Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

"БОСОО ЗАЯАТАЙ МОНГОЛ" ХҮН - "Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн" Маамуугийн Хунлиуз

2017 оны 3 сарын 18, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Khunliuz3Унаган зоондоо балчирдаж төрсөн
Ургийн хэлхээ алтан бие минь
Уулсынхаа дунд унаж боссон
Ухаант Монголын удам шүү дээ би

...Би Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул. Дөрвөн хүүхэдтэй айлын тав дахь нь болж төрөөд айлд үрчлэгдсэн гэдэг. Хүүхэд нь тогтдоггүй айлын эзэгтэй нь хүүхдээ тогтоохын тулд аль болох муухай нэр олж өгдөг нутгийн заншлаар надад Хунлиуз гэдэг нэр өгсөн юм билээ. Намайг үрчилж авсан ээж минь 1922 оны Хасгийн дээрэм, дүрвэлтийн үеэр урагшаа дүрвэж гараад хожим нь Монголдоо буцаж ирсэн түүхтэй. Тэр үедээ яагаад ч юм бэ? энэ нэрийг олж сонгосон юм шиг байгаа юм. Балчир байсан байсан болохоор алив зүйлийн учрыг тунгааж ойлгох биш, аажимдаа энэ нэрэндээ дасчихсан. Хожим нь энэ нэрнийхээ утгыг тайлах гэж оролдож, янз янзаар судлаад "Улаан сухай" гэдэг нэршил юм гэж л ойлгосон. Нэг талаасаа манай говь нутагт ургадаг модны нэр, нөгөө талаасаа "Улаан сухай" гэж хараадаг нутгийн аялгатай хараалын үг байв. Хуучин социалист нийгмийн үед энэ нэрнээсээ болоод жаахан хэлмэгдсэн тал бий. 1974 оноос уран бүтээлээ эхэлсэн ч 1991 он хүртэл Хунлиуз гэдэг нэр нь "Хятадын эрлийз" байж магадгүй гэсэн хардлагаар хязгаарлуулж байсан тохиолдол нэг биш байв даа.

Багаасаа л жаахан дуу хөгжмийн авьяастай байсан юм шиг байгаа юм. Манай аавын болоод нагац талд дуу хуурын авьяастай хүмүүс байсныг би хожим нь мэдсэн. Авга ах маань хуучир хөгжимтэй байсныг дуурайлган гар хийцийн жижиг хуучир хийж, оролдсоор байж жаахан ая тоглодог болоод сумын клубт "сайн дурын уран сайхан" д оролцох болов. Хоёрдугаар ангид сурч байхдаа тэр үеийн МАХН-ын УТ-ийн Товчооны гишүүн Ц.Дүгэрсүрэн гуайг сумдаа ирэхэд нь нөгөө хуучираараа тоглож сонирхуулж байсан дурсамжтай түүхтэй \инээв\. Сумын МХЗЭ-ийн үүрээс, эхлээд гармони хөгжим, дараа нь баянхуур хөгжим авч өгснөөр сумын клубт болдог нийтийн бүжгийн хөгжим тоглодог гол хүн нь болж "дэвшсэн" юм даг. Манай нутгийн уугуул Содномын Аварзэд гуай \Монгол Оросын хилийн зурвас тогтоох хэлэлцээрт ГЯ-ыг төлөөлөн оролцож байсан\ сумынхаа даргаар томилогдож ирээд сумандаа 200 хүний багтаамжтай Соёлын Төв байгуулсан юм. Тэр үед С.Аварзэд дарга намайг дуудаад аймгийн Соёлын ордны дэргэдэх сумын клубын хөгжмийн багш бэлтгэх 3 сарын курст явуулж суралцуулав. Энэ нь миний сургуулиар олж авсан хөгжмийн боловсролын суурь болсон юм шүү дээ. "Цогт тайж" киноны Арслан тайжид тоглосон МУГЖ Цэрэндэндэв гуай манай суманд урлагийн бригадаар ирэхдээ намайг шалгаж үзээд "За миний хүү урлагаа бүү хаяарай" гэж захиж байсан нь аавгүй өссөн надад их л дотно санагдаж билээ.

