| 2010 оны 6 сарын 12
“Өмнөд Өфрик-2010” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр Өмнөд Солонгос – Грекийн багуудын тоглолтоор эхэллээ. Америкийн баруун эргийн цагаар өглөөний 04.30 цагт эхэлсэн энэ тоглолт сонирхолтой сайхан боллоо.
2002 онд нутагтаа болсон ДАШТ-д шөвгийн дөрөвт үлдэж шуугиан дуулиан тарьж байсан Хангүн хөлбөмбөгчид энэ тоглолтод одтой, урамтай тоглов. Тоглолт эхлээд ердөө долоохон минут өнгөрч байхад булангийн цохилтын үеэр Грекийн хамгаалагчдын давхар давхар зөрсөн бөмбөгийг Ли Жун Су чихээд эхний гоолыг оруулав. Ийм эрт орсон гоол хийсэн багтай үлэмж давуу байдал, харин алдсан багтаа тунд байдал авчирдаг билээ.
Үнэхээр ч Солонгосчууд энэ голын дараа тоглолтыг бүрэн давамгайлж, олон ч удаа довтлон гоол оруулах боломж гаргасан. Ялангуяа Солонгосын 10 дугаартай
Пак Чу Юн хаалгачийн эсрэг ганцаараа гарсан ч гоол оруулах 100 хувийн боломжийг алдсан. 2004 оны Европын аварга Грекчүүд
71 настай немец дасгалжуулагчийнхаа
заавраараа битүү хамгаалалтаас тоглодог тэр л тактикаараа тоглов. Одоо энэ арга үеээ өнгөрөөсөн болохыг тэд ойлгосон байх. 66 минут өнгөрч байхад хаалга руу ганцхан удаа цохиж байхад яау ч хожих билээ. Хоёрдугаар үеийн эхэнд Солонгосын багийн ахлагч, Английн “Манчестер Юнайтед”-д тоглодог Пак Жи Сун Грекийн төвийн хамгаалагчийн алдааг ашиглан шийдвэрлэх гоолыг оруулаа. Эртний түүхт Эллад орныхон “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр бүх л сэлгээгээ хийж довтолгоогоо сүүлийн 20 минутад идэвхжүүлсэн ч үр дүнд хүрсэнгүй ээ. Ийнхүү ДАШТ-ий анхны ялалтыг Хангүг хөлбөмбөгчид авлаа.
БНСУ - Грек – 2:0 (1:0)
Гоол: Ли Жун Су, 7 (1:0). Пак Жи Сун, 52 (2:0).
БНСУ: Чон Сон Рен, Ча Ду Ри, Ли Жун Су, Ли Юн Пе, Чхо Ен Хюн, Ли Чун Ен (Ким Жэ Сон, 90+1), Ким Жун Ву, Пак Жи Сун, Ки Сон Юн (Ким Нам Иль, 74), Ем Ки Хун, Пак Чу Юн (Ли Сын Юл, 87).
Грек: Цорвас, Сейтаридис, Винтра, Торосидис, Пападопулос, Циолис, Кацуранис, Карагунис (Пацацоглу, 46), Харистеас (Капетанос, 61), Гекас, Самарас (Салпигидис, 59).
Шар хуудас: Торосидис, 56.
Шүүгч: ХЕСТЕР (Шинэ Зеланд), Хинц (Шинэ Зеланд), Макасини (Тонга).








