Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

"МИНИЙ НЭРИЙГ..." (киноны тухай сэтгэгдэл)

2017 оны 5 сарын 14, Ням гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Iam1"Амьдрал гэдэг дугуй унахтай адил, жийгээд л байвал тогтоод л байна".  Альберт Эйнштэн

-Ээж ээ, би хаанаас гарсан юм бэ?

-Миний хүү цэцэгнээс гарч ирсэн

-Тэгээд би яасан бэ?

-Нэг сайхан найтаагаад л, байдаг чадлаараа уйлж гарсан даа. Чамайг тойроод зогсож байсан хүмүүс инээмсэглээд л байсан гэж ээж нь хариулахад хүү зөрүүдэлж,

-Өө би уйлах дургүй. Яагаад би инээмсэглэж бусад нь уйлаагүй юм бэ?

-Миний хүү үргэлж инээмсэглэж явнаа. Харин магадгүй 100 жилийн дараа чи ганцаараа инээмсэглэж, чамайг тойрсон бүх хүмүүс уйлах байх даа.

Америкт ажиллаж, амьдралын их өртгөө төлж яваа залуус, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхтэй хамтран бүтэн нэг жил хагасын хугацаанд зөвхөн амралтын ням гаригаа зураг авалтад зориулж байж бүтээсэн " I am..."  нэртэй 15 минутын богино хэмжээний киноны нээлтдээ намайг урьсан юм. Хөгжмийн зохиолч хүн зүгээр л өөрийн сонирхлоороо бүтээсэн кино "ямар л байв гэж" хэмээсэн хайнгадуухан бодол тээж очсон би, киног үзэж дуусаад "Та нар яаж ийм киног бүтээж чадав аа?" гэж дуу алдав.Өмнө нь тэдний бүтээж байсан клип болон бусад бүтээлүүдээс илүү сайн болжээ.  Киноны өгүүлэмж, зураг авалт, өнгөний хослол, хөгжим, компьютер график, текст болон уншилт бүгд өөлөх юмгүй мундаг байлаа, миний хувьд. Богино бичлэг, богино дүрслэлээр их зүйлийг хүмүүст ойлгуулахыг дэлхий даяараа хичээж буй энэ цаг үед энэ кино нь Москвагийн "Evrasia International Monthly Film Festival 2018" нэртэй уралдааны 3-р сарын "шилдэг" киногоор шалгарчээ. 2017 оны 12 сарын 25 нд сүүлийн шалгаруулалтаа хийж шилдэгүүдээ зарлах юм билээ. Анхны бүтээл гэхэд муугүй амжилт.

...Цэцэг навчис дэлгэрсэн хавар цагт дугуй унасан хүүгээ хайрлан өхөөрдөх залуухан ээж. Дугуй унах бол хүн болгоны хүсэл мөрөөдөл. Дугуйныхаа бариулыг чанга гэгчээр атган дугуйн дээрээ тэнцэн дөрөөгөө жийх тэр мөчөөс л хүн, амьдрал дээр тогтож эхэлдэг. Зогсолтгүй л жийгээд байх тусмаа өөрийн эрх чөлөөгөө мэдрэн, холын хол руу одно. Зогсож л болохгүй, хэрвээ зогсох юм бол тэнцвэрээ алдан ойчих болно. Урд нь таарах салаа зам болгон сонголт. Зарим зам нилээд өгсүүр тэр хэрээрээ чадал хүч шаардана. Машин тэрэг сүлжилдсэн их хотын замаар гэнэт хурдлахад эрсдэлтэй, эгзэгтэй мөч гэнэт тохиолдох нь бий. Гэвч залуу насны хөөргөн араншинг хувь заяа ивээх нь ч буй.Анзаараад байх ахул нэг л тойргоор эргэлдээд л байх мэт. Гэхдээ төгсгөлгүй мэт санагдах урт замын төгсгөл рүү аажим аажимдаа дөхнө. Амьтай бүхэн дэлгэрэх хөгжилтэй хавар цаг, харсан болгон нь гайхамшигтай сайхнаар үзэгдэх зун цаг, модны навчис унан газраар нэг хөглөрөх уйтай намар цаг, цас хаялж биеийг ч бас сэтгэлийг жиндүүлэх өвөл цаг бүхэн хүний амьдарлын мөчлөгүүд юм.

...Хүүхэд байхад аав ээжүүд нь жижигхэн дугуйны тулгуур нь болж "ингэ, тэг" хэмээн бүх л зүйлийг хэлж сургадаг. Нэг л өдөр мөнөөх тулгуурууд нь салж, дөрөөн дээрээ бат тогтон өөртөө итгэлтэйгээр жийж хурдална. "Залуу нас гэдэг олон салаа замын уулзвар, аль замаар явах сонголт нь таных боловч очих газар тань түүний үр дүн". Нэг л өдөр сэтгэлдээ мөрөөдөж явсан бүсгүйтэйгээ учирдаг. "Хэдий чинээ гараа чанга атгалцаж, хэр хол хамтдаа гүйхээс тангаргын цаг хугацаа үргэлжилнэ. Би гэдгээ мартаж, бид хоёр, бид нар гэж ярих болно. Шинэ дүрмийг гэр бүл гэдэг". Амьдрал жигдэрч, хүн болгон өөрийн гэр бүлдээ ихэнхи цагаа зарцуулах болсноор найзуудаасаа холдож, хааяа нэг уулзахаараа өнгөрч буй цаг хугацааны хурдан хэмнэлийг гайхацгаана. "Унах навчис амжаагүй мөрөөдлийн минь тоог гаргах мэт энд тэндгүй хийсч, цаг хугацааг сануулж эхлэх мэт". Нас өтлөх тусмаа алив зүйлийг томоор харж бас уучилж, тэртээх уулсын зүг холын барааг хараачлан санаа алдана. Тэр үед "та цаг хугацааны сургийг гаргах биш, цаг хугацаа танаас асууж эхэлдэг". "Гэхдээ энэ үедээ хамгийн хүчтэй, хамгийн зоригтой, хамгийн хайр булаам, бас хамгийн тэвчээртэй, хамгийн хамгийн хамгийн азтай" гэдгээ мэдэрдэг.