Нүүдэл дундаа нүдээ нээсэн
Нүүрийн буяндаа нүнжиг тээсэн
Бодол холтой түмний удам
Босоо заяатай монгол шүү дээ би

...Нас биед хүрээд армид алба хаахаар ирсэн нь миний уран бүтээлийн хөгжил дэвшлийн үе байлаа. Цэрэг байхдаа армийн урлагийн үзлэгүүдэд ангийнхаа цэргүүдийг бэлтгэж оролцуулдаг байсан маань хожим нь Дарханы барилгын цэргийн ангид урлаг, уран сайхны ажил хариуцахаар томилогдох үндэс болсон юм. Тэр үеэс л "сайн дурын уран сайханчид" буюу "ардын авьяастан"-уудыг илрүүлэн хөгжүүлэх ажилд оролцох болов. Нэгэнт ангидаа урлаг соёлын ажил хариуцаж байгаа болохоор клубтээ хөгжим, хэрэглэгдэхүүн, хувцас олж нийлүүлэх зорилгоор "аж ахуй" -н ажилд их хутгалдана. Тэр үед Соёлын Яаманд зөвшөөрөл өгдөг Шарав гэдэг хүн байв. Хөгжим өөр юу ч юм бэ? гуйгаад орохоор "байхгүй ээ" л гэдэг. Би болохоор агуулахынх нь нярав, ня-бо нартай нь жаахан "шовгор" өгч байгаад, ангидаа хэрэгтэй юу байгааг олоод мэдчихсэн. Тэгээд Шарав гуайд юу хэрэгтэйг нь судлаад, барьж байгаа зуслангийн байшинд нь хэрэг болох банз /хуучин/ сэлтийг ангиасаа ачуулж өгч байж ангийнхаа клубт бүрэн хөгжмийн зэмсэг, хэрэгслэл олж авч байсан удаа ч бий \инээв\. Тэр үед ажил бүтээх гэж жижигхэн "арын хаалга" байсан боловч, бүх л зүйлээ яг л ном журмаар нь төлбрөө хийж авдаг байсан юм шүү ээ. Жаахан овсгоо л гаргадаг байсан байх.

Нэгэнт ангийнхаа клубт хэрэгтэй хөгжим, хэрэгслэлээ олж бэлтгэчихсэн болохоор уран бүтээлийн талдаа санаа зовохгүйгээр хичээж ажилласан даа. Цэргүүдтэйгээ сар гаруй хугацаанд "нүдээд" оркестор босгоод ирж байгаа юм. Би энэ бүх хугацаанд "Ардын чуулга" 3-ыг байгуулсан юм шүү дээ. Армийнхаа хэмжээнд манай “Алдар” чуулга их ч мандсан даа. Нэг өглөө ажилдаа хүрээд ирсэн чинь ангийн үүдэнд шар "Паз" автобус зогсож байна. Учрыг асуувал Сэлэнгэ аймагт "Арми сурталчлах өдөрлөг" зохион байгуулагдаж байж л дээ. Тухайн үед тоглогдох концерт нь бэлэнгүй байсан тул манай ангийн концертыг явж авч ир гэж БХЯ-аас үүрэг өгсөн юм билээ. Одоо бодход тийм л бэлэн байдалд байдаг байж дээ. Их ч мандсан даа. Армийн хэмжээнд "Шилдэг"-ээр байнга шалгарч, "Улсын тэргүүний хамтлаг" хэд хэдэн удаа ч болж байв. Ингэж ажиллаж явахдаа УГЗ Хаянхярваа гуай зэрэг олон мундагчуудын дэргэд байж, тэднээс их зүйл сурч байсандаа их баяртай байдаг. Тэр үед хүмүүс шүлгэндээ ая хийлгэх гэж тэдэн дээр их ирнэ. Зарим нь надад оногддог. Б.Явуухулан гуай ая хийх зөвшөөрөл өгдөг байлаа. Аяндаа тааруулж шүлгүүдийг их өөрчилнө. Эхлээд улаан эрээн болтол зураад хаячихна. Сүүлдээ овоо гайгүй болоод ирсэн чинь Б.Явуухулан гуай надад "Дэргэд чинь ийм мундагууд байхад тэднээсээ суралцаад өөрөө дууны шүлэг бичиж бай" гэж зөвлөсөн юм. Тэгж л ганц нэг дууны шүлгүүдийг тэрлэх болсон доо.

