоринд зохиогдох “Их хурд”-ыг үзнэ гэж төлөвлөсөн бид амралтынхаа хэдхэн өдрийг өөр хаашаа ч явалгүй зөвхөн энд л өнгөрөөхийг хүссэн. Далай ээж ер бусын ид шидийн хүчээр ховсодсон мэт бид хаашаа ч, юунд ч үл яарнам.

Эргэн тойронд Хөвсгөлийн их тайга. Энэ гүн нуур, шигүү ойд юу эс байхсан билээ. Эх орны минь нэгээхэн хэсэг. Эхийнхээ хормойд нялх үр нь алиалан наадах шиг жаргалын орон болсон уснаасаа загас үсчин наадахыг нүдээр харж, хэдий жихүүцмээр ч хөвч тайгад хөх чоно улихыг чихээр сонсон, их усны чийглэг үнэрээр чийг дүүрэн амьсгалж, амьдрал, ажлын аль алиныг нь сэтгэлээсээ авч хаяад суух нь энэ насанд минь эргэж үл тохиох эгнэшгүй эгшин буюу. Болдогсон энэ агшинг хэзээ ч арилахааргүйгээр хэвлэн тамгалах юмсан. Гэвч элэг зүрхэндээ хэзээ ч балархааргүй, хэнд ч алдахааргүй бат бөх цоожилж бас дахин тушсаныг минь тэнгэр болоод нуурын мандал хоёрын ялгарамгүй хөх зайд элин халин нисэх цахлайнаас өөр хэн ч сонсоогүй билээ.

      Гадны иргэд тэр тусмаа монхор хамартай шав шар нөхөр монгол дээл өмссөн нь нэг л зохиомжгүй. Нүдэнд үл дасна. Монхор хамартай тэр нөхөртэй хэл  нэвтрэлцэхгүйн гайгаар эх нутгаараа нэг сайхан онгирох гээд барсангүй. Хэлгүй бол хөлгүй гэдэг шиг, хэлгүй бол хэрэггүй аж. Тэд надаар хэлүүлэлтгүй манай орны сайханд автаад бүр тэр чигтээ уусчихжээ. Зарим нэг нь хөвсгөлийн бөө удганл хүртэл “шавь орсон” гэх. Сэтгүүлч хүний бусдад үл итгэдэг “муухай” зангаараа нүдээр үзэхээр шийдлээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг бас аазгай хөдөлгөөд. Тэгсэн үнэхээр тэд “багш нараасаа” ялгарах юмгүй болжээ. Шар царай нь наранд түлэгдэж борлоод, төрүүлсэн эх нь ч танихааргүй үзэхээс ч сонин санагдана. Цаа буга унаж, монголоор ярих гэж мэрийх ажээ. Харь улсын тэд байтугай хажууханд нь амьдарч, элэг нэгтэн гэгддэг мань мэт нь тэр болгон ойлгодоггүй дархад аялгаар нэг хоёр үг “чулуудаж” байна аа, өөдөөс. Бүр гайгүй сайн юм сураад бөө удган болж хувь хүний заяа төөргийг залж өгдөг болсон гэх.

      Нэг сайхан нартай өдөр, дээр нь гарахад  Далай ээж алган дээр тавьсан  юм шиг харагддаг гэх хясаа  руу сэтгэл шулуудан алхацгаав. Тэнгэр ч цэлмэг, бидний санаа ч шийдмэг. Хааяа нэг сэвэлзүүр салхи  үлээвч толгойтой үс хийсгэх төдий. Эр хүний шийр зааж байгаа ухаантай хэдэн хүүхнүүдээ үүргэвчтэй хүнс, бусад зүйлтэйгээ тэр хясаа өөд гарна гэсэн замын машинд суулгаад явуулахдаа төөрч будилна чинээ хэн маань ч санаагүй биз.

