Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ТЭНГЭРЛЭГ ЭХ ОРОН МИНЬ: зохиол бүтээлийн 2-р уралдааныг 7-р сарын 1 хүртэл зарлаж байна

2017 оны 5 сарын 28, Ням гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
NoyonKhairkhan

"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 2-р уралдааныг зарлаж байна.


Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү, Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму... О.Дашбалбар
МИНИЙ ЭХ ОРОН
Элэг зүрхэнд дэндүү ойрхон
Эх нутгаа санан зүүдэлж
Ээнэгшин дасч Гадаадад суугаа
Эрхэмлэн дээдэлж Монголдоо суугаа
Элгэн садан Монголчуудынхаа дунд 
"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал 5-р уралдаан буюу ТЭНГЭРЛЭГ ЭХ ОРОН МИНЬ 2-р уралдааныг зарлаж байна.

Энэ удаагийн уралдааныг 1937 онд алтан амиа өргөсөн Маршал Дэмид зэрэг аугаа их өвгөд дээдсийн дурсгалыг хүндэтгэхийн сацуу Хараагийн Баатар Ван Наваан-Юндэнгийн (1908-1985) 110 жилийн ой, Өвөрхангайн Эрдэнэ Зуу хийдийн сүүлийн хувилгаан лам Очирдара Гончогжалцан (1858-1937) 160 жилийн ой, Өвөрхангайн эх оронч Жамбын Лхүмбийн (1902-1934) 115 жилийн ой, Дундговь аймгийн алдарт эрдэмтэн Зава Дамдин Лувсандаян хутагтын (1867-1937) мэндэлсний 150 жилийн ой, Сүхбаатар аймгийн нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбарын (1957-1999 ) мэндэлсний 60 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.

Зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойчийг залгамжлах залуу үеийнхээ эх орон, элгэн садан, эх түүх, алдарт хүмүүс, монгол ахуй соёлоороо бахархах үзлийг дэмжихэд оршино.
Тэнгэрлэг эх орон анхдугаар уралдааныг Хараагийн Баатар Ван Наваан-Юндэнгийн 100 жилийн ойд зориулан явуулсан. http://www.mongolinternet.com/famous/NavaanYunden.htm


Хоёрдугаар уралдааны нэр: ТЭНГЭРЛЭГ ЭХ ОРОН МИНЬ

"Миний Эх Орон" сэдвийн дор “Тэнгэрлэг ЭХ ОРОН минь” чөлөөт бичлэгийн 2-р уралдаанд эх орны тухай  чөлөөт сэдвээр шүлэг, дууны үг, бодрол агуулсан өгүүлэл, эх орон, элгэн саднаа санасан өр зүрхнийхээ гүнээс ундрах сэтгэлийн харамгүй үг, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, орчуулга зэрэг чөлөөт зохион бичлэгийг монгол хэлээр бичин ирүүлнэ.

Тодотгол: Бүх монголчууд оролцоно.Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй. Хүүхдийн (16 нас хүртэлх) болон насанд хүрэгчдийн 2 ангилалаар шагналтай.

Хугацаа, хаяг: Бүтээлийг 2017 оны 7 сарын 1-ний дотор  Энэ имэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.  цахим хаягаар хүлээн авч дүнг www.medeelel.com болон https://www.facebook.com/daanjuur интернет (цахим оюут) хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой явуулна уу. 

Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.
 
Шагналын сан: Шагналын санг дэмжин туслагчдын оролцоотойгоор тусад нь зарлана.

Хүүхдийн (16 нас хүртэлх) шагнал
1, 2, 3 - р байр Хүүхдийн ном, дагалдах шагнал
Оролцсон хүүхдүүдэд, тусгай шагналт байранд урамшуулал, шагналтай

Насанд хүрэгчдийн шагнал
1, 2, 3-р байр Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ба Шашны эрх чөлөө ном,  дагалдах шагнал