Дэлхийн энгээр алдраан дуурсгаж
Дэлтэй сумаар бөмбөр дэлдсэн
Эгэлгүй мөнхийн эх оронтой
Эзэн Чингисийн үр сад шүү дээ би

... Ардчилал ялахаас арай өмнө, саналаараа Армиас халагдлаа. Жолооч болж, Дарханы тэжээл тээврийн 26-р авто баазад жолооч, хэсгийн дарга, Ус сувгийн газарт / Товчоонд/ Сувагжуулах /бохир ус татан зайлуулах/ ангийн даргаар томилогдож бас л нилээд зүйлсүүдийг өөрчилж шинэчилснээр системдээ тэргүүлдэг боллоо. Ажил овоо урагшилж байтал Намын даалгавраар Тусгай үйлчилгээний автобаазад гражийн дарга, ерөнхий механикчаар томилогдов. Намайг ажил авахад Парк ашиглалт нь 15% тай байсан газрыг 90-95 % д хүргэж чадсан юм даг. Шаардлагатай сэлбэгүүдээ янз бүрийн аргаар овсгоо гаргаж хөөцөлдсөөр байж, яаж ийгээд л олж нийлүүлнэ. 1991 он гарч хүмүүс зах зээл гэж бужигналдаж байх үед хувьдаа нэг самосвал машин аваад "Аянчин" нэртэй тээврийн үйлчилгээ эрхэлдэг Хувиараа эрхлэх аж ахуй байгуулав. Нэг намар будааны тээвэрт гүйгээд ажил дууссан чинь хөлсөнд нь будаа өгдөг юм. Түүнийгээ яаж гурил болгох талаар санаашраад найзуудтайгаа зөвлөлдсөн чинь "Хүн гуйж байхаар чи өөрөө гурил болгоод зарчихаач" гэнэ. Болмоор санагдаад нэг найзаасаа 400 000 төгрөг зээлээд гурилын жижиг тээрэм худалдаж авсан нь сүүлдээ боломжийн түвшинд хүрч Монгол улсад хүнсний аж үйлдвэр үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойгоор хүнс үйлдвэрлэгч “Улсын тэргүүний үйлдвэр” цол мандат авч, хүнс үйлдвэрлэгч, улсын хэмжээний шилдэг 6 үйлдвэрийн нэгээр шалгарсан юм. Сэмбээ гуай шиг юм юм л хийж явжээ.

