| 2010 оны 6 сарын 25
Сүүлийн өдрүүдэд хүн төрөлхтний, нэн ялангуяа эрэгтэй хэсгийнх нь дунд хамгийн их анхаарал татсан зүйл бол анх удаа хар тив Африкт өрнөх болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд. Вувузел бүрээний эгшгинд "Жабулани" бөмбөгөөр наадан дэлхий нийтийг хөгжөөсөн тив тивийн шилдэг 32 багаас тэн хагас нь дараагийн шатанд шалгарч, тэн хагас нь Өмнөд Африкт баяртай гэж хэлэх нь. Баяртай гэж хэлсэн багууд дунд өмнөх ДАШТ-ий аварга Итали, аваргын төлөө өрсөлдсөн Франц орно гэж төсөөлсөн хүн ховор биз. Өмнөх ДАШТ-ий шилдэг хоёр баг хэсгээсээ гараагүй төдийгүй, хэсэг тус бүртээ сүүл мушгисан тохиолдол анх гарав. Францын дасгалжуулагч, тоглогчдын дунд гарсан зөрчил хэсэгтээ л хэвлэл мэдээллийнхний "хадаас" материал болох шив. Италийн хувьд ДАШТ-нд анх удаа оролцож байгаа Словакийн эсрэг хийсэн хэсгийнхээ сүүлчийн шийдвэрлэх тоглолтонд сүүлчийн 10 минутанд л сэрч, гайхамшгийг бүтээх шахсан ч чадаагүй. Хэтэрхий оройтсон байв. Тэгээд ч өнгөрсөн дөрвөн жилийн мөчлөгт Марчелло Липпигийн удирдсан алдарт азурри нар "өтөлсөн" гэдэг нь хэсгийн анхны тоглолтоос илт байв. Словакийн хурдтай довтолгоонуудыг тогтооход найдвартайгаараа хэзээний алдартай Италийн хамгаалалт дэндүү удаан харагдсан.
Ер нь Өмнөд Африкийн ногоон талбай хоёр тивд ээлтэй, өөр хоёр тивд харш байх шиг. Ээлтэй тивийн нэг нь мэдээж Өмнөд Америк. Тус тивийг төлөөлсөн Аргентин, Бразил, Уругвай, Парагвай, Чили гээд бүх баг дараагийн шатанд шалгарах болоод байна. Эдгээр багууд дээр тэртээ тэргүй Латин Америкийн нэг хэсэг гэгддэг Мексикийг нэмж ч болохоор.
Хэсгийн тоглолтонд түүнчлэн Азийн багууд үнэхээр сайн оролцлоо. Өмнөд Африкт шар тивээс гурван баг л оролцож буй. Нэг нь Япон, нөгөө хоёр нь Хойд, Өмнөд Солонгос. Гурвуулаа дараагийн шатанд гарахад хэцүү "үхлийн" гэгдэх хэсгүүдэд сугалаагаар хувиарлагдсан. "В" хэсэгт ихэнх ажиглагчид Аргентин, Нигерийг дараагийн шатанд гарна гэж таамаглаж байсан. Гэтэл Өмнөд Солонгос Грекийг цэврээр тавиад Африкийн гол найдвар Нигеритэй хийсэн шийдвэрлэх сүүлчийн тоглолтонд үнэхээр сайн тоглож, зүй ёсоор супер од асан Марадонагийн удирдсан супер одуудын Аргентины дараа хэсэгтээ хоёрт шалгарч шилдэг 16-гийн эгнээнд ороод байна.
Мөн л эвгүй "Е" хэсэгт хүчээ үзсэн Наран улсын хөлмбөгчид Нигеритэй адил хар тивийн найдвар болж байсан хүчтэй Камеруныг буулгаад, "нисдэг" холландуудад ялагдсан ч шийдвэрлэх тоглолтонд Данийн туршлагатай багийг далаар нь тавьж дараагийн шатанд шалгарлаа. Тоглолтын эхний үед хаалттай торгуулийн цохилтоос хоёрантаа даниудын хаалгыг мялаасныг хөлбөмбөг сонирхогчид харсан биз ээ. Үнэхээр гайхалтай цохилтууд. Хойд хөрш Оросын ЦСКА багийн довтлогч Хонда өөрийн амидаа "Хонда" мотороос дутахгүй хүч хурдтайгаа харуулж багаа ялалтанд хүргэсэн.
