| 2011 оны 8 сарын 25
Амьдралын дасгалжуулагч
“Бухимдаж стресстсэн хүмүүсийн хооронд хүчирхийллийн харилцаа л зонхилж байдаг. Энийг эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрх чөлөөг мэдэрч, өөрийгөө үнэлж хүндэлж эхэлсэнээр, өөрчлөх бүрэн боломжтой.” хэмээн ярьсан “Амьдралын дасгалжуулагч” Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сангийн “Чадварлаг Эмэгтэй” төслийн зохицуулагч Батсүхийн Мөнгөнтуяа маань саяхан “Бэрхшээл ба Боломж” номоо олны хүртээлд толилуулсан юм. Мөн тэрээр манай вэб хуудсаар маань дамжуулж уншигчдад Монгол эмэгтэйчүүдийн амьдралд тулгардаг асуудлаар мэргэжлийн зүгээс зөвөлгөө өгч байх боллоо.
“Амьдралын дасгалжуулагч” хэмээх мэргэжлийн сайхныг нь мэдэрч өөрийн амьдрал дээрээ хэрэгжүүлж, бусдад ч туслах гэсэн их хүсэлдээ хөтлөгдөн өөрийн амьдралыг, монголчуудынхаа сайн сайхны төлөө зориулж яваа эгэлхэн хирнээ агуу их үйлсийн төлөө хөдөлмөрлөж яваа нэгэн бүсгүйг “БИДНИЙ БАХАРХАЛ” булангийн зочноор урьж ярилцлаа.
- За сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Таньтай ярилцах сайхан боломж олдож байгаад бид их таатай байна. Өөрийн тань тухай цахим нет сайтаас уншиж танилцаж байсан. Одоо Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан (МЭХС)-тай хамтарч ажилладаг завшаанаар илүү танил боллоо, гэхдээ манай уншигчид таны талаар сайн мэдэхгүй байх, эхлээд энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
Баярлалаа, сайн сайн байна уу. Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Эхлээд миний тухайд гэвэл би яахав Англид амьдардаг жирийн нэг Монгол охин (инээв). Мөнгөнтуяа гэдэг нэртэй ч ихэвчлэн хүмүүс намайг Моника гэдэг нэрээр маань илүү мэддэг. Амьдралын Дасгалжуулагч гэдэг содон сонихон мэргэжлээ ашиглаж хүмүүст хүрч үйлчилдэг тийм л хүн. Сүүлийн жилүүдэд ажил, хичээлийнхээ хажуугаар одооноос л бие дааж ажиллах цаг боломж олж авч байгаа юм. Би 2 хүүгийн ээж. Лондонд, ер нь гадаадад амьдарна гэдэг чинь өөрөө угаасаа цаг завтай уралдаж гүйсээр байж бүтээдэг юм болохоор хажуугаар нь МЭХС-гаар дамжуулж бас Монгол Эмэгтэйчүүддээ үйлчлэх бас нэг боломжтой ажиллаж байгаадаа их бахархаж байгаа.
Та ажилладаг, сурдаг, бас хүүхэдтэй ээж хүн. Аль ч талаараа манай эмэгтэйчүүдэд "Чадварлаг эмэгтэй" төслийг Лондонгоос удирдан ажиллуулах амаргүй нь мэдээж. “Чадварлаг” байхаас ч аргагүй байх тийм үү? Ойрын үед хийх ямар ажил төлөвлөгдөж байна. Бусад улс оронд амьдарч байгаа эмэгтэйчүүдтэйгээ холбоотой, хамтрах боломж бий юу?
