| 2008 оны 11 сарын 20
Холестрол гэдэг нь тослог эд бөгөөд , үүнийг бидний элэг шүүн гаргаж, түүнийг липид хэмээн нэрлэдэг. Холестрол нь бидний биеийн эс болгонд оролцож, эрүүл эс бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Холестролын эх үүсвэр нь бидний идсэн хоол унднаас шалтгаалдаг. Липид-өөх тос нь биеийн үйл ажиллагаанд оролцож мөн гормонуудыг үүсэж бий болоход чухал үүрэгтэй.. Холестрол нь бидний цусанд липопротейн хэмээн нэрлэгдэх уургийн нэгдлийг үүсгэн эргэлдэнэ. Холестрол нь хэдийгээр ашигтай боловч байх ёстой хэмжээнээс хэтэрвэл эргээд хортой нөлөө үзүүлдэг. Холестрол ихэссэн үед илүүдэл өөх тос артерийн судасны хананд хуралдан хуримтлагдаж, судасны ханы уян хатан чанарыг алдагдуулан, эргэлдэж буй цусаар хангалттай хэмжээний хүчилтөрөгч бусад эрхтэнд очиж чадахгүйд хүрснээс тархинд цус харвалт, зүрхэнд шигдээс болгодог.
Бидний цусаар иийнхүү эргэлдэж буй холестрол буюу липопротейн нь өндөр нягтралтай, бага нягтралтай (HDL, LDL) хэмээх хоёр янз байдаг байна.
Бага нягтралтай липопротейнийг (low density lipoprotein - LDL) - "муу" холестрол хэмээх ба энэ нь бидний биед ашиггүй, хэрвээ их хэмжээтэй хуримтлагдах юм бол эрүүл мэндэд ноцтой байдал үүсгэдэг.
Хоёрдахь хэлбэр - өндөр нягтралтай липопротейн (high density lipoprotein - HDL) - нийг "сайн" холестрол хэмээх бөгөөд учир нь биед буй илүүдэл холестролыг элэг рүү буцаж очиж шимэгдүүлэхэд тусалдаг. Иймээс энэ төрлийн холестрол өндөр байвал ашигтай.
Мөн липидийг зөөвөрлөгч бас нэг липопротейн байдаг. Үүнийг триглицерид хэмээн нэрлэдэг. Триглицерид өндөр байх нь холестрол ихсэхтэй адил эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлдөг. Нийт холестрол (total holestrol) өндөр байвал тэр нь триглицерид өндөр буйг харуулж байгаа үзүүлэлт юм. Иймээс триглицерид бага байх нь бидний биед ашигтай.
Холестрол өндөр байх шалтгаан, хүчин зүйлүүд
Холестрол ямар хэмжээнд байх нь танаас өөрөөс, мөн таны гэр бүлийн түүхээс хамаарна. Зарим хүнд удамшлын гентэй холбоотойгоор холестролын түвшин өндөр байдаг. Тэд хэдийгээр хоол ундаа тохируулж, дасгал хийсээр байсан ч холестрол өндөр байсаар байдаг. Үүнийг гэр бүлийн гиперхолестронеми гэж нэрлэдэг.
Хүн бүр өөрийн холестринийг хянаж байх ёстой. Ялангуяа зарим бүлгийн хүмүүс онцгойлон анхаарах шаардлагатай. Үүнд:
- Тамхичид
- 45-аас дээш насны эрчүүд
- 55-аас дээш насны эмэгтэйчүүд
- Чихрийн шижин өвчтэй хүмүүс
- Даралт нь ихэсдэг хүмүүс
- Гэр бүлдээ зүрхний өвчний түүхтэй хүмүүс
Холестролын тоонууд
Америкийн Анагаах Ухааны ҮндэснийХүрээлэнгийн Холестролын Үндэсний Сургалтын Программаас холестролын хэмжээг ямар хэмжээнд байхад зөв зохистой гэж үзэх вэ? гэдгийг судлан тогтоосон байна. Үүнд:
Тотаl cholestrol (нийт холестрол)
200 mg /dl -ээс доош- нормын доод хэмжээ
200-239 mg /dl -хэвийн
240-mg /dl -ээс дээш бол өндөр байна гэж үзнэ.
LDL-c буюу бага нягтралтай липопротейн
100mg /dl -аас доош нормын доод хэмжээ
130-159mg /dl-хэвийн
160-189mg /dl -өндөр
190mg /dl -аас дээш хэт өндөр
HDL -C буюу өндөр нягтралтай липопротейн
60mg /dl буюу түүнээс дээш бол өндөр
40mg /dl -аас доошгүй бол бага байна гэж үзнэ.
Триглицерид
150mg /dl -аас доошгүй бол хэвийн
150-199mg /dl -өндрийн доод хэмжээ
200-499mg /dl -өндөр
500mg /dl түүнээс дээш бол хэт өндөр хэмээн үзнэ.
Холестролын тест
20 -оос дээш насныхан таван жил тутам холестролын түвшинг шалгуулах естой. Хэрэв та өөх тостой хоол илүү иддэг бол , хөдөлгөөн багатай бол, зүрхний өвчтэй бол, гэр бүлийнхээ түүхэнд зүрхний өвчний түүхтэй бол энэ тест таны хувьд чухал байх болно. Энэ тестийг хийлгэснээр холестролынхоо түвшинг хэвийн хэмжээнд барьж, зүрх-судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Хэрэв таны холестрол хэвийн биш байвал эмч таныг ойр ойрхон давтан үзүүлэхийг зөвлөх бөгөөд энэ нь эмчилгээний тактикийг боловсруулж буй хэрэг юм. Холестролын түвшин жирэмсэн, төрсний дараах 6 долоо хоногт өндөр байдаг учир энэ үед тест хийлгэхээ хүлээх хэрэгтэй.