Уралдааны шагнал, тусгай шагналд: 
  • Монголч эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ба Шашны эрх чөлөө ном
  • Уран бүтээлчид, зохиолчдын гарын үсэгтэй ном, CD, DүD
  • Соён гэгээрүүлэгч Насан-Очирын Наваан-Юндэнгийн ном
  • Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн ном, Миний нутаг
  • Эрдэмтэн Бямбын Ринченгийн ном
  • Эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн ном, Short story international
  • Тэнгэрлэг яруу найрагч Очирбатын Дашбалбарын ном
  • Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн ном
  • Бусад нэрт зохиолчдын номоос
  • Бурхан багшийн сургааль ном, The Teaching of Buddha
  • Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд, үictory Secrets of Attila the Hun
  • Хүн гүрэн, Аттилла хаан,Домог түүх, Attila, King of the Huns: Man and myth
  • Үлэг гүрвэлийн ангуучид, Dragon Hunter, Roy Chapman Andrews
  • Монголын үлэг гүрвэлийн өндөг олдворууд, Dragon Bones and Dinosaur Eggsz
  • Чингис хаан ном, Genghis Khan by Brent, Peter Ludwig
  • Монголчууд ном, The Mongols by Morgan, David
  • Төмөрлөн хаан, Дэлхийн байлдан дагуулагч, Tamerlane, Conqueror of the World
  • Хувилай хааны амьдрал цаг үе ном, Khubilai Khan by Rossabi
  • Бусад шагналууд дагалдана
Зохион байгуулагчид: 
  1. mongolinternet.com Монгол Интернет баг
  2. medeelel.com Мэдээлэл Баг
  3. bayanmongol.com  Баянмонгол баг
  4. Найз, нөхөд, уралдааныг дэмчигч олон

Жич: Хамтран ажиллах, дэмжих хамт олон, номын зохиогчид, хувь хүмүүсийг урьж байна.
Эхийн хайр анхдугаар уралдаанд идэвхтэй оролцсон хүмүүст баярлалаа.

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү: 

Газар бол улсын өмч хэн ч дураар зарж үл болно . The land is the ground of the state.
-Хүннү гүрний эзэн Модун хааны алдарт сургаал (МЭӨ  234-174)

Ахан минь явчаад эргэж ирсэнгүй
Салан хагацах амархан
Ахин бие биетэйгээ уулзах хэцүү
Адуу ноцолдоно хүн ноцолдохгүй 
-“Ахын дуу” Сүмбэ улсын аймгийн тэргүүн Муюнхуй (МЭӨ 285 он)

Эх элбүр, эх минь ээ...
Өлөнгийн өвс гундахад хүрэв
Өнөр садан буцахад хүрэв
Өргө нутагтаа буцсу...
- Хүүгийн үг, Алтан ордны үйсэн дээрх бичиг (1240-1502)

Өсгөн төрүүлсэн Өл буурал ахайгаа
Яаж мартъя гэнэм чи?
Арван сар нуруугаа чилтэл өргөсөн
Ангир шар уургаа шимүүлсэн
Ачит цагаан сүүгээ хөхүүлсэн
Амраг хайртай эхийгээ
Яаж мартъя гэнэм чи?.. 
- Чингисийн хоёр эр загалын тууж ( 14 дүгээр зуун, 1300-1400) 

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Оннигуудын газар хол болбаас бээр
Хайрлан санагалзахын агаар нэгэн буй за
-Дуутын хар чулуу, Бахарайн Цогт хун тайж, 1624 оны намар

Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн гэмээнэ хоймор юуны ялгаа вэ
ҮЙл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа вэ
-Хурмаст тэнгэр, Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803-1856)

Холбоо шүлгүүд намираад гарах нь өөрийн хэлний монгол
Хослуулан зохиосон эгшигт дууны үг санаа нь монгол
Хойшид  боловсрох соёлын зам дээр нь үндэс болох нь монгол
Хуучин ёсны азийн дундаас шинэ мандсан монгол 
-Содномбалжирын Буяннэмэх (1902-1937)

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
-Монгол хэл, Бямбын Ринчен (1905-1977)

Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг 
Салж болшгүй орон. 

