59
(20 үнэлгээтэй, дундаж 3.95 / 5)
Бичсэн: Ц.Энхтүвшин
|
2008 оны 7 сарын 8
Монгол оронд маань болсон үймээн, самуун олон
хүний сэтгэлийг эмзэглүүлж, сэтгэл санаа сүүлийн хэд хоногт гундуу байсныг
хэлэх юун. Тал шигээ уужим тайван, хоцорсон даагыг өхөөрдөж, унасан бөхийг
түшиж авдаг эмзэг уяхан сэтгэлтэй өвөг дээдсийн үр сад бие бие рүүгээ хүйтэн
зэвсэг агсаж, галдан шатааж, тонож дээрэмдэж, эрдэнэт хүний амь эрсдэж байхад
яаж ч сэтгэл амар суух билээ. Нам болон талцан тоглож, нэг нэгийгээ үгүйсгэн,
дунд нь зовсон зон олноо золиосолж байгааг харахад үнэхээрийн хэлэх үг олдохгүй
юм. Уг нь бид чинь аль нэг нам хөдөлгөөн гэхгүй адилхан л морин туурайгаар
дэлхийн талыг тамгалж, хэзээ ч байгаагүй, цаашид байх ч үгүй хамгийн хүчирхэг
Монгол Гүрнийг байгуулж явсан Эзэн Чингисийн үндэс угсаа, үр хойч шүү дээ.
Ийм
л үед эв эеээ хичээж, элдвээр улс төржихгүйгээр эрүүл ухаанаар Монгол Улсынхаа
эрх ашгийг хамгийн түрүүн тавьж, албан тушаал, авах идэхийн шуналаа хазаарлах
цаг ирснийг ард түмэн чинь хүсч буй байхаа, Эрхэм түшээд, Элбэгээ, Баяраа
даргаа!
Дэнж
хотойлгосон, дэлгэр Монголын маань наадам айсуй. Ашдын бэлгээс амны бэлгэ гэж
ухаант өвөг дээдэс маань сургадаг. Хүнд хэцүү хар өдрүүд дахин бүү тохиогоосой,
Монгол түмэн маань эвтэй найртай, тайван сайхан амьдраасай хэмээн сүүн цацал өргөе!
Бэлгэ дэмбэрэлээ бодож Монгол
түмнийхээ наадам баяр хөөрөөр дүүрэн байгаасай гэсэндээ , бага ч гэсэн уур
уцаараа дарж, ухаан бодлоо ариусгаасай гэсэндээ Та бүхэндээ дараахь хэдэн
наргиаг толилуулж байна.