“Чадварлаг эмэгтэй” гэдэг төслийн маань нэр их гайхалтай гоё үг шүү. Би өөрөө “Чадварлаг” гэдэг алдар нэрийг өөртөө зүүж мэдэхгүй байна. Одоохондоо бол чадвар эзэмших гэж л мэрийдэгт нь орох байх. Ямар ч хүн чадварлаг амжуулж бүтээх л хүсэлтэй явдаг. Нөгөө талаар чадсан үедээ их аз жаргал, сэтгэлийн таашаал мэдэрдэг. Би тийм таашаалыг олон удаа авах дуртай донтой хүн (инээв). Гадаадад байгаа Монгол Эмэгтэйчүүдийн хувьд маш их боломж байна. Мэдээж Монголд байгаа нь бол улам л их боломжтой байх шүү. Одоо интернет гэдэг чинь газрын зайг товчилдог сайхан хэрэгсэл байна. Интернетээр л бүх ажлаа амжуулдаг шүү дээ манай МЭХС-ийн бүсгүйчүүд. “Чадварлаг Эмэгтэй” төсөл маань дэлхийгээр тархсан гайхалтай Монгол эмэгтэйчүүдийнхээ амжилтын туршлагыг хуваалцаж бусад эмэгтэйчүүдийнхээ амьдралын хүнд хэцүү үед нь найдвар төрүүлчих гайхалтай сүлжээний суваг болгох гэсэн юм. Бид л ярьж хэлж мэддэггүй болохоос биш Монгол Эмэгтэйчүүд маань үнэхээр гайхалтай хатуужилтай хүмүүс шүү дээ. Тэднийхээ гайхамшигтай нууцыг хуваалцах нь миний мөрөөдөл. Одоохондоо бид Англи, АНУ-д байгаа эмэгтэйчүүдийнхээ ажил амьдралын түүх бололцоог л гаргах гэсэн юм. Цаашдаа бол мэдээж улам л цар хүрээгээ тэлнэ.
-Монголын өнөөгийн энэ нийгэмд, " Амьдралын дасгалжуулагч" гэдэг
шинэ мэргэжил бий болж байгаа нь ёстой л цагаа олсон сайхан мэргэжил гэж бодож байна. Хөгжиж байгаа орны, нийгмийн ороо бусгай цагаас болж, хүмүүсийн зан, чанар, нэр хүнд, ажил мэргэжил ч гэх юмуу, сөрөг үр дагвараас болж , амьдралын олон тулгамдсан асуудлууд иргэн бүрт тохиолдож байдаг, яг энэ үед л таны туслалцаа зөвлөгөө хэрэгцээтэй байгаа. Энэ талаар танд хандсан хүмүүс байна уу.
-Өө байлгүй яахав. Ялангуяа ном хэвлэгдэж гарсанаас хойш маш олон хүмүүс утасдаж имэйлдэж байгаа. Үнэхээр хүмүүс асуудлаа шийдэх шийдэхдээ нэг мөсөн арилгах хүртэл юм хийхийг зорьсон хүмүүстэй бол цаг аваад тусд нь зөвлөгөө өгдөг. Хүний гарыг харж амьдралдаа дахин золиос болохгүй хүсэлтэй хүмүүст л хүчтэй нөлөө үзүүлдэг байх. Тэд маш богино хугацаанд амьдралаа өөрчлөх алхамаа хийж чаддаг. Надтай маш олон хүмүүс холбоо барьдаг. Одоо гаргаж байгаа цагаасаа илүү цагийг дасгалжуулалтанд зориулах хэрэгтэй болчихоод байгаа. Тэгээд ирэхээр илүү хүмүүст хүрч чадах байх. Одоогоор бол хамгийн гарт ойрхон асуудлуудаас авч үзэхэд миний ном байна. Өнгөрсөн жилүүдэд ажилласан нилээн олон хүмүүсийн амьдралын туршлага түүхийг тэр номонд оруулсан байгаа. Яах аргагүй Монголын өнөөгийн нийгэмд тулгардаг асуудалуудийн талаар тэр номондоо оруулах гэж хичээсэн.
Бас нэг өөр арга нь бол манай МЭХС-ийн вэб хуудсаар дамжиж www.Monwdf.org “Эмэгтэйчүүдийн хувийн асуудал”-ыг захидалаар явуулж болно. www.Freezone.mn вэб сайтын “Захидал ирлээ” булангаар дамжуулж “Гэр бүлийн асуудал”-ыг захидалаар ирүүлж болох юм. Жоохон дутагдалтай нь энэ захидалуудад маш нийтлэг зөвхөн асуугдсан зүйлдээ л хариу авч болно. Хүн болгон өөр болохоор нарийвчилсан тухайн хүний жинхэнэ мөн чанарт тохирсон харилцааг үүсгэж болдоггүй юм. Бусдаар бол энэ хамгийн хялбар арга байх.