Уран бүтээлийн хувьд Монголын радиогийн алтан фондод 50 гаруй нийтийн дуу бий. Монгол ТВ-ийн алтан санд 30 орчим минутын 3 кино концерт,10 гаруй клип байгаа. Нийтдээ 80 гаруй дуу зохиосны 60 орчим нь өөрийн шүлэг байгаа. Дан хөгжимд зориулсан 20 гаруй бүтээл бий. Монголын МЗЭ, Хөгжмийн зохиолчдын хэд хэдэн бүтээлүүдийг хэвлүүлэхэд ивээн тэтгэж оролцлоо. Армиас эхлүүлээд зааж сургасан шавь нар бол олон бий. Миний уран бүтээлийн оргил болох сүлд дуу нь "Босоо заяатай Монгол" гэдэг дуу даа. 1991 онд зохион байгуулагдсан "Бүх Ард түмний урлагийн их наадам"-ын дараа Соёл Урлагийн Хөгжлийн хороо / тэр үед Яам татан буугдсан байв/ их наадамд оролцсон авьяастнуудтай чөлөөт ярилцлага хийж, санал сонссон юм. Тэр үед миний бие "Сайн дурын уран сайханч" гэдэг нэршил утга муутай, доромж маягтай сонсогдохын зэрэгцээ ажилд саад болох тохиолдол цөөнгүй байна. Иймд энэ нэрийг өөрчилж энэ их наадмаас эхлэн "Ардын авьяастан" гэж нэрлэе гэсэн санал гаргасныг авьяастнууд болон тухайн үеийн удирдлагууд халуун дотноор хүлээж авсан юм. Энэ санал маань дэмжигдэж яван явсаар 20 гаруй жилийн дараа ажил хэрэг болсон доо. Одоо бол “Сайн дурын уран сайханч " гэдэг нэршил нь соёл урлагийн үг хэллэгээс хасагдаж, “Улсын тэргүүний урансайханч” цол шагналын нэр өөрчлөгдөж "Улсын тэргүүний ардын авьяастан" гэж нэрлэгдэх болсонд би их баяртай явдаг юм даа. /Энэ нэрийг санаачилсан зохиогчийн эрхээ 2012 онд оюуны өмчийн газраар баталгаажуулж гэрчилгээгээ авсан/

Ай хө зээ хө
Босоо заяатай монгол шүү дээ би

Анхныхаа тайлан цэнгүүнийг 1999 онд "Зүүдэнд учирсан хүслийн хурай" нэртэйгээр Дархан хотдоо хийж байсан бол, дараагийнхыг нь 2001 оны 3 сард Улсын циркт "Босоо заяатай монгол" нэртэйгээр, харин 2012 онд "Дуундаа жаргаж дуулнаа би" нэртэйгээр Дархан хотод зохион байгуулж байсан. М.Хунлиуз гуай маргааш болох Монгол Ардын Армийн баярын өдрөөр АНУ-ын Денвер хотноо хүүхдүүд болон ач зээ нарынхаа хамтаар уран бүтээлийн цэнгүүнээ толилуулах гэж буй. Ийм арга хэмжээг Денвер хотноо өмнө нь зохион байгуулж байсан аж. Хүн хийж буй ажил болоод уран бүтээлдээ сэтгэлээ ширээж, "ажил хийх хүн аргыг нь олдог" үлгэрээр явах ахул заавал амжилтад хүрдэгийн жишээ энэ. Тийм болохоор М.Хунлиуз гуайд 2016 онд "Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн" цол шагнал хүртээснээс гадна, Дархан хотын "100 эрхэм"-ийн нэгээр,Говь -Алтай аймгийн Цогт сумын "Хүндэт иргэн", Засгийн Газрын шагнал болох "МУСТА", Хүнс Хөдөө аж ахуй, Зам тээвэр, БХЯ зэрэг 4 салбарын "Тэргүүний ажилтан" цол тэмдэг, Монголын Хөгжмийн Зохиолчдын нийтийн дууны "Эрхэм дээд шагнал", Монголын Зохиолчдын Эвлэлийн "Утга зохиолын төлөө" хүндэт шагналаар тус тус шагнуулжээ. Эрхэм уран бүтээлч та урт насалж удаан жаргаарай, Гэр бүл үр хүүхдүүдэд тань амар амгаланг ерөөе. Бас та нартаа амжилт хүсье.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


Khunliuz

Khunliuz1

Khunliuz2
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 3 сарын 18, Бямба гараг
Уншсан: 390 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 6 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3  4
  5  6  7  8  910
12131415161718
192021222324
2627282930  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл)

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл) Англи улс нэгэн цагт бүх чоноо устгачихаад, байгалын алдагдсан тэнцвэрээ тэнцүүлэхийн тулд ѳѳр... 2017 оны 5 сарын 24

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2