| 2010 оны 6 сарын 27
Хөлбөмбөгийн дэлхийн цомын төлөөх бүтэн сарын марафон замынхаа талыг хэдийнэ туулаад байна. Шилдэг 16 баг хоорондын халз тулаан дөрвөн өөр тивийн багуудын өрсөлдөөнөөр эхэлснийг хөлбөмбөг сонирхогчид андахгүй мэдэж байгаа. Өмнөд Африкийн ногоон талбайд шөвгийн 16-гийн тоглолтуудын салхийг хагалж Өмнөд Америкийн Уругвай, Азийн Өмнөд Солонгос, Африкийн Гана, Хойд Америкийн АНУ-ын багууд анхлан гарсан.
Ердөө 3.5 сая хүн амтай Уругвай өөрийн өрсөлдөгч Өмнөд Солонгосоос цол гуншингаараа хавьгүй илүү. Хамгийн анхны ДАШТ-ий аварга энэ баг цолоо нэг удаа баталж чадсан түүхтэй. Хамгийн сүүлд 40 жилийн өмнө Мексикт болсон ДАШТ-ээр шөвгийн наймд шалгарч байсан билээ. Тэгээд ч Оскар Табаресын дасгалжуулсан энэ баг Португалийг эс тооцвол хэсгийн тоглолтонд өөрийн хаалганд бөмбөг алдаагүй энэ тэмцээний цорын ганц баг.
Өмнөд Солонгосын хувьд нутагтаа болоогүй ДАШТ-д хэсгээсээ шалгарсан анхны тохиолдол энэ байв. Хэсгээсээ шалгарах гэж бие бялдрын хүвьд хавьгүй илүү Нигеритэй хайнцах гэж нэлээд хүч гаргаж айдгаа авдартаа хийсэн. Уругвайн багтай урд зүгийн солонгосчууд урьд өмнө таван удаа учрахдаа дөрөв ялагдаж, нэг хайнцсан статистиктэй.
Тоглолт үнэхээр сонирхолтой өрнөсөн. Өмнөд Солонгосын хаалгач, хамгаалагчдын үл ойлголцлоос болж дөнгөж найм дахь минутанд Уругвайн довтлогч Суарес эхний гоолыг хоосон хаалганд тайван гээч шигтгэсэн. Харин солонгосчууд үүнд сандраагүй. Довтолгоогоо улам эрчимжүүлж хэд хэдэн гоол хийх боломжийг алдсаны эцэст тоог тэнцүүлсэн шүү дээ.
Ширүүн бороо эхэлмэгц Уругвайн ширүүн довтолгоо ч эрчимжиж төдөлгүй өнөөх л Суарес маш сайхан гоолыг солонгосчуудын хаалганд оруулж дөнгөсөн. Азийн багт хайнцах хэд хэдэн боломж байсан ч өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж дөнгөөгүй. Аливаа өрсөлдөөнд аль нэг тал нь ялж, нөгөөдөх нь ялагддаг учраас яалтай ч билээ. Уругвай шөвгийн найм руу шалгарч, Өмнөд Солонгос гэрийн зүг хөлгийн жолоо атгах боллоо.
Өөр өөрсдийн тивээ ДАШТ-д төлөөлж үлдсэн цорын ганц багууд бол АНУ, Гана байв. Тоглогчдынхоо дундаж насаараа энэ тэмцээний хамгийн залуу баг болох Гана Уругвайн адил өрсөлдөгчийнхөө хаалганд тоглолт эхлээд удаагүй байхад гоол оруулж дөнгөсөн. АНУ харин өмнөх тоглолтуудынхаа нэгэн адил эрт гоол алдаж хоёрдахь үедээ хүчээ шавхан илүү сайн тоглодгоо дахин харуулсан даа. Зүй ёсны торгуулийн цохилтоор тоог тэнцүүлсэн АНУ өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаах боломжуудаа харин ашиглаж чадаагүй.
Нэмэлт цагт яалт ч үгүй залуу багийн эрч хүч давамгайлж Африкаас үлдсэн цорын ганц "дайчин" шилдэг наймд хүч үзэх эрхээ авлаа.
Ийнхүү эхэндээ ялагдаж яваад эцсийн мөчүүдэд, бараг л Холливудын кино шиг "Happy end"-ээр тоглолтоо төгсгөдөг байсан АНУ-ын баг тэмцээнээ орхилоо. АНУ-ын үзүүлсэн гайхамшиг төгссөн ч тэд эх орондоо Өмнөд Солонгосын багтай нэгэн адил толгой гудайлгахгүй буцна гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Хөлбөмбөгийн дэлхийн цомын төлөөх шилдэг 16-гийн сэтгэл догдлуулсан тэмцэл ийнхүү эхэллээ.