Өндөр хадан  хавцал, өгсөөд барагддаггүй их уул  өөд бид мацана. Биднийг нөгөө  хэд маань хүлээж байгаа гэсэн бодол хүч тэнхээ, зориг болж байлаа. Хоорондоо гангар гунгар гэлцэн орой дээр нь гараад тэндээ сайхан амарч хоноод, далайн үзэгддэггүй хязгаарыг харж, зураг хөргөө татуулна гэлцэнэ. Тэгээд л гэлдэрсээр.

Уулын орой дээр гарч, хоолой хүрэх газартаа хашхирч дуудсаар бүр ядрах шиг. Урам зориг ус цацчихсан мэт унтарч, далайн хязгаарыг ч олж харж чадсангүй. Уул өөд зургаан цаг зогсолтгүй мацсаар энэ хүрчихээд эргээд удахгүй бас урамгүйхэн буцна гэхээр өвдөг чичирч эрхгүй сөхөрлөө. Ам цангана, шүлсээ залгилаа. Өөх ч биш, булчирхай ч биш.

Далайн  давалгаалах чимээ ойр мэт  сонстож, нүдний өмнө эргээ халин  халин мэлтэлзэвч тээр доор байгаа нь хяслантай. Их усны дэргэд ундаасах гэж үү. Энэ бүхэн утгагүй мэт  санагдаад уулын уруу би биш хөл  минь гэлдэрч эхэллээ. Бүрэнхий болж удалгүй бие биеэ олж харамгүй таг харанхуй нөмрөв.

Тэр өндөр  уулнаас хэрхэн яаж бууснаа ч  саналгүй нэг харахнээ бүгдээрээ  далайн цэнгэг уснаас шуналтайяа залгилж  байв. Ирсэн замаараа буудалласан  газар уруугаа гэлдэрцгээлээ. Ус ууж тамир тэнхээ орсон хотын хэдэн залуус яриа хөөрөө орж дуу шуутайхан алхацгаав. Гутлаа ч олж харамгүй харанхуйд очих газраасаа хэтэрчихгүйн тулд хааяа дуу өгч хашхирна. Удалгүй алс холоос хэнгэрэг дэлдэх нь  далайн усны түрлэгт чимээнээс давж ядан сонстов. Тэгэхнээ олон нарийн хоолойгоор бидний нэрийг зэрэг зэрэг дуудав. Далай ээжийн давалгаалах чимээ бидэнд газарч болж, хэзээ ч дундрашгүй эхийн сүү шиг ариун ус нь тэнхээ хайрласны урманд бид тэр өндөр хайрханаас эсэн мэнд бууж дээ хэмээн бодогдов…

      Хөдөлгүүрт  тэрэгний аясаар бүүвэйлэгдэн явахдаа далайн эргээс авсан чулуугаа хуруугаараа имэрч, тэнд өнгөрүүлсэн хэдхэн өдрийн явдлыг эргэн эргэн санаж, Жанхайн давааг давж байхад сэтгэл хөдөлгөм харагдаж байсан Далай ээжийн дүр зураг толгойд минь орж гарсаар.

      Маргааш биш ч гэсэн хэзээ нэгэн цагт эргэн ирж цэнгэг усанд тань дахин умбах болно. Хөвсгөл далай хол байхдаа сэтгэл яаруулж, ойр байхдаа сэтгэлийг амраагч амарлингуйн дээд гайхам ертөнц ажаам.

      Далайн  түрлэг, модонд салхинд исгэрэх, шувуудын шуугилдах чимээ энэ бүхэн нийлсэн мөнхийн аялгуу чихэнд минь тов тодоор одоо хэр нь сонстсоор байх авай. Далайн ээж өөр хэн нэгнийг ийнхүү өөртөө даллан дуудсаар, олон мянган жилийг элээн, миний Монголын хязгаар нутагт газрын мэлмий болон мэлтэлзэх болтугай.

Шинэчлэгдсэн огноо: 2009 оны 12 сарын 31, Пүрэв гараг
Уншсан: 5947 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2014 оны 7 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
   1  2  3  4  5
  7  8  9101113
141516171819
21222324252627
28293031   

Гишүүдийн булан