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина. 1927 он
-Алс газар сураар явагч, Д.Нацагдорж (1906-1937) 

Халх Монголын малчин Хатгин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн Харь газар суухдаа
Эх нутгаа эрмэлзэж  Элгэн саднаа дурдаж
Эцэг эхээ санагалзаж  Эгшиглэж шүлэглэсэн нь энэ байна
-Буурал Ижий Минь, 1934, Цэндийн Дамдинсүрэн (1908-1986)

Цэлмэг залуу насныхаа Гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо Шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй үгээ
Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
-Миний нутаг найраглал, Цэрэндоржийн Цэдэнжав (1913-1992)

Ертөнц зовлонгийн хажуугаар жаргалаар дүүрэн байдаг
Баяр жаргалын дундаас
Салж сарнисан ах дүү, амраг садан
Амьд мэнд уулзахын баяр гоц сайхан байдаг билээ
-Тунгалаг Тамир, Чадраабалын Лодойдамба (1917-1970)

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ.
- Халуун элгэн нутаг, Жамцын Бадраа (1926-1993)

Yлээж байгаа салхи нь Yнсээд байгаа ч юм шиг
Өршөөлт ээжийн минь гар Илээд байгаа ч юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад Элэг зүрх минь догдолж 
Хосгүй баярын нулимс Хоёр нүдий минь бүрхдэг
-Би монгол хүн, Чойжилийн Чимид (1927-1980)

Хичнээн сайхан салж болмооргүй ертөнц боловч 
Гэзэгтийн дуулдаг өвгөн шувуу буцах цаг болжээ
Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шүү дээ
Манай монголын удам тасрахаар биш
Та нар минь тэгээд үр ач өнөр өтгөн жарган дэгжиж яваарай
-Өвгөн шувуу, Сэнгийн Эрдэнэ (1929-2000)

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ 
Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо 
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа 
Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа
-Зөвхөн Монголдоо, 1973, Бэгзийн Явуухулан (1929-1982) 

Эрдэнийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би
-Тусгаар тогтнол¸ Дэндэвийн Пүрэвдорж (1933) 

Сэтгэлээр сайхан ээжий минь
Сэмхэн намайг дурсав уу
Уулаас санах ээжийгээ би
Ухаандаа гэнэт үгүйлэв үү
Бухимдсан сэтгэл минь тогтохгүй нь
Буцлаа даа... Буцлаа даа... Буцлаа даа... 
-Явлаа даа, Явлаа  Нямбуугийн Нямдорж (1934-1999)

Монгол гэж байсан ч орон
Байгаа ч орон байх ч орон
Байх байхдаа баргийн юм биш
Баатрууд билээ
- Монгол гэдэг ийм орон байсан юм, Ринченгийн Чойном (1936-1979)

Газрын холоос цайвалзсан
Ганган цагаан гэрүүд байна
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу
- Миний нутгийн бараа, Шаравын Сүрэнжав (1938)

Сураг холын харь орноос ч төмөр гав таслан
Сул хатираар хүлэг морь нь гүйж ирдэг эх орон минь
Сувдан сондор шиг их л ганган цуваандаа уйлалданхан
Сугаа улайтал шувууд нь нисч, хүсч ирдэг эх орон минь
-Эх орон бодол Пунцагийн Бадарч (1939) 

Сэрүүн намар болоогүйсэн бол
Шувууд юундаа буцах вэ
Хайртай үрээ бодоогүйсэн бол
Хаанаас ээж минь юундаа ч уярах вэ
-Хүүгийн бодол, Дожоогийн Цэдэв (1940)

Хүн төрлөхтөний үлэг оршил нь нүүдэл. Нүүдэл гэдэг хөдөлгөөн
Оршин байхын үндэс нь хөдөлгөөн чухамхүү
үргэлжийн хөдөлгөөн л амгаланг буй болгоно
Амгалангаас илүү жаргал гэж үгүй 
-Оюуны орон зай, Дарамын Батбаяр (1941)Зүүдэн дунд жаргааж
Сэрэхэд зовиур эдлүүлэх
Зүрхний мухарт уятай
Холын холын бараа гэж
-Холын бараа Лхамжавын Лувсандорж (1943-1981)

Унахын учиргүй уул шиг хоёр сайхан хархүү
Ургахын улаан нарнаар хоёулаа унасан гэдэг юм
Хамгийн хүнд мөчид Эх орон танаасаа
Харамчийнхан амиа бас харамласангүй ээ
-Харамчийнхны дууль, Дөнгөтийн Цоодол (1944)

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд цас орох нь сайхан
- Дөрвөн цаг, Данзангийн Нямсүрэн (1945-2002)