Хэрэв та өөрийн холестролын төлөө санаа зовж, түүнийгээ хянах хэрэгтэй гэдгийг үнэхээр ойлгож буй бол хооллолтондоо хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Та бүхэнд холестролын түвшинг бууруулахад хамгийн ихээр нөлөөлж чадах таван төрлийн хүнсийг санал болгож байна.
Овьёосон тэжээл (Оаtmeal) - Овьёос нь уусдаг ислэгийг агуулсан байдаг
ба энэ нь бага нягтралтай буюу муу холестролыг бууруулахад тусална.
Ислэг агуулсан хүнсүүд: бөөр хэлбэрт вандуй, алим, чавга, арвай, лийр
жимс. Энэ уусдаг ислэг нь хоол боловсруулах замд ороод өөх , тосыг
шимэгдүүлдэг байна. Өдөрт 10 граммаас дээш уусдаг ислэг хэрэглэх нь
нийт холестрол, муу холестролийг (LDL) бууруулахад хүрэлцээтэй. 350
грамм орчим буюу нэг аяга хагас овьёосон тэжээл нь 6 грамм ислэгтэй
тэнцдэг. Хэрэв банан зэрэг жимс нэмж идвэл 4 грамм ислэг нэмж идсэнтэй
адил болно. Өглөөний цайн дээр хэрэглээрэй.
Хушга ба самар - Судлаачид хушга цусан дахь холестролыг бууруулдаг
гэдгийг тогтоосон. Хушга, самранд агуулагдаж буй тосны ханаагүй хүчил
нь судасны ханыг эрүүл , уян хатан байхад тусалдаг байна. Гэвч бүх
самар өндөр илчлэгтэй байдаг. Их хэмжээгээр хэрэглэвэл илүүдэл жинтэй
болох хандлагатай тул хэмжээтэй хэрэглэхээс аргагүйд хүрдэг. Хушгыг
бяслаг, талхны үйрмэг, мах, салаттай хамт хэрэглэвэл зүгээр.
Загас ба омега-3 - Загасны мах холестролын түвшинг бууруулахад
нөлөөлдөг. Учир нь загасны маханд омега-3 гэдэг өөхний хүчил
агууллагддаг. Энэ өөхний хүчил нь цусны даралтыг бууруулж, цусны
нөжрөлтийг сааруулдаг байна. Загасны тос , омега-3 өөхний хүчлийг
хэрэглэснээр зүрхний шигдээс болох урьдчилсан нөхцлийг бууруулах
боломжтой гэж үздэг. Долоо хоногт 2 -оос доошгүй удаа загас идэхийг
зөвлөж байна. Май загас, хар амар, сардин, туна, нуурын загасууд
омега-3 өөхний хүчлийн өндөр агууламжтай байдаг. Гэвч загасаа зөв
бэлдэж хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Загасыг жигнэх буюу ил задгай гал
дээр шарвал сайн. Мөн омега-3 тосны хүчил нь канолийн тосонд их
хэмжээтэй байдаг. Мөн омега-3 нэмэлт бүтээгдэхүүнийг бас сонгож
хэрэглэж болно. Хэрэв та омега-3 нэмэлт тэжээлийг сонгож байгаа бол
загасны мах болон хоолон дээрээ мөн л хэрэглэсээр байх хэрэгтэй.
Оливийн тос - Оливийн тос нь антиоксидантуудын холимогийг агуулсан
байдаг. Эдгээр антиоксидантууд нь муу холестролыг бууруулж, сайн
холестролыг хэвийн түвшинд барьж байхад тусалдаг. Оливийн тосын өдрийн
хэрэглээ нь хоолны халбагаар 2 удаа буюу 23 грамм. Энэ хэмжээгээр өдөр
бүр хэрэглэх нь зүрхийг эрүүл байлгахад хангалттай хүрэлцэээтэй. Энэ
тосыг салаттай хольж , эсвэл салатны амтлагчийн хамт цуутай хольж мөн
мах шарж идэхдээ ч хольж хэрэглэж болно.
Стерол, станолынг агуулсан хүнс - Стерол, станолынг агуулсан хүнсүүд
холестролыг бууруулахад тусалдаг. Маргарин, оранж шүүс, тарганд стерол,
станол өндөр хэмжээгээр агууллагддаг. Энэ нь муу холестрол буюу (LDL) - ийг бууруулахад нөлөөлдөг. Стерол, станолын өдрийн хэрэглээ нь 2
грамм. 1 стаканаар 2 удаа оранже шүүс хэрэглэхтэй тэнцэнэ.
Юугаар хооллож байхыгаа эхлээд сайн бодолцох хэрэгтэй. Та холестролынхоо төвшинг хэвийн барьж, өндөр байвал түүнийгээ бууруулахын тулд идэх хоолоо яаж өөрчлөхийг сайтар бодож төлөвлөх хэрэгтэй. Тослог ихтэй зүйлийг багасгах шаардлагтай. Ханасан тосны хүчлүүд таны холестролыг ихэсгэдэг. Ханасан тос нь өөхтэй мах, зарим тосонд их байдаг.. Транс тос нь жигнэмэг, бялуунд их байдаг. Эдгээрийг хэрэглэснээр муу холестрол өгсөж сайн холестрол буурах болно. Иймээс өдрийнхөө хоолны 10% -иас хэтрэхгүйгээр ханасан тосыг агуулсан хүнс хэрэглэхийг танд зөвлөж байна.
Б.Сэлэнгэ (Чикаго хот)




