Medeelel
(2 үнэлгээтэй, дундаж 5.00 / 5)
Арав гаран жилийн өмнө юмсан. Зүдүүхэн цагийн ядуу оюутан явлаа. Тарчигхан оюутны байрандаа шуугиантайхан суудаг байлаа бид. Утга зохиол, сэтгүүлийн ангийнхан болохоор дэврүүхэн гэж ч жигтэйхэн. Шүлэг зохиолоо шүлс үсэргэн уншицгааж, шөнийн дэлгүүр рүү ганц юманд харайж, жижүүр авгай нарыг найрч явсан үеээ одоо санахад дурсамжтай ч гунигтай ч юм шиг.

Манай тасагаар "том "зохиолчдын десант байсгээд л бууна. Том зохиолчид гэдэг нь тухайн үед уран бүтээлээрээ олонд танигдаж 90-ээд оныхноосоо ялгарч эхлээд байсан Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Л.Содномнамжил тэргүүтэй хэсэг найрагчид. Бас тэднийг дагалдан баясч ч гэх үү эсвэл дагуулан явж нэр нүүрийг нь ашигладаг ч гэх үү хэсэг нөхөд ёс юм шиг хамт явах. Одоо цагийнхаар бол менежер юм даг уу. Зүйрлэвэл аварга загасны шүдний завсар орсон махаар хооллон дагаж явдаг өчүүхэн жижиг загасны сүрэг гэлтэй. Мээнэжэрүүд маань сүрхий мээнэжмэнттэй. Утга зохиолын чиглэлийн сургууль, тэнхимүүд, оюутны байраар явж уран зохиолч болох хүсэл мөрөөдөлтэй мань мэтийн шалдан оюутнуудын тав арван цаасыг шоглоно.

Манай УБИС-ийн(одоогийн МУБИС) монгол хэл, уран зохиолын тэнхим хэзээний хөлтэй газар болохоор болохоор тэр хавиар бүр ч илүү гүйдэлтэй. Мөнөөх аварга загаснуудаа дагуулж ирээд л

-За дүү минь нөгөө найрагч тэр ах чинь энэ шүү дээ. Танилцвал хойчдоо чамд мөн ч хэрэгтэй дээ гэнэ дээ.

Мэдээжийн хэрэг найрагч ахтай танилцсны харамжинд архи барьж таарна. Тэгээд л нийлээд архидаж гарна даа. Жижиг загаснууд байсгээд л том загасныхаа төлөө хундага өргөж тэдний агуу ихийг зарлан тунхагладагсан. Харин нөгөө том найрагчид нь өдгөө бидний дунд алга.

Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга, Л.Содномнамжил, Бат-Орших гээд ерээд оны эхээр Монголын утга зохиолын хаалгаар түрхрэн орж ирэн нэгэн шинэ түрлэг болж явсан залуусын сорууд нь цагаасаа эрт орчлонгоос буцчихаж. Шүдний махаар хооллогч загаснууд харин аанай л янзаараа их сургуулиуд, хэвлэлийн бирж, шар сонинуудын хооронд таваргасаар л яваа дуулддаг юм. Хамаг цэцэгс хагдараад дууссан байхад шарилж тэргүүтэн хогийн ургамалууд өвөл цасан доороос сөрдийж хаврын хөх хавсарганаар хамхуул далбайтал хийсч явдагтай зүйрлэмээр юм уу даа.

Шүдний махаар хооллодог сүрэг загас зөвхөн утга зохиолд тохиолдсон үзэгдэл ч биш юм. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц. Чинзориг, Х. Билэгжаргал дуучин Адарсүрэн, Цэрэнчимэд, Мөнхбаяр гээд цагаасаа эрт хагдарсан урлагийн алдартнуудыг тоочвол мөн ч урт жагсаалт болно. Улс төрийн шарилжнууд бол урлаг, утга зохиолынхоос олон бөгөөд аюултай. Сүүлийн арав гаран жил хичнээн ч мундаг улс төрчид цаг бусаар халин одов. С.Зориг, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Ж.Наранцацралт гэхчлэн нэрс цаашаа хөвөрнө. Харин тэдний төлөө хундагаа өргөж, улыг нь долоон долдойдож зулгуйдаж явсан жижиг загаснууд энэ цагийн өнгийг тодорхойлж яваа юм биш үү.

Монголчууд бид чадалтай, авьяастай сор болсон хүмүүсээ хайрлаж чаддаггүй юм болов уу даа. Найрагч ах нартаа зориулсан хэдхэн шил архиндаа би харамсахгүй. Тэдэнтэй цуг наргиж дарвиж шүлэг зохиолоос нь сонсч явснаа харин ч азтайд тооцдог. Гагцхүү тэр сайхан билэг авьяасыг аяга тагш архиар арилжиж байсан хогийн ургамалуудад үнэн голоосоо дур гутдаг.

Ш.Уянга маань өнгөрчихлөө. Ахдаа гашуудал тайлах ганц юмны мөнгө өгөөч гэж гуйрамчилж явсан ичих нүүргүй найрагч нэртийг харж л явлаа.

Цэцэгс хагдардаг, харин хогийн ургамал амь бөхтэй юм байна лээ.

Нийт сэтгэгдэл (5)

RSS
1. niitlel tani negiig bodogduulav.
bodol sanaa, hiisen buteesneeree hundlegdej hairlagdaj yavdag tedgeer "akuluud" horvoog orhihdoo hurtel surgamj heleh met...
uran buteeliin ongod erooye!
Бичсэн: eren | 2011 оны 12 сарын 07 | IP: 108.92.108.xxx
2. Choinyam
Edgeer khumuusd Khair dutagdsan bish, kharin ted khairiig daagaagui yavsan yum uu daa.

Choinyam agsan arai l tasarkhai baij dee. Kharin ene khund unekheer khair, khalamj dutagdsan yum daa.

Tengert odson ta nukhdiin ner uurd dursagdaj yavag!
Бичсэн: negen mongol | 2011 оны 12 сарын 07 | IP: 97.83.179.xxx
3. agaar
agaar gedeg ni bidnii ergen toirond baidag
Бичсэн: a anhaa | 2011 оны 12 сарын 08 | IP: 124.158.66.xxx
4. ...
Amiddaa bie bienee hairla, humuus ee
Aliv saikhan bukhnee busdaas buu haramla,

Hunii horvood sain ch bii, muu ch bii,
orchlongoos dandaa sain ni bas yavdag gevel.,
Бичсэн: kind energy | 2011 оны 12 сарын 08 | IP: 81.203.128.xxx
5. demjigch
yag unen sain hun saarch muu hun gaardag tsag ye yabj bgaa gedeg unen bhaa
Бичсэн: sarantsetseg | 2011 оны 12 сарын 13 | IP: 124.158.76.x

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy

Нийтлэгч: Ө.Пүрэвсүрэн (Элссэн огноо - 2011 оны 2 сарын 18, Баасан гариг)

Энэ нийтлэгчийн бусад нийтлэл

wstowing
wilmetteauto
lifestream