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ
- Хорвоод ганцхан ээждээ, Санжаажавын Оюун (1946)


Хайрхан уулын барааг
Харах бүр минь жаргал юмаа
Хайртай буурал аав ээждээ
Харих бүр минь заяа юм даа
-Хайрхан уулын бараа, Довчингийн Отгонсүрэн (1946-1999) 

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье Ижийтэйгээ байхад би баян байсан
-Ижийтэйгээ байхад би баян байсан, Бавуугийн Лхагвасүрэн (1945)

Мөрөн голын чулууд усандаа дуулалгүй удсан ч
Мөнхийн дуугаа мартаагүй байх юм аа, эх орон минь!
Гольдрол дундаа мөлсөн чулуу нь хүртэл дуулахлээр
Голт зүрх өөрийн эрхгүй уярах юм аа, эх орон минь!
- Чулууны аялгуу, Гомбожавын Мэнд-Ооёо (1952)

Цагаан хэрмийг барьсан ард түмэн бахархалтай
Цагаан хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн түүнээс ч дутуугүй түүхтэй 
-Монголын Түүх , Бат-Эрдэнэ Батбаяр Баабар (1954)

Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа
Аавдаа би эрхэлдэг байсан
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай 
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
-Би Монголоороо гоёдог, Шагдарсүрэнгийн Гүрбазар (1955)

Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү, 
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму...
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла...
-Төрийн шагналт, яруу найрагч Очирбатын Дашбалбар (1957-1999)

Зүүдэндээ эх орноо үзэх найруу
Зүмбэр их уулсын бэлийн цоохор цасыг цоо түрж
Зүү орох төдий зайд яргуй соёлж
Зүүдэндээ эх орноо үзэх найруу, сэрэхүл, намар  гадаа
-Зүүдэндээ эх орноо үзэх яруу Сүхбаатарын Батмөнх (1960-2002)

Харийн нутаг давчдаад байна
Харсан зүгтээ гүймээр л байна
Хатуу дарсыг ч цутгамаар л байна
Хашгирч уйлмаар дуулмаар л байна
-Хариас дуулсан дуу, Бархасын Дорж, (1964), Дуучин Д.Жаргалсайхан 

Самсаа шархиртал янцгаалдах Монгол адуун сүргээ
Санаа сэтгэлийг амраагч талын бор салхиа
Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл санаж байна
- Эх орон таныгаа санаж байна, Д.Цэрэнбат 

Үүнээс Цэлмэг хөх Тэнгэр гэж Үгүй 
Эх орноос минь Сайхан нутаг Хаа ч Үгүй 
Үүнээс илүү Хайрлах Шүтээн Үгүй 
Эх Орноос минь Сайхан Нутаг Хаа ч Үгүй
- Эх Орон, Хурд, Ардын жүжигчин Б.Дамчаа

Болор биеийг минь нууцлах Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох Миний хатан өвөр
Монголын их амар амгалан, Цогдоржийн Бавуудорж (1969)

Мэдэрч чадаагүй ёс төдий үнсэлт
Миний залуу нас холын бороотой хот
Хагацах учрахын аль аль нь хуучирсан хойно
Харин энэ тал нутаг юутай хоосон
- Хөгжим сонсож суух 50 эгшин, Гун-Аажавын Аюурзана (1970)

Эцэж ядарсан үедээ нутаг амьтай зүүдлэхдээ
Эх оронтой хүмүн гуйлгачин бишээ мэдэрнэм
Энэлж шаналсан үедээ ижий амьтай зүүдлэхдээ
Элгэн садантай хүмүн Баян гэдгээ мэдэрнэм. Ц.Батмөнх

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй
-Тэнгэр, Баярхүүгийн Ичинхорлоо (1973) 

Бэлтгэсэн Ц.Батмөнх  Энэ имэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
1-р уралдаан 2008.10.22
2-р уралдаан 2017-1-22
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 5 сарын 28, Ням гараг
Уншсан: 482 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.17 ЭМЧИЙН ҮГ: Эрүүл хоол хүнс ЭХ НУТГИЙН АЯЛГУУ: СТА дуучин О.Оюун-Эрдэнэ МОНГОЛ ТВ-10: Эргэн дурсахад... 2017 оны 11 сарын 17

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2