... АНУын Виржина мужийн Центэрвиллад аж төрдөг Сангидоржийн Сансаргэрэлтэх, Батчулууны Болдбаатар, Төмөрийн Хосбаяр, Даваасамбуугийн Даваацэрэн нар хамтдаа зориглон бүтээсэн энэ кинонд олон сонирхолтой шийдлүүд байлаа. Дугуй унасан балчир, идэр насны төрхүүдийг ихэвчлэн наашаа явж байгаагаар авсан бол, хижээл болон өтөл насны төрхүүдийг ихэвчлэн цаашаа явж байгаагаар авчээ. Өнгөний тодролт болон бүдгэрэлт нь мөнөөх дүрслэлээ дагаад тод хурц өнгөнөөс аажим аажмаар уусган зэгэл саарал өнгө рүү шилжүүлсэн байсан. Хөгжим нь мөн адил хөгжүүн  цоглог аязаас уянгалаг намуухан аялгуу руу уусч байв. Дугуйтай хүний замын хажуугийн тэмдэглэгээ болоод хотын төвийн хурдны замтай хэсгүүд болон хамгийн сүүлд нь настай хүний төрхийг компьютер графикаар шийджээ. С.Сансаргэрэлтэх киноны зургаа зурж, төлөвлөж, зургаа өөрөө авч, текстээ өөрөө бичиж, өөрөө уншиж, хөгжим, найруулга монтаж, компьютер график зэргээ өөрөө хийсэн болохоор нэгэн цогц болон нэгдэж чадсан мэт санагдсан. Киноны хэсгүүдэд оролцсон хүмүүс ч үнэхээр мундаг байв. Мэргэжлийн биш хэрнээ энэ бүтээлд маш сайхан дүрүүдийг бүтээсэн тэднээр бахархаж байна. Жилийн дөрвөн улирлыг бүтээх гэж энэ их хугацааг зарцуулсан тэдний эр зориг тэвчээрт ч бас бахархаж байв. Хэрвээ "Сэтгэлд гал байх ахул зууханд гал олддог"ийн жишээ нь энэ бүтээл мөн.

"Анх удаа найтаалган уйлж эхэлсэн тэр нэгэн өдрөөс өнөөг хүртэлх бүх цаг хугацааны ард талд таны ээжийн ганцхан хүсэл байжээ. Гэхдээ цаг хугацаа тойрог мэт үргэлжилсээр л байна. Энэ удаа та хэн нэгний үргэлжлэл, харин дараагийн тойрог таны үргэлжлэл, үргэлжлэлийн үргэлжлэл. Нэгэн цагт чи л ганцаараа инээмсэглэж, чамайг тойрсон бүх хүмүүс уйлж байх болно". Бид мэддэг юм шиг хэрнээ анзаарч ухаардаггүй амьдралын үнэн нь энэ. Киногоо үзэгчдийн таалалд нийцүүлэх гэж элдэв "наалт", хачир чимэг зүүдгээс огт өөрөөр, зүгээр л эв энгийнээр дүрсэлсэн энэ кино магадгүй Монголын кино урлагт шинэ үзэгдэл авч ирэх ч юм бил үү? Киноны сургууль төгссөн хүмүүсийн "онолын сэтгэлгээ" нээс огт өөрөөр "задгай" сэтгэж, өөрийн зоргоороо хийсэн нь хүмүүст таалагдаж, эс таалагдах биз. Энэ бол бас "мэргэжлийн бус" миний хувийн бодол. Гэхдээ энэ киног бүтээсэн, бүтээхэд оролцсон бүх хүмүүст чин сэтгэлээсээ баяр хүргэн, талархаж байнаа. "Миний нэрийг..." гэж киногоо нэрлэсний учрыг С.Сансаргэрэлтэхээс асуусан чинь "Үзэгчид өөрсдөө тааг" хэмээн хариулсан. Энэ тааврын хариуг олох гэж та энэ киног үзэх хэрэгтэй болох нээ. Дахиад анхааралтай үзвэл илүү сайн ойлгож ч магадгүй.

*Энэ бүтээлийг facebook-ээс үзэх бол: https://www.facebook.com/sansar.sangidorjcomposer/videos/10207306612822025/

*You tube- ээc үзэх бол:

https://www.youtube.com/watch?v=-ySEKQcdbrw

I am... A film by Sansar Sangidorj/ Миний нэрийг...

A short film.

*Vimeo-оос үзэх бол: https://vimeo.com/217052202    эдгээр линкүүдээр орж үзээрэй.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Iam2

Iam3

Iam4

Iam4

Iam5

Iam6

Iam7

Iam1
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 6 сарын 05, Даваа гараг
Уншсан: 73 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 6 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3  4
  5  6  7  8  910
12131415161718
192021222324
2627282930  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл)

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл) Англи улс нэгэн цагт бүх чоноо устгачихаад, байгалын алдагдсан тэнцвэрээ тэнцүүлэхийн тулд ѳѳр... 2017 оны 5 сарын 24

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2