| 2012 оны 2 сарын 8
Дэлхийн толгой баячууд хааш хаашаагаа үсрээд л метр гаруйтай зотон даавуун дээр тосон будгаар бүтээсэн, ихэвчлэн этгээд, модернист чиглэлийн нэрд гарсан уран зургуудыг булаалдан үнэ хаялцаж, хэдэн арван сая, бүр сүүлдээ 100 гаруй сая ам.доллараар үнэ худалдан авч байна. Санхүү, эдийн засгийн хямрал дэлхийг нөмөрсөн ч тэдний энэ утгагүй мэт уралцаан, уралдаан намжсангүй, харин бүр эсрэгээр улам идэвхжлээ. Үүнийг хэрээс хэтэрсэн бэл бэнчинтэй дээдсийн зугаа, моод, өрөөл бусдынхаа дээр гарч өөрсдийгөө дөвийлгөх арга гэж үзэх нь бий. Гэтэл уран зураг гэдэг мэддэггүйд нь эрээн цоохор, мэддэгт нь үнэ цэнээ хэзээ ч алддаггүй ашигтай хөрөнгө оруулалт болоод удажээ.
Анх аль Нидерландын хөрөнгөтний хувьсгалын үед үүссэн дүрслэх урлагийн аукцион буюу дуудлага худалдаа улам төгөлдөржсөөр өдгөө бүх дэлхийг хэрсэн асар их хөрөнгө .эргэлдүүлсэн үндэстэн дамнасан корпоратив бизнес болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар үсрэнгүй хөгжсөн энэ бизнесийн дийлэнх хувийг Их Британийн “Сотбис”, “Кристис” аукцион хянадаг.
Мэргэжилтнүүдийн судалгаагаар бол алдартай уран зураг нь байшин, барилга гээд үл хөдлөх хөрөнгө, тэр ч байтугай алт, алмас зэргийн үнэт металл, эрдэнэсээс илүүтэйгээр инфляцид өртдөггүй, ямар ч үед үнээ алддаггүй, тогтвортой өсдөг найдвартай капитал аж. Ийм ч учраас нарийн тооцоотой хөрөнгөтнүүд зугаа, моод хөөсөндөө бус халаасаа зузаатгах үүднээс л уран зураг худалдан авдаг байна. Уран зураг давтагдашгүй, цорын ганц хувь байдаг тул ийн үнэд хүрдэг нь мэдээж.
Зураач, уран бүтээлчдээс гадна урлаг судлаач, шинчээч, шүүмжлэгч гээд олон хүнийг хоолтой болгодог энэ нүсэр бизнес өнөөг хүртэл буурал тив Европт төвлөрч байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай урьд хөршид уран зурагт хөрөнгө оруулалт хийх сонирхол эрс өсч, хятад шинэ баячуудын дунд уран зураг цуглуулах нэр хүндтэйгээс гадна ашигтай хообий газар авч эхэлжээ.
Испани гаралтай Францын зураач, кубизм урсгалыг үндэслэгч Пабло Пикассогийн бүтээлүүд сүүлийн 14 жилийн арвангуравт нь дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр борлогдож байсан. Тэгвэл өнгөрсөн жил дэлхийн томоохон аукционуудад Хятадын зураач Чан Дацианы бүтээлүүд нийтдээ 506,7 сая, Ци Байшигийнх 445,1 сая ам.доллар цуглуулж, нийт борлуулалтын дүнгээр АНУ-ын шүтээн зураач Энди Уорхол болон Пабло Пикассо нарын урд гишгэсэн тухай дүрслэх урлагийн бизнесийн судалгаа хийдэг Францын “Артпрайс” компани мэдээллээ.
Пабло Пикассогийн “Нүцгэн эмэгтэй, ногоон навчис, цээж баримал” гэх урт нэртэй уран зураг хоёр жилийн өмнө 106,482 сая ам.долларын үнэ хүрч, бүх цаг үед хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээл болсон билээ. Тэгвэл Хятадын уламжлалт уран зурагт шинэчлэл хийсэн, өөр өөрийн өвөрмөц арга барилтай Чан Дациан, Ци Байши нар өнгөрсөн зууны хоёрдугаар хагас хүртэл амьдарч байсан бөгөөд бүтээлүүд нь тус улсын зураачдаас анх удаа дуудлага худалдаанд 10 сая ам.долларын босгыг давсан юм. Энд дурдахад, Мао Зэдунаас Ю.Цэдэнбалд дурсгасан Ци Байшигийн бүтээл Монголын нэрт зураач Гаваагийн архивт хадгалагдаж байгаад хожим нэгэн бизнесмэний гарт орсон гэдэг.
“Артпрайс” компанийн гаргадаг дэлхийд хамгийн эрэлттэй шилдэг 450 зураачдын жагсаалт, урлагийн глобал зах зээлийн төлөв байдлын тухай тайлангаас харвал урьд хөршийн байр суурь хурдацтайгаар бэхжиж байна. Хятадын дүрслэх урлагийн зах зээл 11 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл тус улс дэлхийн энэхүү зах зээлийн 39 хувийг дангаараа бүрдүүлэх болсон гэсэн үг.
Хятадын урлагийн бүтээл цуглуулагчид өрнөдийн гэхээсээ илүү эх орон нэгт зураачдын бүтээлийг илүүтэй сонирхож байгаа нь бусад орны урлагийн дилерүүдэд Хятад зураачдыг судлах шаардлага тулгарсныг “Блумберг” агентлагийн шинжээчид онцолжээ.
Ийнхүү дэлхийн урлагийн бизнес манай урьд хөрш рүү хазайж эхэллээ. Ийм бизнес эхлэл төдий манай улсад энэ нь эерэг нөлөө үзүүлж, монгол бэлтнүүд монгол авьяастнуудынхаа уран бүтээлийг үнэлж, худалдан авах сонирхлыг өдөөвөл сайнсан.
Б. ТҮШИГ