-Яагаад ч юм эмэгтэйчүүд амьдралынхаа турш эвлэрэх, уучлах, өөрчлөх зэрэг нь илүү юм шиг ажиглагддаг энэ талаар та өөрөө ямар бодолтой байдаг вэ?
Би тантай санал нэг байна. Би эмэгтэй хүнийг биширдэг. Тэр тусмаа ээжийнхээ амьдралтайгаа эвлэрэх, уучлах, өөрчлөх тэр бүх тэсвэр тэвчээрийг би үнэндээ ээжээсээ харж биширсэн. Манай аав бол яахав муу хүн байгаагүй, гэхдээ л олон талаараа манай ээжийн сэтгэл зүрхэнд байсаныг нь ойлгож нөхөж чаддаггүй байсан. Манай аавыг өнгөрсөн тэр жилүүдэд ээж маань маш их ядарч туйлдсан байсан. Хүмүүс ч олон янзаар ярьж, өөрөө ч тэрэндээ сэтгэл гундуу явдаг байсан. Бид эхлээд уг нь мөнгө хийж суръя гэж бодоод бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлд юм и ухдаг байсан. Мөнгө олохын тулд надад хамгийн гарын дор миний төлөө гэдэг болохоор нь ээжийгээ л гуйсан юм. Гэтэл ээж маань надад туслая гэсэн сэтгэл нь байвч яг яаж гэдгээ мэдэхгүй, өөрийгөө нэг л үнэлж чадахгүй, бид хоёр арга эвээ нэг л олохгүй байсан. Тэгээд би ээжийгээ сэргээж өдөөж чаддаг түлхүүрийг олох урлагт суралцах хүсэлд аажимдаа хөтлөгдөж орсон. Үнэхээр тэр жил л амьдрал намайг дасгалжуулагч болоход хөтөлсөн, би ээжийгээ сэтгэл хангалуун бизнес эмэгтэй болгож өөрчлөхийн тулд өөрийнхөө бүх оюун ухаанаа зарцуулж байсан. Өөрөөр хэлбэл, Монголынхоор 50 гарсан, хэн ч тоохоо больсон, ганц бие бэлэвсэн хөгшин авгай гэдэг хүмүүсийн ойлголтыг өөрчилж чадсан. Бид 2 мөнгөгүй байж хүмүүсийн боломжгүй гэдэг юмнуудыг боломжтой гэдгийг нотолж чадсан. Тэр бүх замыг ээж маань л надтай хамт алхаж байсан. Би дасгалжуулагчид сурсан болгоноо ээж дээрээ туршиж байсан гэх үү дээ (инээв). Ээжийн маань амьдрал надад хүн хэзээ ч амьдралаа өөд нь татаж өөрчилж болдог гэдгийг баталсан. Ямар ч хөгшин байж болно, юу ч мэддэггүй байж болно, хүнд дээрэлхүүлж элдэвээр дуудуулдаг байж болно, завгүй зайгүй байж болно, боломжгүй байж ч болно, харин хүн өөрөө хүсвэл юуг ч бүтээж бий болгож чадна гэдгийг баталж байгаа юм шиг өөрийгөө өөрчилж чадсан гайхалтай хүн. Ийм ээжтэй хүн эмэгтэй хүний хүч чадлыг бахархахаас илүү яах билээ дээ. Тиймээс ч би өнөөдөр эмэгтэйчүүддээ илүү хүрч ажиллахад хялбархан санагддаг. Магадгүй эмэгтэй хүний зовлонг илүү ойлгодог, зовлонгоор нь дамжуулж тэднийг зоригжуулах хүч чадлыг олгохыг хичээдэг болсон.
Гайхалтай сонин түүх байна. Өнөөгийн монгол эмэгтэйчүүдийн хувьд таньд санаа зовнидог зүйл юу байдаг вэ? Монгол Эмэгтэйчүүдийг Хөгжүүлэх тал дээр таны бодож байгаагаар?