Хойд Солонгосын хувьд дэлхийд чансаагаараа 105 дугаарт бичигддэг, энэ ДАШТ-ий "битүү морь" баг. Эхний тоглолтдоо дэлхийн шилдэг баг Бразилтай маш сайн тоглож хоёр бөмбөг алдсан ч нэг хариу гоол оруулсан билээ. Харин Өмнөд Африкт болж буй өвлийн хүйтэн бороонд Португалийн багт хиар цохиулсан. Уг нь 1966 онд анх ДАШТ-д орохдоо Португалийн хаалганд эхний үед гурван бөмбөг хийж бөөн шуугиан тарьж байсан. Португал хоёр дахь үедээ домогт довтлогч Эйсебиогийн ачаар шившигт ялагдлаас мултарсан түүхтэй. Хойд Солонгос сүүлийн тоглолтдоо Зааны ясан эргийн багийг ялбал Азийн гурван улс Африкийн гурван улсыг хэсэгтээ сүүл мушгиулна гэсэн үг. Нэг ёсондоо Ази Африкийг 3-0-ээр ялах болно гэхүүдээ.
Тэгэхээр Өмнөд Африкийн ногоон талбай юуны түрүүнд чухам хар тивд л ээлгүй болж байх шиг. Гол найдвар Нигери, Камеруны багууд хэсэгтээ сүүл мушгив. Зааны ясан эрэг ч шилдэг 16-д орох хөг нь үндсэндээ өнгөрсөн. Талбайн эзэн Өмнөд Африкийн баг Францыг сүүлийн тоглолтдоо ялсан ч мөн л хэсгээсээ шалгараагүй. Шилдэг 16-д Германд ялагдсан Ганын баг л азтайгаар багтав. Германыг ялсан Серб гэнэтхэн ногоон тивийн Австралид ялагдаагүйсэн бол ч...
Европын багуудад ч энэ дэлхийн аваргын хэсгийн тоглолтууд амаргүй болж өнгөрсөн. Дээр хэлсэнчлэн Итали, Франц хэсэгтээ сүүл мушгиж, нутаг буцсан. Мөн Грек, Дани, Серб, Словени ч ханиндаа хуучин тивээ зорив. Англи, Герман сүүлийн тоглолтдоо л хэсгээсээ шалгарч дөнгөсөн. Хамгийн итгэлтэй тоглсон нь Холланд л байх шив.
Номхон далайн хоёр орон энэ ДАШТ-д зодуурын хүүхэд биш гэдгээ нотолсныг мөн тэмдэглүүштэй. Австрали ч, Шинэ Зеланд ч зөөлөн самар биш гэдгээ дэндүү харуулсан. Шинэ Зеланд хэсэгтээ нэг ч ялагдаагүй юм. Австралийн хувьд Сербийг ялж шуугиулсан билээ.
Өөр нэг тэмдэглэх зүйл гэвэл Англи-саксуудын давхар ялалт. "С" хэсэгт сүүлчийн тоглолтдоо Англи, АНУ хоёр маш сайн тоглож хоёоул хэсгээсээ шалгарсан шүү дээ.
Ямар ч драмын зохиолоос илүү, сюрприз, гэнэтийн өрнөлөөр дүүрэн, инээд, нулимс, баяр, гуниг бүхнийг агуулсан хөлбөмбөгийн хамгийн том шоу үргэлжилсээр. Вувузелийн эгшгинд бөмбөг бүр ч бөөрөнхий болж, ялалт ялагдлын заагийг бүр ч ойртуулж байна уу даа...