Миний хамгийн их сэтгэл эмзэглэдэг зүйл бол эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн асуудал. Монголчууд бид угаасаа гэр бүлийн нээлттэй орчинд өсөж бойжоогүй. Эрэгтэй хүн тийм, эмэгтэй хүн ийм байх ёстой гэсэн маш болхи нийтлэг үзлээр өсөж хүмүүжсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл бид хүйсний эрх тэгш байдал гэж өнгөн яриад байгаа боловч яг нарийн учир ялгааг нь ойлгодоггүй. Нөхөр нь эхнэртээ гар хүрэх, доромжлох, дээрэлхэх, үг хэлээр хэлэх нь маш жирийн үзэгдэл мэт. Бухимдаж стресстсэн хүмүүсийн хооронд хүчирхийллийн харилцаа л зонхилж байдаг. Энийг эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрх чөлөөг мэдэрч, өөрийгөө үнэлж хүндэлж эхэлсэнээр өөрчлөх бүрэн боломжтой. Өөрийгөө хэн гэдгээ мэддэг, үзэл бодлоо зүрх сэтгэлээ ойлгож чаддаг хүн адаглаад түүнийгээ бусдад зөөлөн аргаар ойлголцож хамтдаа шийдэлийг олох боломж олж харж чадна. Харин өөрийгөө хөгжүүлж чадаагүй эмэгтэйчүүд маань ихэвчлэн хүний эрхэнд амьдрах нөхцөл рүү өөрийн эрхгүй гулсаж олдог. Түүнийг би эмэгтэйчүүддээ ойлгуулж хөгжүүлэх юмсан гэж мөрөөддөг. Өнгөндөө тэгэх ёстой, ингэх ёстой гэж хэлдэг ярьдаг хүмүүс их бий л дээ, гэхдээ өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлаж тааламж авч чадахгүй эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүдийн 70, 80 хувийг эзэлнэ гэдэгт би лавтай хэлж чадна. Үнэндээ Монголчуудын амьдрал маш ядуу, хүнд байна шүү дээ. Түүнийг эмэгтэйчүүд л зохицуулж гэр бүлээсээ эхлэн өөрчлөлт хийж чадна гэдэгт би итгэдэг. Эрэгтэйчүүдийг үгүйсгэж байгаа юм биш шүү. Эрчүүдийн дунд хийдгээ хийдэг мундаг хүмүүс их байдаг. Харин ямар ч эрэгтэй хүнд эмэгтэй хүний хайр, дулаан орчин үгүйлэгддэг. Түүгээрээ эрэгтэй хүн амьдралын тааламжийг илүү их авна.
- Саяхан Орлоо. сом.д өгсөн ярилцлагаас үүдэн хүмүүс,энэ “Бэрхшээл ба
Боломж” номыг авах сэтгэгдэл их ирж байна. Энэ ном гадаадад байгаа хүмүүст хэрхэн хүргэх гэж байна. Хүрэлцээтэй юу?
- Хүмүүс номыг маань уншаад сэтгэгдэл өндөртэй байгаа нь надад их урам хайрласан. Үнэхээр л хүмүүст хүргэе гэж хичээсэн хэдэн жилийн ажлын минь хөдөлмөр энэ номонд шингэсэн юм болохоор аль болох л хүнд сайн хүргэж, номоороо дамжуулж бусдын амьдралд тулгараад байгаа бэрхшээлийг боломж болгож хувиргахыг л хүссэн. Номыг эхний ээлжинд Англи, АНУ, Швед улсуудад борлуулахаар тохирсон байгаа. Гэхдээ тээврийн асуудал яг одоогоор надад тулгараад байгаа юм. Гадаад руу аваачихад тээврийн зардал нь маш өндөр, түгээлт нь тархуу байршилтайгаас шалтгаалаад зохион байгуулахад их төвөгтэй байдаг юм байна. Гэхдээ нэг асуудлаа зохицуулаад найдвартай системтэй болчихвол бүх улсуудад л хүргэх зорилго байгаа. Чадвал энэ ондоо багтаагаад amazon, ebay дээр байрлуулчих санаатай ажиллаж байна. Тэгвэл дэлхийн аль ч улсад байсан ялгаагүй номыг хаягаараа хүргүүлэхээр захиалах боломжтой болох байх. Энэ үйлчилгээний гайхалтай нь хэрэгцээнийх нь хэрээр хэвлэж гаргадаг болохоор аль аль талынхаа эрсдэлийг давхар шийдэж байгаа юм байна лээ. Бусдаар бол Монголд хэвлэсэн номоо л онгоцоор хэдэн улс руу явуулж байгаа даа. (инээв)
- Мэдээж өөрийн тань тухай мэдсэн хүн бүр лекц, семинарт чинь сууж,
биеэр оролцох сонирхол их байгаа энэ боломжийг хэрэв, ---- хүсвэл?
- Баярлалаа, яг энэ тал дээр надад хийх зүйл маш их байгаа. Цахим хичээлээ одоохондоо уншихаар цацаж байгаа, гэхдээ л саяхан гарсан өнгөрсөн жилийн судалгаанаас харвал дэлхийн 14 оронд амьдардаг Монголчуудад хүрсэн байсан. Дөнгөж 2 дахь жилдээ явж байгаа цахим хичээл маань ингэж сайн тархана гэж санаанд ороогүй. Одоохондоо ажиллагаа ихтэй болохоор видеогоор хийж амжихгүй яваад байгаа. Ирэх жилийн захиалга авахаасаа өмнө видеогоор хичээлээ бичдэг болгох бодолтой байгаа. Ялангуяа үнэ ханшний хувьд ч бас хямдхан байлгачих санаатай л ажиллаж байна. Удирдах Ур Чадварын сургалт маань харин зөвхөн Лондонд байгаа хүмүүст зориулж явагдах байх. Хүмүүст тархаж өдөр тутмын эрч хүч өгөх тал дээр бол цаг хугацааны л асуудал байна.
-Гадаад орнуудад олон жилээр амьдардаг монголчууд их байгаа.Англи, Америк гэх мэтчилэн, Тэдэнд зориулж номоо англи хэлэн дээр хэвлүүлэх бодол байна уу?
- Манай найзууд, гадны үйлчлүүлэгчид харин надаас ингэж маш их асууж байгаа. Яагаад Монгол хэл дээр биччихэв гэж гайхаад байсан. Би зүрх сэтгэлийн дуудлага л гэж хариулдаг. (инээв) Дараагийн ээлжинд Англи хэл дээр болгож бичье гэвэл англи хэлний сэтгэхүйтэй хүмүүст зориулж зарим хэсгийг нь өөрчлөх байх. Энэ ном чинь өөрөө Монгол сэтгэхүйтэй Монгол хүмүүсийнхээ амьдралын бэрхшээл дээр тулгуурлаж бичигдсэн юм шүү дээ. Тэгэхээр Монголчуудын амьдралын дотоод асуудлыг гадныхны өмнө бас гаргахаас зайлсхийгээд, номны тал нь шинэчлэгдэж бичигдэнэ гэсэн үг л дээ. Гэхдээ үнэндээ боломжгүй юм биш байх. Намайг энд айлын цэвэрлэгч гэдгээр нь хүмүүс таньж хүлээж авч, хайрладаг байсан. Тэр гайхалтай хүмүүсийнхээ ачаар л өнөөдөр надад ихийг бүтээх урам ухаан суусан гэж би боддог. Номоо Англи хэл дээр хэвлүүлтэл дор хаяж жил хоёр жилийн зай байгаа байхаа.
- Бидэнд өөринхөө тухай илэн далангуй ярилцлага өгсөнд баярлалаа.
Цаашдын тань ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, олон сайхан хүмүүсийн амьдралд, гэрэл гэгээ бэлэглэх болтугай гэж ерөөе.
Баярлалаа. Та нартаа бас ажлын амжилт хүсье.
Цахим ярилцлагыг:
Боржигон овогт М.Сэмжид
Нийт сэтгэгдэл (4)
RSS1. nice
2. ...
Nomiig ni surtalchilahaar yariltslaga avsan um bn tiim u.
Ene busguin uzel bodol sanaa enehuu yariltslagaar ilersengui. Yamartai ch yaduu bj bgaad amidral ni deeshilseniig l olj medelee. Mash yoronhii oilgoltuud bn minii bodloor.
3. saihan zuilsiig bodoj , hiij yavaa ene busguid amjilt husei!
Jaahan uuluh zuil gevel yariltslaga avsan hun n yamarch onoj saihan zuilsiig asuuj chadsangui bolovuu, gehdee asuultuud n bol uneheer tuhain hunee baharhsan ongo ayas baigaa n haragdaj bn, ternii buruu gej baihgui l dee. Yariltslaga avah ur chadvart n Semjid busguid ch gesen amjilt husei!







